Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт  улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын зардлыг шийдвэрлэлээ



Засгийн газраас дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгахаар боллоо.Үүнээс гадна цаашид жил бүр шинээр 100-аас доошгүй иргэнийг суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарт даалгасан байна. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцуулах шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр шаардлага хангасан 86 оюутан 2014 онд гэрээ хийж, холбогдох журмын дагуу төлбөрөө шилжүүлэн авсан байна. Эдгээр оюутнуудын 60 хувь нь тэргүүлэх чиглэл болох инженер, технологи, 25 хувь нь анагаах ухаан, байгаль орчны аюулгүй байдал, экологийн чиглэлээр суралцаж байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилттой уялдаж байгаа юм.

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ



Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24 буюу даваа гарагт эхэлсэн. Ингээд 28-ны өдрийг дуустал шинэ, хуучин хүүхдүүдээ бүртгэлээ. Энэ удаа шинэ хүүхдүүдийг бүртгэхдээ элсэлтийн тасалбараар бүртгэхээр болсон билээ. Энэ нь багагүй эсэргүүцэл дагуулсан ч зарим цэцэрлэгүүд дээр сугалаагаар хүүхдүүдээ бүртгэлээ. Улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга гаруй хүүхэд байгаагаас тэдний 91 мянга гаруй нь энэ жил цэцэрлэгт хамрагдах тооцоо гарсан. Харин үлдсэн хүүхдүүд цэцэрлэггүй хоцорч байгаа юм. Дашрамд дуулгахад боловсролын салбарт ажиллагсдын 3000 хүүхдийг хувийн хэвлийн цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй сургахаар болсон билээ. 

Дотуур байрны бүртгэл явагдаж байна



Нийслэлийн хэмжээнд дотуур байрны бүртгэл баасан гарагт эхэллээ. Томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл есдүгээр сарын 1-ний өмнөх гурван өдөр үргэлжлэх юм.Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа бүртгэхээр болжээ. Бүртгүүлэхээр ирэх оюутнууд иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх шаардлагатай гэнэ.Дашрамд дуулгахад,  энэ жил дотуур байрны төлбөр мөн л нэмэгдсэн байна. Тодруулбал, 50-230 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл байгаа. ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ.Харин хамгийн өндөр үнэтэй нь МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65,000 төгрөгөөр өссөн байна.

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл эхэллээ



Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн юм. 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлах боломжтой юм байна.

Ургац алдалтын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоов



Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу зургаадугаар сарын 10-аас долоодугаар сарын 8-ыг хүртэлх хугацаанд тариалангийн гол бүс нутгаар хур бороо багатай байж, хэт их халснаас ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлжээ. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.