Киевийн мөргөлдөөнд гурав дахь цагдаа амиа алдлаа
Украины нийслэл Киев хотын парламентын ордны өмнө болсон мөргөлдөөнд Үндэсний хамгаалалтын албаны гурав дахь ажилтан амиа алдсаныг Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгдлээ. Зүүн хэсгийн Донецк, Луганскийн бүс нутагт илүү их эрх мэдэл, давуу тал олгох хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг эсэргүүцсэн хэдэн мянган үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Жагсаал цагдаа нарын эсрэг тэмцэл, тулаан болон хувирч хэт үндсэрхэг Свобода намын нэгэн идэвхтэн гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг цагдаа нар руу шидсэн аж. Улмаар эмх замбараагүй байдал үүсэж жагсагчид, цагдаа нарын хооронд “дайн” дэгдсэн. Гурван цагдаа амиа алдаж, 100 гаруй хүн шархтаж гэмтжээ. Хэдэн арван хүний биеийн байдал тааруу байна. “Тэсрэх бөмбөгт өртөж шархдаад эмнэлэгт хүргэгдсэн бас ңэг цагдаа амиа алдлаа” хэмээн А.Аваков Twitter хуудсаараа дамжуулан мэдээлэв. Шархадсан хүмүүсийн ихэнх нь цагдаа нар байгаа аж.
 
Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ Свобода намын гишүүд болон лидер Олег Тягнибокийг эмх замбараагүй байдал үүсгэж цуст мөргөлдөөнд хүргэсэн хэмээн буруутгаад тэд хуулийн дагуу бүх хариуцлагыг хүлээнэ хэмээн мэдэгдлээ. Гэвч Тягнибок “Манай намынхан энэ хэрэг явдалд оролцоогүй. Үндсэрхэг, эх оронч үзэлтнүүдийг буруутгахын тулд өдөөн хатгалга, явуулга хийж байна” хэмээн няцаажээ.
 
Свобода нам өнөөдөр Рад (Украины парламент)-д зургаан суудалтай байгаа билээ. Цагдаа нар руу тэсрэх бөмбөг шидсэн этгээдийг өөр 20 орчим танхайрагчийн хамтаар баривчилжээ. Украины Дотоод хэргийн яам өнөөдөр Киев хотын төвийг цагдаагийн хүчирхэгжүүлсэн хамгаалалтад аваад байна.
Зүүн хэсгийн тэрслүү бүс нутагт илүү өргөн автономит эрх олгохыг зөвхөн хэт үндсэрхэг үзэлтнүүд бус, мөн Европ руу нэгдэх сонирхолтой нам, хөдөлгөөнүүд ч эсэргүүцэж байгаа юм.
Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Арсений Яценюк нарын байгуулсан Европын холбоонд “элэгтэй” эвсэл мөн зүүн нутагт өргөн автономит эрх олгохын эсрэг байгаа. Энэ хуулийг өчигдөр эхний хэлэлцүүлгээр нь батлаад байна. Гэвч дахиад хоёр санал хураалтыг давах ёстой бөгөөд эцсийн санал хураалтад 300 суудалтай парламентын гуравны хоёрын саналыг авсан байх ёстой. Парламентаар батлагдсан хуульд Ерөнхийлөгч гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгох ёстой ч Порошенко үүн дээр “гэдийж” нөхцөл байдлыг улам хурцатгаж тун магадгүй байна.
 
Украинд нэг сайн мэдээ байгаа нь гал зогсоох шинэ тохиролцоонд хүрсний дараа зүүн нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн намжаад байгаа аж. Украины армийн төв штаб болон Оросын талыг баримтлагч Донецкийн армийн дэд командлагч Эдвард Басурин нар үүнийг баталж байна. Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Кремлийн тэргүүн Владимир Путин нар өнгөрсөн хагас сайнд утсаар ярилцсаны дараа Украины зүүн нутагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.
 
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.