Цагаатгалтай холбоотой асуудлыг шийдэж өгөхийг хүлээж байна
Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд  мэдээлэл хийлээ.
Тэрээр, энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг дурдаад хэлмэгдэгчдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байгаа хэдий ч  цагаатгагдаагүй цөөнгүй хүмүүс үлдсэн байх магадлал бас байдаг юм. Тиймээс Улсын комиссын зүгээс эрх нь зөрчигдөж, хохирсон, нэр төр нь гутаан доромжлогдож хэлмэгдүүлэлтэд ямар нэг хэмжээгээр өртөгдсөн нэг ч хүнийг үлдээлгүй цагаатгах бодлогыг барьж ажиллаж ирсэн. Харамсалтай нь нотлох баримт, сэлт нь устгагдсан байж болзошгүй сураг төдий цөөнгүй хүний хэрхэн яаж хэлмэгдсэн нь тогтоогдохгүй байгааг тэмдэглэв.

Тэрээр цааш нь цагаатгалын ажлын явцын талаар товч мэдээлэхдээ, цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа  болон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд болох нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байгаа тухай ярив.
Мөн  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс  2013 онд өнөөгийн мөрдөж ирсэн хуулийг шинэчлэх томоохон нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар оруулсан боловч төсөв хөрөнгийн боломжгүй гэдэг шалтгаанаар Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн билээ. Нэгэнт Засгийн газар дэмжээгүй учраас уг хуулийн төслөө УИХ-д өргөн барих шаардлага хангагдахгүй болж мухардсан. Өнөөгийн мөрдөгдөж буй хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгуулах  шаардлага үндэслэлийг гаргаж хугацааг сунгуулах тухай хуулийн төслийг 2014 оны эцэст боловсруулж УИХ-д өргөн барьчихаад байж байна. УИХ энэ намрын чуулганаар шийдэж өгөх байх гэсэн хүлээлттэй байгааг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог онцлон хэллээ.

Маргааш болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх хүрээнд Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн суварга хөшөө, нийслэлийн төвд байрлах Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд төр, засгийн тэргүүн нар болон хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд, олон нийтийн төлөөлөгчид цэцэг өргөх ажээ. Мөн Монголын Үндэсний төв музейд “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.