Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал
Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам  толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байгаа, гол хүндрэл нь хаанаас эхлэлтэйг сонирхоё. Төлбөрийн тэнцэлд энэ оны эхнээс гарсан өөрчлөлтүүд өнөөг хүртэл хадгалагдаж байна. Тухайлбал, гадаад худалдааны бланст гарсан эерэг өөрчлөлт хэвээр. 
Сүүлийн 10 сар дараалан гадаад худалдаа ашигтай гарчээ. Иймд энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 600 сая  ам.долларын ашигтай гарав.

Үүнийг өнгөрсөн жи­лийнхтэй харьцуулбал илүү байгаа юм. Энэ нь төлбөрийн урсгал дансны алдагдал буурхад гол үүрэг гүйцэтгэж буй. Ингээд төлбөрийн урсгал дансны алдагдал энэ оны эхний хагас жилд 330 сая ам.доллар болж буулаа. Тэгэхээр төлбөрийн урсгал данс сард 50-60 орчим сая ам.долларын алдагдал хүлээж байна. Урд нь 2011-2013 онд төлбөрийн урсгал дансны алдагдал ДНБ-ий 27 хувьтай тэнцэж байв.  Одоо ДНБ-ий зургаан хувьтай тэнцэх болжээ. Төлбөрийн урсгал дансны алдагдал буурхын хирээр улсын гадаад валютын нөөц, ханшийн огцом өсөх дарамт буурна гэсэн үг. 

Гадаадын хөрөнгө оруу­лалт төдийлэн сэргэхгүй хэвээр. Монголбанкны судалгаагаар энэ он гарснаас хойш ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн аж. Өнгөрсөн онд 427 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Тэгвэл Монголбанкны тооцоогоор энэ жилийн эхний долоон сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт  143.8 сая ам.доллар  байна.  Манай улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдыг татах гэж хичээж буй. Гэвч төдийлэн сэргэхгүй өнөөг хүрсэн. Иймд Монголбанк мөнгөний бодлогоо өөрчлөх суурь нөхцөл бүрдэхгүй байгаа гэж хэлж болно. Нэг ёсондоо  хөрөнгө оруулалт сэргэх хүртэл төв банк мөнгөний бодлогоо сулруулахгүй нь гэсэн үг. 
Төлбөрийн урсгал данс, санхүүгийн дансны нийлбэр буюу төлбөрийн  тэнцэл нь хосолмол алдагдал хүлээж ирсэн. Энэ алдагдлыг арилгахыг сүүлийн гурван жилд зорьж буй. Хосолмол алдагдал гэдгийг төлбөрийн тэнцэл, улсын төсөв хоёрынх гэж ойлгож болно. 

Тэгэхээр энэ онд төлбө­рийн тэнцлийн алдагдлыг энэ онд тэглэх, улмаар ашиг­­тай гаргахыг зорьж бай­гаа. Монголбанкны мөнгө­ний бодлого үүнд л чиглэж буй юм. Үр дүнд нь энэ оны эхний зургаан сард төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарав. Ингээд долдугаар сарын үзүүлэлтийг харвал төлбөрийн тэнцэл 82 сая ам.долларын ашигтай байна. Тэгэхээр он дуустал энэ эрчээ хадгалж чадвал төлбөрийн тэнцэл ашигтай гарах нь. 

Улсын төсөв жилд дунджаар 18 хувиар тэлж ирэв

Манай улсын эдийн засгийн өсөлт долдугаар сард гурван хувьтай гарав. Үүнийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нь алдагдалгүй төсөв байдаг. Иймд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал улсын төсвийн алдагдлаа бууруулж тэнцвэртэй гаргахыг зорих ёстойг  илтгэж  буй юм. Манай улсын төсөв ер нь алдагдалтай гарч ирсэн.  Улсын төсөв ашигтай, орлого, зарлагын бланс нь тэнцвэртэй гарсан жил тун цөөхөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ч төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх заалт бий.  Тэгэхээр төсвийн бодлогоо шинэчилж заавал алдагдалтай, төлөвлөсөн мөнгө нь бүрдэхгүй байх магадлалтай зүйл батлахаас татгалзах шаардлагтай билээ. Учир нь өнөөгийн хүндрэлийн гол шалтгааны нэг нь төсвийн хэт тэлсэн бодлого явуулсанд оршино. Төсөв бүрдэлт гадаадын шууд хөрөнгө оруулалт, орох валютын урсгалтай нягт холбоотой. Төсөв гэхээр орлого төвлөрүүлдэг. Үүнд үндэслэж зарлага төлөвлөдөг. Тэгээд орлого нь зарлагаасаа давбал ашигтай, бланс баривал болж байна, зардал хэтэрхээр алдагдал хүлээдэг гэсэн ойлголт нийгэмд бий. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төсөв юунаас хэрхэн хамаардгийг нь сайтар ойлгох учиртай. 2008 оноос өнөөг хүртэл манай улсын төсвийн 90 орчим хувийг татварын орлого бүрдүүлж иржээ. Энэ орлогын дийлэнх нь импортын бараан ногдуулдаг гаалийн татвар, НӨАТ байдаг. Тухайлбал, дээрх хоёр татвар нь улсын төсвийн орлогын 20-25 хувийг бүрдүүлж байгаа юм. Дунджаар тооцвол улсын төсвийн орлогын гурав, дөрвөн төгрөг тутам нь уг татваруудаас бүрддэг гэдэг.  Гэтэл импортын барааг бид гадаад валютаар авдаг. Уг валют нь  гадаадын хөрөнгө оруулалт, экспортоос орж ирнэ. Эндээс харвал манай улсын төсвийн орлого нь гадаадын валютын орох урсгалаас ихээхэн хамаарч иржээ.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого өндөр байх үед улсын төсөв жилд дунджаар 18 хувиар тэлж ирсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хэн нэг нь мөнгөө бариад орж ирэх, Хятадын зах зээл дээрх зэс, нүүрс, алтны үнээс бидний аж амьдрал шалтгаалдаг болсон гэсэн үг. Энэ нь манай улсын төсөв эмзэг тогтворгүй орлогод суурилан тэлж ирснийг  илтгэнэ. Төсвийн тэлэлт нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, хүн бүрт тараасан бэлэн мөнгө болон зарцуулагдсан билээ. Иймд гадаад валютын орох урсгал татархаар улсын төсөв тэжээлгүй болж бүрдэхгүй байна. Тэгэхээр гадаад валютын урсгалаас улсын төсөв хамаардаг байдлыг бууруулах ёстой болж буй юм. Хэрэв төсвийн орлогын энэ алдаагаа даруй засахгүй бол эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарч чадахгүй. Иймд энэ оны төсөвт хийх тодотгол, ирэх жилийн төсвөө бодит байдалд нийцсэн, болж өгвөл ашигтай гарахаар төлөвлөх нь чухал. Улсын төсөв тэлэх нь эдийн засгийн тогтвортой найвдартай өсөлтөд гол нөлөөтэй. Гэхдээ тэр тэлсэн хөрөнгө нь эдийн засгийн аль салбарт хэрхэн зарцуулагдах нь чухал. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын 97 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Орж ирж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь мөн л тус салбарт ногдож улсын төсвийг тэлж орхисон. Иймд төсвийн бодлогоо өөрчилж  тэр ашигт малтмалын лиценз олголт, олборлолтоос тэлсэн мөнгийг нь гадна боловсруулах үйлдвэр рүү  залах ёстой болж байна.
 
