Хэн юу хэлэв
Энэ долоо хоногийн анхаарал татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна.
 
М.Энхболд:
Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН хүлээж авна
 
УИХ-аас батлан гаргасан Өршөөлийн тухай хуульд МУ- ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан билээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүй гэж шийдвэл хүлээж авдаггүй. Гэхдээ энэ удаа хориг хэвээр үлдэж магадгүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Намын дарга М.Энхболд энэ асуудлаар ...“МАҢ-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ- ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана. Аль нэгэн УИХ- ын гишүүн, аль нэг УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан.
 
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон. Бид энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурь барьсан. Гол нь, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
 
С.Ганбаатар
 Тавантолгойн гэрээг Бээжинд байгуулж магадгүй
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчлах үедээ Тавантолгойн гэрээг байгуулах гэж байна” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа.Тэрбээр Рио Тинтотой Оюутолгойн далд уурхай хөгжүүлэх Дубайн гэрээг урьдчилан хэлж байсан учраас энэ мэдэгдэл нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийх үедээ “Ерөнхий сайд ирэх сарын 9-11-нд БНХАУ-д айлчлах үеэрээ Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шигээ гэрээ байгуулах гэж байна. Оюутолгойн хоёр дахь санхүүжилтийн гэрээг “Дубайн гэрээ” гэж нэрлэдэг болсон шиг Тавантолгойн гэрээг “Бээжингийн гэрээ” гэж нэрлэдэг болохыг үгүйсгэхгүй.

Дубай руу явахаас нь өмнө гэрээ байгуулах гээд байна шүү гэж анхааруулсан. Тухайн үед сэтгүүлчид надаас “Танд гэрээ байгуулах нь гэсэн ямар баримт байгаа юм бэ” гэж асууж байлаа. Би далдыг хардаг хүн шиг тодорхой хэлсэн шүү дээ. Гэхдээ хардаад, эсвэл далдыг харчихаад урьдчилан мэдээлэл хийгээд байгаа юм биш. Тодорхой мэдээлэлтэй болоод л ярина шүү дээ.
 
Засгийн газар ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй зарим хүнээс мэдээлэл авалгүй яахав. Тиймээс Бээжинд очоод Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шиг гэрээ байгуулж, эх орноосоо урваж болохгүй шүү гэдгийг урьдчилан анхааруулж байгаа юм. Өмнө нь анхааруулсаар байтал Оюутолгойн асуудлаар гэрээ байгуулсан шүү дээ” хэмээн өгүүлсэн юм.
 
С.Үнэн:

Шинэ цэвэрлэх байгууламж барих хооронд одоогийн байгууламж ачааллаа даах эсэх нь эргэлзээтэй
 
-Улаанбаатар Хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүйд хүрсний улмаас энэ зун сул зогсолт хийж, Туул гол руу бохироо цутгахад хүрч байсан билээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай гэдгийг энэ явдал баталж өгсөн. УСУГ- ын дарга С.Үнэн уржигдар СХД- ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлыг танилцуулсан юм. Энэ үедээ тэрбээр “2007оноос хойш Төв цэвэрлэх байгууламжийн асуудал яригдах болсон.

Тус байгууламжийг шинэчлэх, техник, эдийн засгийн асуудлаар тендер зарлаад Франц улсын “Артелия Вилл” компани шалгарсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл өгч, арваннэгдүгээр сарын эхээр Улаанбаатар хотын усан хангамж болон Төв цэвэрлэх байгууламжийн асуудлын шийдлийг гаргах зураг төслийн ажлыг хийж дуусна. Одоогоор техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Судалгааны ажил дууссан. Ирэх жил шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 6-р сард гарсан гэмтлийн улмаас яаралтай засвар хийсэн. Шинэ цэвэрлэх байгууламж барих ажилд 5-6 жил шаардана. Энэ хугацаанд одоогийн байгууламж маань ачааллаа даах эсэх нь эргэлзээтэй байна. Бид Туул голын асуудлаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийг эн түрүүнд ярих ёстой. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих хугацаанд одоогийн байгууламжийн нөхцөл байдал хүнд байна. Иймд бохир усны хоолойг суваггүй аргаар солих эсвэл шугам хоолойг доторлох, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, ашиглах шаардлагатай тулгараад байна” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан юм.
 
А.Төгсбаяр:
Оюутнуудын халааснаас гарсан 700 сая төгрөг хаачив
 
-“Ухаалаг Улаанбаатар” төс­лийн хүрээнд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, төлбөрийг 3600 төгрөгийн үнэ бүхий цахим картаар хийхээр болсон билээ. Монголын оюутны холбооноос ойрын хоёр жилдээ автобусаар үнэгүй зорчуулна гэж 8900 төгрөг хураан авч албадан карт захиалуулсан нь одоо хэрэгжиж байгаа төсөлтэй зөрчилджээ. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дахин 3600 төгрөгөөр карт захиалахыг шаадсан бол оюутнууд холбооноосоо 8900 төгрөгөө буцааж авахыг хүсэн ойлгомжгүй байдал үүссэн байна. ШУТИС-ын Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр, МОХ-ы Ерөнхийлөгч Д.Батбаяртай энэ асуудлаар мэтгэлцсэн юм. Тэрбээр энэ үедээ сэтгүүлчдэд “Өнөөдөр оюутан 3600 төгрөгөөр хөнгөлттэй зорчих эрхтэй байсан. Гэтэл МОХ-ныхон өнгөрсөн жил 8900 төгрөг гэдэг үнэ зохиогоод 700-аад сая төгрөгийг нь авчихсан. Мөнгө нь МОХ-ны дансанд орчихсон. Карт ч байхгүй, мөнгө ч байхгүй. Тэр карт нь бидэнд ямар ч хэрэггүй гэдэг нь нотлогдлоо. Одоо 700 сая төгрөг нь хаана байгаа юм бүү мэд. Энэхүү 8900 төгрөгийн картнаас болоод оюутнууд өнөөдөр бэлэн мөнгөөр автобусанд зорчиж чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асуухаар оюутны холбооны эрхмүүд худал хэлээд яваад байгаа юм. Үнэндээ МОХ оюутнуудын төлөө юу ч хийдэггүй байгууллага. Жилдээ ганц удаа оюутнуудын автобусны картны захиалга авдаг байгууллага шүү дээ. Оюутнуудаа хохиролгүй болгохоор ийнхүү мэтгэлцэх гэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
 
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛЫН МЭДЭЭ 2015-09-04 01:42:56
    ЗӨВ ШҮҮ
    103.229.122.185
    Мэдэгдсэн Хариулах