Иргэнд хэрэгтэй хүлээлт үүсгэсэн хуулиуд
Монголын нийгэмд “хүлээлт” гэдэг ши­нэ ажил бий болчихлоо. Хаана ч очсон төрийн тийм шийдвэрийг хүлээж бай­на гэсэн хүмүүс дүүрэн байна. Хорих ангиас эх­лээд зах, лангуу, жижиг дунд үйлдвэрлэл эрх­лэгчид хүлээлтийн байдалтай амьдарсаар. Салбар бүрт л хүлээлт үүсгэсэн буруутан нь УИХ. Парламент сүүлийн үед их л ачаалалтай ажиллаж байгаа хэмээн ярьж байна. Гэсэн ч тэдний гараас нэг ч олигтой хуулийн төсөл гарсангүй. Сайдыг огцруулах томилох асуудлаар завсарлага авч, мөнгө авах, мөнгө олох хуулийн төсөлд анхаарлаа хандуулснаас биш ард түмний эгэл жирийн бизнес эрхлэгч, ээжүүд, эхчүүдийн амьдралд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүд нэг ширхэг ч батлагдаж гараагүй юм. Тиймээс энэхүү нийтлэлээр салбар бүрт хүлээлт үүсгээд байгаа хуулийн төслүүдийг хөндлөө.

Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хууль

-Алдаж энддэггүй хүн гэж байдаггүй. Гэсэн ч алдсан болгонд “ялтан” гэдэг сэтэр зүүж, амьдралаа залгуулах гэж 10 мянган төгрөг хумсалсан бүхнийг 10 жилээр яллаж явуулаад байгаа нь өнөөдрийн нийгмийн хамгийн том эмгэнэл болчихсон. Шүүгчийн үзэмжээр ял төлөвлөдөг. Тэрбумаар идсэн нь тэнсэн хар­галзах, таван мянган төгрөг авсан нь 10 жи­лээр ял сонсдог энэ байдлыг халах үүднээс “Шоронж­сон” гэх тодотголтой Эрүүгийн хуулийг өөрчлөх талаар яригдаад хагас жил боллоо.

Юуг гэмт хэрэг гэж үзэх юм. Эрүүгийн хуулиар шийдэж байсан зөрчлийн шинжтэй асуудлуудыг Зөрч­лийн тухай хуулиар зохицуулах асуудлыг тус­гасан хоёр хууль өнөөдөр УИХ дээр гацчихаад байна. Өөрсдийн эрх ашиг, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг нэгхэн хоногийн хугацаанд шийдчихдэг парламент энэ хууль дээр элдэв янзаар эсэргүүцэл үзүүлж байгаа. Гэвч энэ хоёр хуулийн хүлээлт нийгэмд хэдийнэ бий болчихлоо. Хууль батлагдах гэж дунших хугацаанд олон арван аавын охид, хөвгүүд ялтан нэр зүүж хорихын өрөөг дүүргэсээр.

Түрээсийн тухай хууль

-Нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга энэ хуулийг ярьж эхэлснээс хойш энэ хууль сураг тасарсан. Уг нь санаа нь зөв байсан ч энэ хуулийн талаар хэн ч анхаарал хандуулсангүй. Өнөөдөр Долоон буудлаас эхлээд Зайсан толгой хүртэл маш олон түрээслэгчид  үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулсан ч түрээс, амьдрах орчин нь хүртэл түрээсээр хэмжигдэж байна. Цаашлаад томоохон худалдаа үйлчилгээний төв зэрэг ажил хийх гэсэн хүн болгон түрээсэнд дарлуулдаг.

Түрээсийн үйлчилгээнд даатгал байхгүй, түрээлэгч эзний эрх гэж байхаас түрээс төлж байгаа иргэнд ямар ч эрх мэдэл байхгүй мөнгөө өгдөг. Сар бүр түрээс нэмэгдэхэд эсэргүүцэх эрх мэдэлгүй, байрны мөнгө авч байгаа түрээслэгч дур зоргоороо үнээ нэмдэг гэх мэт бэрхшээл зовлон их. Түрээсээр хэсэг бүлэг нь баяжиж түрээсийн төлбөрт ард түмэн туйлдаж байхад энэ хуулийн талаар хэн ч юу ч ярихгүй хугацаа алдсаар. Иргэд хүлээсээр л байна.

Архины хяналтын тухай хууль

-Уг нь батлагдсан бол ёстой л нүдээ олсон хууль байх байв. Даанч энэ хуулиар шоу хийгээд өнгөрч байна. УИХ-ын эмэгтэй гишүүд сонгогдсон ца­гаасаа, Ерөнхийлөгч суудлаа авахдаа л энэ хуу­лийг ярьсан. Мөн л архинаас болж нэг нэг­нийгээ хөнөөж байгааг арилгах энэ хуулийг хү­лээж байна.

Архи худалдаалдаг цэгийн тоог цөө­рүүлэх, дүүрэг хороонд ямар дэлгүүр давуу эрх­­тэй архи худалдаалах, ямар өдрүүдэд архи за­рахгүй байх, архины үнийг хэдээр тогтоох вэ гэ­дэг асуудлуудыг шийдэх хуулийн төсөл архины үйлдвэртэй, эндээс бизнес нь хамааралтай хэсэг бүлгийн нөлөөгөөр гацаанд орчихоод байна. Энэ зуур архинаас болж хэдэн арван хүн амиа алдаж, ноцтой осол, хүн амины хэрэг ар араасаа гарч байгаа юм.

“Олуулаа” хуулийн төсөл

-АН-ын өнгөрсөн сонгуульд ялах болсон шалтгаан, хамгийн том шоу нь энэ байсан. Эхчүүдийнхээ төрөлтийг дэмжих, жирэмсэн эхэд таван сартайгаас нь эхлүүлэн сар бүр олгодог 40 мянган төгрөгийг 80 мянга болгон өсгөж, хугацааг нь 24 сар хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Эхчүүд энэ хуулийг тэсч ядан хүлээсэн. Тиймдээ ч өнгөрсөн онд төрөлт эрс нэмэгдсэн гэж хэлчихэд буруудах зүйлгүй.

Монголын төр мөн л эхчүүдээрээ тоглож, өнөөдөр энэ хуулийг хүлээсэн эхчүүд үдэш бүхэн цэнхэр дэлгэц ширтэж суугаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан уг хуулийн төсөлд гурван хүүхэд төрүүлэн өсгөж буй ээжид сар бүр тэтгэмж олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нь 50 хувиар хөнгөлөх, гурван жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалж байх зэрэг олон чухал асуудлуудыг тусгасан байсан ч харамсалтай мөн л улс төрийн шоу болоод өнгөрч байгаа бололтой.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

-С.Ганбаатар нарын гишүүдийн бүтэн жил шоу хийсэн хуулийн төсөл мөн л чуулган дээр гацчихсан. Цэцэрлэг толгойн өвчин болсон асуудлыг зохицуулахад энэ хуулийн төсөл маш чухал. Тэтгэвэрт гарсан, эсвэл гэртээ хүүхдээ асраад сууж байгаа эмэгтэйчүүд өөрийнхөө гэр орон сууцыг хүүхэд асарч хамгаалж болох орчин байдлаар тохицуулж, эсвэл нэг өрөөгөө цэцэрлэг хэлбэрээр засч тохижуулан хамаатан садан, ойр тойрны ах дүүсийнхээ хүүхдийг харж төрөөс тодорхой хэмжээний цалин авах байдлаар зохицуулна хэмээн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, гэртээ ажилгүй суух биш хүүхэдтэйгээ хамт хэдэн хүүхдүүд хүмүүжүүлж цалин авах байдлаар ээжүүд ажилгүй гэртээ суудаг байдлыг арилгах энэ хууль мөн л хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

Хамтын тэтгэврийн тухай хууль

-Бараа сураг нь ч дуулдаагүй бусад хуулийг бодоход энэ хууль парламентад ороод ирчихсэн. Харамсалтай нь ажлын хэсэг дээр гацчихаад байгаа юм. Энэ хуулийн төсөл мөн л ахмадуудын дунд хүлээлт үүсгэлээ. Хөдөө орон нутгаар гишүүд ажиллахад ахмадуудын сурагладаг ганц хууль нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Насаараа хамт амьдарсан хоёр буурайгийн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж хоцорсон нэг нь тэтгэврийг нь авах зэрэг нэлээд чухал заалтуудыг тусгасан хуулийн төсөл мөн л хүлээлт үүсгэжээ.

Өршөөлийн тухай хууль

-Өршөөлийн тухай хуулийг зарлаж баталдаггүй гэдэг. Гэсэн ч хүссэн ч эс хүссэн ч гишүүд нь өөрсдөө энэ хуулиар шоу хийсэн учраас өрөөндөө багтахгүй чихэлдэж байгаа хүмүүжигчид өдөр шөнөгүй энэ хуулийг хүлээж сууна. Өдөр хоногоо хүлээж суугаа ахмад хүмүүжигч, хилс хэргээр хоригдсон, ялимгүй зөрчил, найз нөхөдтэйгээ дарвиад нэгнийхээ гарыг хугалсан зэрэг зөрчил гаргачихаад хоригдож байгаа олон мянган хоригдлын туйлын хүслэн энэ хууль болчихлоо.

Ц.Оюунбаатар нарын гишүүд энэ хуулийг өргөн мэдүүлсэн ч Засгийн газар шинэчлэн боловсруулж тун удахгүй хоёр хуулийг нэгтгэж УИХ-д өргөн мэдүүлэх бололтой. Энэ хууль мэдээж хэрэгтэй хүндээ хэрэг болно. Тэд бурхнаас бараг л гуйж суугаа биз. Улстөрчид “бурхан” нь болж энэ хуулийг батлавал олон хүнд буян үйлдэх биз ээ.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-11 06:47:35
    Хамтын тэтгэврийн хуулиа батлуулж, ахмадуудад туслаж өгнө гэдэгт итгэж байна