Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
Өнгөрөгч наймдугаар сард МАН-ын зургаан сайдыг танхимаасаа хөөсөн Шийдлийн Засгийн газар бүтэн сарын хугацаанд бүрэн бус ирцтэйгээр хуралдав. Сайдаа хүлээж буй зургаан яамны ажил зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч тавьсан ч сайд солигдохоор бид ч бас солигдоно гэсэн хүлээлттэй яамдын ажилчид ажлаа ор нэрийн төдий гүйцэтгэж, дараагийн ажилдаа орох бэлтгэлээ базааж суугаа билээ. 

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Ч.Сайханбилэг сайд танхимаа элэг бүтэн болгох шийдвэргаргалаа. Тодруулбал, төрийн гурван өндөрлөг, улс төрийн намууд, фракци бүлэглэлийн зөрчлийн гол шалтгаан болж байсан асуудлаар тэд зөвшилцөлд хүрч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнгөрөгч баасан гарагт зургаан сайдын нэрийг өргөн мэдүүллээ. 

Хуульд заасан хугацаа нь энэ сарын 6-нд дуусах байсан учраас Ерөнхий сайд аргагүй байдалд орж сайдуудын нэрсийг өргөн мэдүүлэв үү гэж хардах шалтгаан байгаа юм. АН-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нэгдсэн саналтайгаар сайдуудын нэрсийг өргөн барьсан гэсэн үг биш гэдгийг Ерөнхий сайд зурган сайдын нэрийг өргөн мэдүүлснийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолсон. 

Тэрбээр, намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг нэг хүн хаших ёстой. Харамсалтай нь АН-д хоёр өөр хүн хашиж байгаа учраас АН-ын дарга сайдуудыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. Мөн Ерөнхийлөгчтэй зургаан сайдыг зөвшилцөхөөр хүргүүлсэн ч Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн нь зургаан сайд бүх хүний дэмжлэгийг авч чадаагүйг харуулав. Сайдын суудалд хэн очих вэ гэсэн яриа гарч эхэлсэн нэг сарын хугацаанд олон хүний дунд өрсөлдөөн бий болсон. Бүр сонгуулийн мөнгө босгох зэвсэг болгосон гэх яриа ч гараад амжсан. Дэд сайдын суудал 100 саяд хүрсэн талаар АН-ын зарим гишүүд ам алдаж байв. 

Сайдад санаархагчдаас тунаж, есөн сарын хугацаанд салбар толгойлох эрхийг намаасаа авсан хүмүүс бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг, Г.Баярсайхан, М.Зоригт, Б.Болор нар. Дандаа давхар дээлтэй сайдууд. Сайдуудаа бүгдийг нь УИХ-аас томилох ёстой гэх АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр биелэлээ олжээ гэсэн үг. 

Ерөнхий сайдын УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн мэдүүлснээс харвал Шадар сайдад Ц.Оюунбаатар /МАХН/, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ /МАХН/, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэг /МҮАН/, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан /АН-Шонхор/, Зам тээврийн сайдад М.Зоригт /АН-МоАХ/, Сангийн сайдад Б.Болор /АН-МҮДН/ нарыг тус тус өргөн мэдүүлжээ. Ингэснээр эвслийг бүрдүүлж буй хоёр нам, АН-ын гол фракциуд элдэв маргаангүйгээр суудлаа хувааж авчээ. 

Олонхийг бүрдүүлж буй АН, 11 суудалтай “Шударга ёс” эвсэл ойлголцолд хүрч чадсан учраас нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн хуралдах чуулганы хуралдаанаар ганц нэгхэн асуулттайгаар ногоон гэрлээр сайдын суудалд очих нь ээ. Тэд нэгэнт намаасаа дэмжлэг авчихсан учраас УИХ дээр гацах нь юу л бол. Дээр хэлсэнчлэн есөн сарын сайдад салбар удирдаж байсан туршлага, аль нэг яамны дэд сайдаар ажилласан байх, төрийн албанд тэдэн жил ажилласан байх зэрэг шалгуур тавигдаагүй нь лавтай. Улс төрийн намуудын тохироогоор л сайдууд орж ирсэн. Бодлого нь тодорхой болчихсон яаманд очиж гарын үсэг зурах, албан уулзалт хийн“цаг нөхцөөж” суутал бүрэн эрхийн хугацаа нь дуусах учраас тийм чадвартай, ийм туршлагатай, энэ салбарыг удирдаж чадах хүн биш, мөн гэсэн “том” дүгнэлтийг энэ удаад хийх нь илүүц биз ээ.

Эвсэл жендэрийг чухалчлав 

Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг ард түмэн хүний эрхийн хуульч гэдгээр нь илүүтэй мэднэ. МАХН-ыг дахин сонгохоосоо өмнө Монголын намбусчуудын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. 2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургуулийг дүүргээд 1984 онд Иванов хотын Их сургууль, 1994 онд Москва хотын УУУА-н академи тус тус төгссөн. Хуульч, эдийн засагч, Эрхзүйн болон бизнесийн магистр, ОХУ-ын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрх зүйн институтын доктор цолтой. 

УИХ-ын гишүүнээр 2000-2004 онд ажиллаж байсан бол, дахин 2012 онд намын жагсаалтаар УИХ-д орж иржээ. Хэрвээ Н.Энхбаяр, Э.Батшугар нарын аль нэг нь УИХ-д орж ирсэн бол тэрбээр урдуураа улаан шугам татуулах байсан. Ц.Оюунбаатар гишүүний хувьд олон салбарт ажилласан байсан универсал нэгэн. Сум дундын прокурор, Улсын прокурорын Ерөнхий хяналтын газрын дарга, “Талх чихэр” ХК-ийн Ерөнхий захирал, Улсын татварын Ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалыг хашч явжээ. Эзэмшсэн мэргэжил нь эрхзүйч, эдийн засагч учраас Шадар сайдын суудалд тийм ч жижигдэх хүн биш гэж дүгнэж болно. 

Хоёр ч удаа парламентад сууж, улсын эдийн засаг, хууль эрхзүйн салбарын талаар чамгүй мэдлэг хуримтлуулж чадсан учраас Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, ШӨХТГ зэрэг том агентлагуудын бодлого үйл ажиллагааг улдан чангаахгүй урагшаа явуулах туршлагатай хэмээн нам нь итгэсэн бололтой. Барилга хот байгуулалтын салбарыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болж байна. Тэр бол З.Баянсэлэнгэ. Шийдлийн танхимд эмэгтэй сайдын квот зүй ёсоор яригддаг. МАН-аас Д.Оюунхорол гэх чадварлаг улстөрч орж ирж байсан бол МАХН энэ удаад З.Баянсэлэнгээ сайдад явуулжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт жендэрийн тэгш эрхийг хангах ажлыг эвслийн бүлэг хийсэн гэсэн үг. З.Баянсэлэнгэ гишүүнд бусдын адил УИХ-д тэдэн удаа сонгогдсон, тийм газрын даргаар ажиллаж байсан гэх туршлага байхгүй. УИХ-д мөн л жагсаалтаар орж ирсэн. 

Гэхдээ түүний давуу тал нь эмэгтэй улстөрч. Бага эмч, эрхзүйч мэргэжилтэй. 2012 оны хүртэл бага эмч, хэрэг бүртгэгч, арбитрч, 17 дугаар хорооны Засаг дарга зэрэг албыг хашч байжээ. Эрхэм гишүүн 2012 оноос хойш өөрийгөө хамгийн хурдан хугацаанд боловсруулж чадсан. НББСШУ-ы байнгын хороог даргалж, намын бүлгийнхээ дэд даргын албан тушаалыг хашч байгаа. Авсан албан тушаалдаа дасан зохицож чаддаг учраас барилгын салбарыг эрчүүдээс дутахгүй удирдана гэж хүлээж сууя. 10 хувийн зээл, барилгын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт зэрэгт эмэгтэй хүний ухаанаар хандаж дэд сайдтайгаа хамтран өөрчлөлт хийгээсэй хэмээн найдахаас. 

Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн барилгын салбарын нарийн ширийн асуудлыг эмэгтэй хүний ухаанаар зөв явуулахыг ч үгүйсгэх аргагүй юм. МАХН-ын даргын халаасны хүн, өлсгөлөн зарлаж суугаад золоор УИХ-д орж, төрийн бүх л албан тушаалыг дамжиж байгаа гэх хардлагад ажлаараа л хариулт өгөх учиртай. Канди тоглодог шигээ энэ салбарыг самрах вий гэх мэт даажигналд зөв замаар, зөв ажиллаж байж л хариулт өгөх билээ. БОНХАЖ-ын яамыг уг нь З.Баянсэлэнгэ гишүүн удирдах болов уу гэсэн таамаг хэвлэлээр олонтай гарсан. Яагаад гэвэл энэ салбарт өмнө нь дандаа эмэгтэй сайдууд ажиллаж байсан учраас эмэгтэй сайдыг тавих болов уу гэсэн хүлээлт байлаа. Харин эвсэлд оногдсон суудлыг МҮАН авч Н.Батцэрэгийг явуулав. 

Хэвлэлээр Н.Батцэрэгт сайдын суудал ногдсон ч намаа юу, эсвэл сайдын суудлаа сонгох уу гэдэг сонголт тулгарчээ гэх зэргээр бичиж байсан. Хэрвээ тэр яриа үнэн бол Н.Батцэрэг сайдыг сонгосон хэрэг бололтой. Юутай ч сайдад суухаасаа өмнө намаасаа гарна, орно гэсэн яриа гаргаагүй учраас МҮАН-даа үлдэж байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг есөн сар удирдах эрх авчээ. Н.Батцэрэг УИХ-д хоёр удаа сонгогдсон. Одоо удирдах яамны туршлага гэвэл 1998-1999 онд БОХХАА-н байнгын хорооны даргаар ажиллаж байсан нь энэ салбарын талаар бага ч гэсэн мэдлэгтэйг харуулж байна. 

1992 онд ЗХУ-ын Свердловск (хуучнаар) хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр,  1993 онд Удирдлагын академи тус тус төгсчээ. Эдийн засагч, судлаач мэргэжилтэй. 1996-2000 оноос хойш улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Налайх хотын АН-ын дарга, БСШУ-ы сайдынз өвлөх, Шадар сайдын улс төрийн зөвлөх, 2007-2009 онд Сангийн дэд сайдын албыг тус тус хашиж байв. 2012 оноос “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар ажиллаж, эвслийг бүрдүүлж буй хоёр намын бодлогыг баталцаж яваа улстөрч юм. Түүнийг улс төрийн хүрээнийнхэн сайд болох цаг нь болсон хэмээн дүгнэдэг. Ардчиллын анхдагчдын нэг явсан, улмаар МҮАН-ын тулгыг түшилцэж явсан улстөрч билээ.  

АН залуу улстөрчдөд болгомж олгожээ 

АН анхнаасаа фракцийн зарчмаар оногдсон гурван суудлаа хуваарилах нь тодорхой байлаа. Тэр дундаа МоАХ, Шонхор хоёр нэг нэг суудлыг авах нь тодорхой байв. Үлдсэн нэг суудал дээр МҮДН, “Нэг ардчилал”, “Алтан гадас” гэсэн фракциудын дунд өрсөлдөөн үүсгэсэн. “Алтангадас” Ерөнхий сайдад хүнээ суулгасан учраас тоглоомын гадна үлдэж “Нэг ардчилал” фракци Зам тээврийн сайдад өөрийн хүнээ /УИХ-ын гишүүн Б.Наранхүүг/ санал болгосон ч амжилт олоогүй байна.

Ингэснээр МоАХ, Шонхор, МҮДН гэсэн гурван фракци сайдын суудлыг өөрийн болгож чаджээ. АН хэдийгээр УИХ-ын гишүүдээс гурван сайдаа томилсон ч энэ удаад залууст илүү боломж олгохыг чухалчилсан гэдэг нь томилгоонд нэр дэвшүүлсэн гурван хүнээс харагдаж байна. Сангийн сайдад нэр дэвшсэн Б.Болор бол АН дотроо залуу улстөрч. Парламентад анх удаа сонгогдож байгаа ч түүний эзэмшсэн мэргэжил нь өөрөө эдийн засагч. Тэр тусмаа Бельгийн вант улсын Европын их сургуульд суралцсан гологдохооргүй толгой. 

Тэрбээр, ШУТИС төгсөхөөс өмнө Европын их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй АН дотроо чадварлаг улстөрч болон бэлтгэгдэж яваа залуу юм. Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс илүүтэй таньдаг. Харин намын хүрээнийхэн түүнийг 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж 2012 оны ялалтад залуусыг зөв зүгт уриалж чадсан гэдгээр нь илүүтэй мэддэг билээ. 2012 оноос УИХ-д Архангай аймгаас сонгогдон ажиллах хугацаандаа Төсвийн байнгын хороог даргалж байлаа. Англи, франц, орос хэлтэй учраас улсын Сангийн авдрыг үлдсэн богинохон хугацаанд элгээр нь хэвтүүлэхгүй гэх итгэл байгаа юм. Б.Болор гишүүний фракцид дандаа чадварлаг улстөрчид багтдаг. 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ зэрэг АН-ын тулхтай, буурьтай, мэдлэгтэй улстөрчдийг түшсэн фракцид багтдаг учраас ах нарын мэдлэгээс суралцсан нь дамжиггүй биз. Зам тээврийн салбар хэзээнээс л МоАХ-д харьяалагдаж байлаа. МоАХ гэх том фракцийн нөмөрт багтаж улс төрд орсон хүмүүс их бага хэмжээгээр бүгд сайд болчихсон. Энэ фракциас сайд болоогүй, албан тушаал аваагүй үлдсэн ганц хүн нь М.Зоригт. Л.Эрдэнэчимэг зэрэг бусад гишүүдээс ялгарах зүйл нь М.Зоригт гишүүн инженер мэргэжилтэй. 

