Буцаагаад Сүхбаатарын талбай болгоё
Монголын нийслэл Улаанбаатар хотын төв гудамжинд байх талбайгаа бид тэртээ 1924 оноос Сүхбаатарын талбай, Сүх жанжны талбай гэж нэрлэсээр ирсэн. Ямар учраас ийн нэрлэсэн талаар дурьдвал,1921 оны долдугаар сард Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Нийслэл хүрээнд орж ирэхдээ Толгойтын давааны араас өглөө эртлэн мордож морин шогшоогоор Зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд Монгол Орос цэргүүд мориныхоо амыг татацгаасан гэдэг. Энэ үеэр цэрэг дарга нарын морьд шээхэд жанжны морь шээж байгааг харсан "Ясан толгой" Гаваа гэдэг цэрэг "Бүх цэргийн жанжны морь шээхийг бодоход энэ газар их бэлэг дэмбэрэлтэй газар байна" гээд орой нь төмөр гадас авчирч Сүх жанжны морь шээсэн газар далд ортол шаагаад орхичихжээ. Дараа нь 1921 оны долдугаар сарын 11-нд тэр газар модон индэр босгож Монгол Улс байгуулагдсаныг зарлаж цэргийн парад жагсаж байжээ. Индрийн талбайг 1924 оноос Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх болсон гэдэг. 

Тэгвэл өнөөдөр энэ нэр  зарим дарга нар хийгээд нам бүлэглэлүүдийн түүхээ булаалдсан, нэг нэгнээсээ давах гэсэн оролдлогоос болоод нэр нь өөрчлөгдөж, Чингисийн талбай гэх нэрийг авсан. Мэдээж, Д.Сүхбаатар ч түүхэн хүн, Чингис хаан ч түүхэн хүн. Гэхдээ нэгийг нөгөөгөөр нь нухчиж, нэг түүнээ өөр түүхээр баллана гэдэг Монгол улсын эмгэнэл юм. Харин түүнийхээ оронд ард түмнээс өгсөн Сүх жанжны талбайгаа ч хэвээр үлдээж, хотын хаа нэгтээ Чингисээр овоглосон талбай яагаад байгуулж болохгүй гэж.

Гэхдээ манай дарга нар ингэж бодоогүй. Иймээс улсынхаа нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хаанаараа нэрийдэх үүднээс 2013 оны Долдугаар сарын 15-аас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Чингисийн талбай хэмээн нэрлэсэн юм. Ийн нэрлэснээс хоёр жилийн хугацааг үдэж байна. 

 Гэвч энэ хугацаанд Их жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа болон түүний хамаатан саднууд, үүх түүхээ дээдлэх зарим хүмүүс ийн талбайн нэрийг өөрчилсөнийг эсэргүүцсээр ирсэн юм. 

Тэгвэл тэд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд   Сүхбаатарын талбай”-н нэрийг өөрчилснийг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулах арга хэмжээг зохион байгууллаа. Зохион байгуулагчдын хэлж буйгаар “Чингисийн талбайн нэрийг буцаан өөрчилж, Д.Сүхбаатарын нэрэмжит болгохыг иргэд ихээр дэмжиж байна гэнэ. Өчигдөр гэхэд л 850 гаруй хүн саналаа хэлж, гарын үсгээ зурсан бол хоёр өдрийн турш нийлээд 2000 орчим хүн тэднийг дэмжин гарын үсгээ тэмдэглэн үлдээжээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Талбайн нэрийг өөрчлөх шийдвэр нь өөрөө хууль бус байсан. Сайд нарын зөвлөл гэдэг бол одоогоор Засгийн газар гэсэн үг. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг орон нутгийн удирдлага өөрчлөх нь буруу. Үнэхээр өөрчлөх хүсэлтэй байгаа бол Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдгийг хэлсэн юм. Тэд иргэдийн гарын үсгийг цуглуулан зохих байгууллагад хүргүүлж, Чингисийн талбайн нэрийг буцаан өөрчилж, Д.Сүхбаатар жанжны нэрээр нэрлүүлэх хүсэлтээ дахин гаргана хэмээн хэлж байв.  
Ингээд иргэдтэй уулзаж, ямар учраас гарын үсгээ зурж, төв талбайгаа Д.Сүхбаатар жанжны нэрээр нэрлэх хүсэлтэй байгаа талаар тодруулсан юм. 


