ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Палмирын сүм сүйджээ
Хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгуудын нэг, Сирийн нутаг дахь Пальмир хотын Бела сүм бүхэлдээ нурж сүйджээ. Сирийн эрх баригчид 2000 жилийн настай уг сүмийн үндсэн хэсэг нь одоо болтол хэвээрээ байгаа гэж мэдэгдэж байгаа ч НҮБ-ын ЮНОСАТ хиймэл дагуулаас авсан зургаас харахад бараг юу ч үлдээгүй болох нь тодорхой харагдаж байгаа юм байна. ЮНОСАТ хиймэл дагуулын менежер Эйнар Бьорго өчигдөр өглөө ВВС агентлагт энэ мэдээллийг өгсөн байна. 

Сирийн Департментын тэр­гүүн Маамун Абдулкарим даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ эртний Пальмир хот дахь Бела сүмд маш хүчтэй дэлбэрэлт болсон талаар мэдээлэл хийсэн. Гэхдээ сүм болоод ойр орчны бусад туурь бүрэн бүтэн үлдсэн хэмээж байсан юм. Байдал ямар байгааг газар дээр нь очиж үзэхээр мэргэжилтнүүдийн баг Пальмир руу хөдөлжээ. Гэвч сүм байгаа газар очиж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Пальмир хот оршдог Сирийн хойд хэсгийг “Лалын улс” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сараас хойш хяналтдаа байлгаж байгаа. 

Пальмирын өөр нэг сүм болох Баалшамины ойролцоо өнгөрсөн долоо хоногт мөн хүчтэй дэлбэрэлт болж, сүм бүхэлдээ нурсан гэсэн мэдээлэл гарч байсан билээ.  

Сирийн хойд хэсэгт байдаг эртний хотын тууриуд дэлхий дахинд алдартай бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм. Энэ түүхэн дурсгалт газрыг “Лалын улс” бүлэглэл эзлэн авсан нь соёлын өвүүд сүйдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байсан. Тэгвэл энэ болгоомжлол дэмий хэрэг биш байжээ. Бела сүм нь Пальмир хотын барилгуудаас унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн гэж тооцогддог байсан юм.

Пальмир хотын тухай баримтууд:
  • ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн.
  • Хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн эртний төвүүдийн нэг.
  • Барилга байгууламжууд нь МЭ I, II дугаар зуунд баригдсан бөгөөд Грек Ромын уран барилгын уламжлалыг хослуулсан, Персийн нөлөө нэмэгдэж байсныг харуулдаг аж.
  • 1000 гаруй барилгын туурь, 500 гаруй эртний бунхан байдаг нь бүгд соёлын хосгүй үнэт өв гэж тооцогддог.
  • Сирийн хямрал эхлэхээс өмнө дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 150 000 жуулчин очиж үздэг байжээ.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.