Тэрбээр, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн.  Инженер, эдийн засагч мэргэжилтэй. МоАХ-ны дэд тэргүүн, Оюутны холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажлаас гадна “Бодь Интернэшнл” гэх том айлын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Зам тээврийн салбарт чамгүй том бүтээн байгуулалт хийсэн А.Гансүх, Х.Баттулга зэрэг экс сайдуудын арми эрхэм гишүүний ард байгаа учраас мэдэхгүй, чадахгүйгээ асууж, мэддэг чаддагаа хуваалцаад явчих чадал бий.

Цахим ертөнцөд хэт нээлттэй, энгийн гэдгээрээ заримдаа адлуулдаг ч эрхэм гишүүн аль нэг хүний аманд багтаж, заавар зөвлөгөөг дагаж зам тээврийн салбарыг самрах хүн биш гэх итгэл л байна. Хэний ч анхаарахгүй юм шиг боловч хэзээд л ярианы сэдэв болдог салбар бол Хөдөлмөрийн яам. Ажил олгох, хөдөлмөр эрхлэлт, хувь, хувьсгалын салбарт ажиллаж буй олон мянган хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг хариуцдаг энэ салбар том яамны том фракцид бол ашигтай л салбар. Тиймдээ ч “Шонхор” өөрийн хүнээ энэ салбар руу явууллаа. АН-ын гол мөрийн хөтөлбөр болсон ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгох үүргийг Г.Баярсайхан намаасаа авлаа. УИХ-д дараалан хоёр удаа сонгогдож БОХХАА-н байнгын хороог даргалж буй түүнийг эмч мэргэжилтэй гэдгийг эрхэм уншигч та андахгүй биз.

Төгсч гарснаасаа хойш дандаа сонгуульт ажил эрхэлж, мөн хувийн хэвшилд ажиллаж байжээ. Ёс зүйн дэд хороог 2008-2012 оны УИХ-д даргалж байлаа. Мөн Монголын экологийн зөвлөлийн тэргүүн, Монгол-Катар, Монгол-Натогийн бүлгийн дарга зэрэг албыг хоёр удаа сонгогдохдоо хашч байжээ. Г.Баярсайхан хэдийгээр эмч мэргэжилтэй ч байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудлаар УИХ-д дуугарч буй цөөхөн гишүүдийн нэг. Тиймээс өмнөх сайдуудын эхлүүлсэн ажлыг 2016 оны зургадугаар сар хүртэл чамбай үргэлжлүүлж, АН-ын гол амлалтыг биелүүлж чадах уу гэдэг хариуцлагатай үүргийг хүлээж авсан. 

Хол замд явах хүний дөрөөнд сүү өргөдөг сайхан монгол ёс бий. Тэр ч утгаараа зургаан сайдыг фракцийн томилгоо, улс төрийн гар хөл хэмээн шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Монголын улс төр яг л ийм замаар 25 жил явсан учраас энэ удаад ч тэд намынхаа бодлогоор л сайдын суудалд очлоо. Харин тэнд очоод хэрхэн ажиллах, хэн болж харагдах нь өөрсдөөс нь 100 хувь шалтгаалах асуудал. Улсын сангийн авдар, аялал жуулчлал, онцгой байдал, хэрэглэгчийн эрх ашиг, барилга, зам тээвэр зэрэг том том бүтээн байгуулалтын шан татсан салбаруудын ажлын уялдаа холбоог зөв чиглүүлж, төрийн албыг төрлийн алба болгохгүй ажиллах үүрэг эдгээр зургаан сайдад ногдож байна.

Ардын намын сайдууд ах дүүгээ ажилд авч, төрийн албанд төрлөө шургуулсан хэмээн хөөгдсөн. Тэр зарчмыг АН хэзээ ч мөрдөхгүй хэмээн амлаж байсан ч сарын өмнөх асуудал. Тиймээс зургаан сайд төрийн албаны халаа сэлгээг бус бүтээн байгуулалт, их ажлыг чухалчилж ажиллана гэж хүлээх л үлдлээ. 
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.