Иргэн Х.Баттулга:
-Би Сүх жанжны талбайг Чингисийн талбай болгоход анхнаасаа эсэргүүцэж байсан. Өчигдөр зурагтаар ийм санал асуулга явж байна гэдгийг үзэж мэдээд өнөөдөр хэрэг болгон зорьж ирээд байна. Би Монголын улс төрийн амьдралыг чих тавих сонсож байдаг ард түмний нэг. Иймээс дээр байгаа дарга нар ингэж дураараа ард түмнээс өгсөн нэрийг өөрчилж болохгүй. Монгол Улсын нийслэлийн төв талбай анхнаасаа л Д.Сүхбаатарын талбай гэсэн нэрээр нэрлэгдсэн. Энэ нэрээрээ л байх ёстой. “Чингисийн Монгол” гэж ярьдаг ч гэсэн бидэнд хамгийн ойроор Д.Сүхбаатар жанжныхаа нэрээр л нэрлэгдэх ёстой. Нийслэлийн удирдлагууд энэ шийдвэрээ буцаах ёстой. 

Иргэн Д.Даваасамбуу:
- Би Монголын төв талбайг Д.Сүхбаатар гэсэн хуучин нэрээр нь нэрлэхийг дэмжиж гарын үсгээ зурлаа. Ингэж талбайн нэрийг өөрчиллөө гээд  сайн болж байгаа зүйл юу байгаа юм бэ. Хуучин нэрээрээ яваад болж л байсан ш дээ. Залуучууд өнөөдөр түүхээ мэдэхгүй байна. Худлаа л Чингисийн монгол гэж огширсон хүмүүс байна. Энэ дарга нарт гудамж талбайн нэрийг өөрчлөхөөс өөр ажил олдохгүй байна уу. Чадахгүй бол энэ дээр суугаа хүмүүс ажлаасаа буух хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр нийгмийн амьдрал маш бухимдалтай байна. 

Иргэн А.Ганболд:
-Чингис хааны төрсөн нутаг, Бурхан халдун уул , Налайхын 100 модны ам,  Чингис хаан Жамух нарын өрөлдөөний талбар болж байсан Налайхын нутаг, Хэнтийн аймгийн Өндөр хаан хотыг, энэ  газрын уул, усыг чингис хаанаараа нэрлээд овоглож бололгүй л яав гэж. Гэтэл Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай гэж нэрлэж байгаа нь буруу.  Би харамсаж байна. НИТХ-ын ёс зүйгүй шийдвэр гээд гараад байна.  Д.Сүхбаатарын байгуулсан 1921 оны хувьсгалтай дүйх баатарлаг үйл байхгүй. 80, 90-ээд жил нэрлээд ирчихсэн талбайгаа Д.Сүхбаатарын нэрээр хэвээр байлгах хэрэгтэй. Өнөөдөр Монгол айл бүхэнд Сүхбаатарын хөшөө, Сүхбаатарын талбайн зураг бий. Яагаад энэ зураг байдаг вэ гэхээр Монгол орныхоо төлөө гэр орноо хүртэл зараад бие сэтгэл зүрхээрээ зүтгэж явсан хүн учраас. Өнөөдөр ингэж зүтгэх хүн манайд маш ховор. Түүн шиг гавъяа байгуулсан хүн ч байхгүй. Ийм байдлаар түүхээ үгүйсгэж улс төрд хандах юм бол монголын ард түмэнд даган дуурайх зүйл байхгүй болчихно шүү дээ. Манай залуус хэнийг даган дуурайх вэ. Дуурайх үлгэр дууриалалгүй болчихлоо. Өнөөдөр улс төрд байгаа тэдгээр 76-г дууриах уу. Тэднийг дуурайж, урваж шарвасан хүн болох уу. Үгүй. Тэгэхээр залууст үлгэр дууриалал үзүүлэх бодит хүний нэртэй хөшөө талдбай байдгаараа байх ёстой. Ийм л учраас Чингисийн талбай бус Сүхбаатарын талбай гэж нэрлэх ёстой юм.

Иргэн Б.Эрдэнэсайхан:
-Нийгэмд шийдэх олон асуудал байна шүү дээ. Тэднийгээ шийдэж чадахгүй байж талбайн нэрийг өөрчлөөд бууж байдаг яасан завтай дарга нар вэ. Энэ талбайг хуучнаар нь л үлдээ л дээ. Олон түмний өгсөн нэр шүү дээ. Үүнийхээ оронд хүүхдийн цэцэрлэг эмнэлэг, зам талбайгаа засварлах, адаглаад л замын хажуугаар борооны ус зайлуулах шугамнуудаа ядаж хий л дээ. Үнэхээр л Чингисийн талбайтай болмоор байгаа бол өөр газар ийм талбайгаа байгуулж болно шүү дээ. Монголын түүхийг ингэж нэг нэгээр нь баллаж болохгүй л гэж хэлмээро байна даа. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine