Алга болсон онгоцыг хайхад 84 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөв
Малайз, Австрали, Хятад, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, АНУ, Их Британи улс онгоцны эрэлд оролцжээ. Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотоос өнгөр­сөн гуравдугаар сарын 8-нд Бээжинг зорин хөөрсөн “Boeing 777” онгоц Энэт­хэгийн далайд сураггүй болсноос хойш тус онгоцыг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Түүнээс гадна онгоц алга болсон шалтгааныг Ма­лайзын цагдаагийн га­зар, Интерпол, АНУ-ын Хол­бооны мөрдөх товчооноос шалгасан бөгөөд 2009 онд Атлантын далайд осолдсон Францын “Airbus A330” онгоцны хар хайрцгийн су­далгааны материалыг франц шинжээчид илгээсэн аж.

Онгоц хамгийн сүүлд хиймэл дагуултай холбоо барьснаар онгоцны осолдсон байж магадгүй газрыг тодор­хойлсон. Австрали, Малайз нь алга болсон онгоцыг хайсаар байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сэжүүр олоогүй аж. Онгоцонд багийнхан, зорчигчид нийлсэн 239 хүн явжээ.
Сураггүй болсон он­гоцыг Энэт­хэгийн далайд хайх ажлыг удирдаж байгаа Австрали улсын эрлийн багийн дарга Ангус Хьюстон “Улс орнууд эрлийн зардлыг хэрхэн хуваахаа хараахан тохиролцоогүй байгаа” хэ­мээн хэлсэн талаар “The Telegraph” өчигдөр мэдээллээ.

Малайзын албаны хүмүүс Авст­ралийн нийслэл Канберра хотод очиж, далайн гүнд унасан байж болох онгоцыг хайх дараагийн шатны эрлийн ажлын талаар хэлэлцэх юм. Австрали нь онгоц осолдсон байж магадгүй байрлалд хамгийн ойр байгаа улс учир эрлийг хийж байгаа. Харин онгоцонд явсан зорчигчдын олонхи нь Хятадын иргэн байсан тул тус улсын Засгийн газар онгоцыг хайх ажилд анхаарлаа хандуулж байна. А.Хьюстон “Бид эрлийн ажилд зарцуулагдаж байгаа мөнгийг яаж хуваах талаар Малайзтай ярилцах болно” гэж Австралийн те­левизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Учир нь урьд өмнө осолдсон онгоцыг хайж байсан эрлийн түүхэнд ийм их хэмжээний зардал гарч бай­гаагүй гэнэ. Австрали улс эрлийн ажилд одоогоор 43, Малайз 10.1 сая ам.доллар зарцуулсан.

Дээрх зардал нь онгоцны түлш, эрлийн багийн хоол хүнс, багаж хэрэгсэлд зарцуулагджээ. Австралийн Засгийн газар 2015 оны долоодугаар сар хүртэл эрлийн ажиллагаа хийхэд 84 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн.

Гэхдээ эрэл амжилттай болж, далайн гүнээс онгоцны хэлтэрхийг олох, эрлийн ажиллагаанд оролцож байгаа орнууд зардлыг хэрхэн хуваахаас шалтгаалан зардлын хэмжээ өөрчлөгдөх юм.
Малайзын Батлан хам­гаалахын орлогч сайд Абдул Рахим Бакри “Эрлийн ажлын дараагийн шатанд гаргах зардлыг 50, 50 хувиар хувааж төлнө. Найрсаг харилцаатай улс орнууд онгоцыг хайх ажилд тусалсан төдийгүй зардлын талаар бидэнд гомдол гаргаагүйд би бахархаж байна” гэж мэдэгдсэн тухай “The Guardian” мэдээлсэн байна.
Австрали улс далайн гүнд унасан байж болох онгоцыг хайх ажилд шумбагч аппарат ашиглаж байгаа бөгөөд гүнзгий хэсэгт дуу авианы локатор бүхий шумбагч роботоор эрэл хийхээр хувийн компаниудтай гэрээ байгуулжээ. Нарийвчлалтай төхөөрөмж бүхий шумбагчаар дахиад найман сар эрэл хийхээр төлөвлөөд байгаа аж.

Австралийн Сангийн сайд Жое Хоккей хэлэхдээ Засгийн газар Малайзын алга болсон онгоцыг хайх ажлын санхүүгийн зардлыг багас­гахгүй гэсэн аж. Тэрбээр “Онгоцыг далайд осолдсон гэж үзэж байгаа. Тий­мээс энэ хэсэгт хамгийн ойрхон улсын хувьд онгоцыг хайх нь бидний үүрэг.
Мөн эрэлд гарах зардлыг бид төсөвлөх хэрэгтэй бөгөөд энэ ажилд хариуцлагатай хандана” гэж Сидней хотын сэтгүүлчдэд мэдэгджээ. Шинжээ­­­чид алга болсон онгоцыг хайх ажилд дахиад их хэмжээний хө­рөнгө мөнгө зарцуулагдана хэмээн тооцоолоод байгаа юм. Онгоцыг далайн 7.68 сая хавтгай км газрыг самнан хайжээ.

Энэ нь Энэтхэгийн далайн 11, дэл­хийн гадар­гуугийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний талбай аж. Авст­ралийн Тээврийн аюулгүй байд­лын газраас эрлийг далайн маш гүн хэсгүүдэд хайх ажлын талаар ярилцсан бөгөөд усны гүнд хайх талбайг нэ­мэгдүүлэхээр болжээ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.