Д.Отгондалай: Аваргын төлөөх тулаанд зайлшгүй ялалт байгуулах ёстой байсан
Тайландын Бангкок хотноо боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэ тэмцээнээс манай тамирчин Д.Отгондалай алтан медаль хүртэж, монголчуудаа баярлуулсан. Тэгвэл өчигдөр Боксын холбоо медаль хүртсэн тамирчиддаа хүндэтгэл үзүүлэх үеэр түүнтэй ярилцлаа.

-Азийн наадмын алтан медалиа Азийн аваргын алттай ихэрлүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Өнгөрсөн жил Азийн наадмын аварга болсон. Энэ жил Ази тивийн аварга болж, амжилтаа баталлаа. Үнэхээр баяртай байна.

-Азийн аваргын ринг хэр хатуу байв?

-Ази бол дэлхийн хамгийн том тив шүү дээ. Тэр утгаараа тулаанууд бүгд маш хүнд байсан. Эхний тойрогтоо Индонезийн тамирчинг ялаад, хоёрдугаар тойрогт эзэн орны боксчинг 3:0-оор буулгаж авсан. Тэгээд Узбекстан, Казахстан гээд Азийн шилдэг тамирчидтай хүнд тулаан хийж, алтан медаль авсан даа.

-Финалын тулаан нэлээд хүнд болсон. Тэр тулааны талаар ярьвал?

-Мөнгөн медалийн төлөө Узбекстаны тамирчинтай тулалдаж байгаа сүүлчийн раундад хөмсөг задарсан.  Тэр үед янз бүрийн л юм бодогдож байлаа. Маргааш нь баг хамт олноосоо ганцаараа үлдсэн болохоор ялалт байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Тийм болохоор аваргын төлөө маш болгоомжтой тулалдсан даа. 

-Дэлхийн аварга ойрхон байна. Энэ удаагийн дэлхийн аваргаас Олимпийн наадмын эрх олгоно шүү дээ. Хамгийн хариуцлагатай тэмцээн дөхөж байна даа?

-Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ихээхэн онцлогтой байлаа. Жин бүрийн эхний долдугаар байрт шалгарсан тамирчид дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Манай дөрвөн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Аравдугаар сарын 5-нд Катарын Доха хотноо болно. Тун хариуцлагатай тэмцээн. Бэлтгэл, сургуулилтаа сайн базаагаад л оролцоно доо. 

-Шүүлтийн хувьд нэлээд булхайтай байсан. Тэр дундаа Казахстаны тамирчдад илүүтэй ялалт өгч, шүүж байлаа. Финалд Казахстантай үлдэхэд юу бодогдож байв. Луйвардуулах ч магадлал байсан гэдэг үүднээс асуугаад байна л даа?

-Казахстаны 5-6 тамирчин финалд шалгарчихсан байсан. Миний тулааныг харин шүүгчид үнэнчээр шүүсэн.Би Азидаа жиндээ нэгээр эрэмбэлэгдсэн байсан. Рейтинг дээгүүр байсан болохоор шүүгчид улаан цагаан луйвардах нь гайгүй байлаа. 

-Азийн наадамд түрүүлсэн. Азийн аварга болчихлоо. Дэлхийн аваргад чансаа өгсч орох байх. Хэсэг толгойлох уу?

-Сая Азийн аваргад оролцохын өмнө дэлхийд зургадугаарт жагсч байсан. Азидаа нэгдүгээрт бичигдэж байлаа. Одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө чансаа шинэчлэгдэж гарах байх. Ямар ч байсан нэг хэсэг толгойлох байх гэж бодож байна.

-Хэсэг толгойлоод ирэхээр медальд хүрэх боломж өндөрсөнө гэсэн үг шүү дээ?

-Ерөнхийдөө медаль авах боломж бол байгаа. Манай эрх авсан тамирчид бүгд л дэлхийн аваргаас медаль авах боломжтой. Сая манай тамирчид нэлээд олон медалиа алдлаа.
 
Монголы мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.