Импортын барааны инфляцад үзүүлэх нөлөө хоёр дахин багасчээ  

Одоогоор инфляц 6.9 хувьтай болсон. Инфляцын нам түвшин нь 5-7 хувь хэмээн эдийн засагчид үздэг.  Монголбанк энэ онд инфляцыг долоон хувь барих зорилт дэвшүүлсэн. Үүндээ ч хүрлээ. Харин  үүнийгээ эргүүлээд хоёр оронтой тоонд алдаж болохгүй.  Инфляц ингэж буурсан нь эдийн засаг цаашид тогтвортой байхыг илтгэж нэг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, иргэдийн түрийвч, нуруун дээр ирдэг ачаалал дээрх хэмжээнээс хэтрэхгүй байгааг илтгэнэ. Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн бизнес, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаа төлөвлөхөд гол хөтөч нь болдог. Хэдийгээр инфляц буурсан ч нийлүүлэлтийн шок үүсэхгүй бол нам түвшиндээ байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сард нэг кг нэгдүгээр гурилын үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. 

Үүнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн билээ. Нөгөө талаар Манай улсын эдийн засагт  улирлын нөлөөлөл их. Тухайлбал, наймдугаар сард хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой их, дээд болон хувийн хэвшлийн сургуулийн сургалтын төлбөр, хувцас, бичгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан жил бүрийн наймдугаар сард инфляц өсөх хандлага байдаг.  Энэ үед импортын бараа, гадаад валютын  эрэлт өсч төгрөгийн ханш сулардаг. Ингээд импортын барааны үнийн өсөлт инфляцад нөлөөлдөг билээ. Гэвч энэ онд импорт буурсан. Иймд  долдугаар сард импортын барааны инфляцад үзүүлэх нөлөө хоёр дахин бага байгаа аж.  Харин зуны улиралд төмс, хүнсний ногооны үнэ өссөн ч  ургац хураалт эхлэхэд буурч, аажмаар тогтворжих төлөвтэй юм. Гэтэл энэ жил хур бороо оройтож орсон, байгаль цаг уурын тааламжгүй байдлаас ургац хураалт оройтсон тул төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байна. Дээр нь үр тарианы ургац, өвлийн цаг агаарын байдал нийлүүлэлтийн гаралтай инфляцад нөлөөлнө. 

Сүүлийн жилүүдэд Мон­голбанк, Засгийн газар хамтарч нийлүүлэл­тийн гаралтай инфляц хөөрөгдөхгүй байх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл,  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөл­бөр хэрэгжүүлсэн юм. Энэ нь үр дүнгээ өгч эдийн засгийн өндөр өсөлтөөс нэг оронтой тоонд хурдтай унахаас сэргийлсэн. Өөрөөр хэлбэл, хэт өндрөөс зөөлөн газардах боломж олгосон билээ. Монголбанк  энэ жил уг хөтөлбөрөөс гарлаа.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хөнгөлөлттэй зээл авсан компаниуд  зээлээ хэвийн төлж буй аж. Одоогоор уг хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл оны төгсгөлд 200 тэрбум төгрөг болох график бий. Ирэх онд бүрэн төлөгдөнө. Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн урхаг нь ашигт малтмалын экспорт, хөрөнгө оруулагч хэмээх мөнгөтэй эрхмүүдийн ааш зангаас шалтгаалдаг улсын төсөвт буй.  Өнөөдөр манай улс ашигт малтмалаа олборлоод л экспортолж байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарт боловсруулах үйлд­вэр хөгжүүлэх нэн тэргүүний шаардлага байгаа юм. Ашигт малтмалын үнэ өсч буурах давтамжтай байдаг. Иймд нэг салбараас, түүний бүтээгдэхүүний үнэ ханшаас шалтгаалж буй улсын төсөв, эдийн засгийн бодлогоо нэн даруй өөрчлөе. 
Т.Жанцан
Бусдад түгээх
  • gplus