Д.Дулмаа: Албан тушаалтнууд хулгай зэлгийгээ “Улсын нууц” гэдгээр халхалдаг юм биш үү
Эрдэм шинжилгээнийн хүрээлэнгүүдэд хувийн бизнес цэцэглэж байна

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат цаг шахам хү­лээл­­гэсний эцэст ажил дээрээ ир­сэн юм. Тэрбээр Засгийн газрын гишүүдтэй интернэтээр ху­рал хийх төлөвлөгөөтэй байсан юмсанж. Хонгор сумын иргэд “Яагаад бид­ний газрыг өгөх­гүй гэ­сэн шийдвэр гаргав” хэ­мээн асууц­гааж байлаа. Засаг дарга С.Насанбат “Хонгор сумын удирдлага иргэдийнхээ амьжиргааг дээш­лүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор га­­­зар өгсөн нь зөв. Айм­гийн удирдлагаас газ­рын төлбөрөө төлөөгүй “Га­­цуурт” компанийн г­э­рээг хү­­чингүй болгосон асуудлыг бу­руутгахгүй байгаа юм.

Ганцхан “Ургамал газар тариалан эрдэм шинжил­гээний хүрээлэн”-гийн газ­рын асуудлыг эргүүлэн ол­гохоор шийдвэрлэсэн. Гэхдээ бид Хонгор сумын иргэдийг хохироохгүй. Манай айм­гийн удирдлага Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 500 га газар буцаан авахаар болсон. Тэр газраас иргэдэд газар өгье.

Дахин давтан хэлэхэд Хонгор сумын удирдлагыг ажлаас халах талаар ямар нэг яриа хөөрөө байхгүй гэдгийг хэлье. Сумын иргэд­тэй энэ баасан гарагт очиж уулзъя” гэлээ.

Хонгор сумын иргэн Х.Ганбат “Аймгийн засаг дарга С.Насанбат бид нартай уулзах сонирхолгүй байгаа юм. Сая бидэнд Ерөө суманд газар өгнө гэнэ. Түүн шиг худал зүйл байхгүй. Ерөө суманд очлоо гэхэд газар өгөх үү. Бөөн маргаантай газар шүү дээ. Нэг иргэн 50 га газартаа тариа будаа тарихын тулд талдаа 100 гаруй км зам туулна. Тийм зүйл байхгүй л болов уу. Ийм марзан зүйл ярьж цаг хожиж байгаа юм. Бид яагаад Ургамал газар тариалан эрдэм шинжил­гээ­ний хүрээлэнгийн газраас газар авч болохгүй юм бэ” гэцгээж байна.

Ургамал газар тариа­лангийн эрдэм шинжил­гээний хүрээлэн Хонгор сумын зүүн талд 1200 га газартай. Энэ газарт жимс жимсгэнийн мод бут, улаан буудайн үр гаргаж авдаг гэх. Гэтэл үнэн чанартаа бол улсын нэрээр хувийн компанианууд тариа будаа тарьдаг гэх мэдээлэл байна.

Хонгор сумын иргэд газар дээр нь очиход рапс, төмс тарьж байгаатай таа­ралдсан гэ­нэ. Олон жилийн турш хувийн аж ахуйн нэгжүүд ногоо тарьж ашиг­ласан гэх мэдээлэл байна. Тухайлбал тус хүрээ­лэн­гийн газрын манаач “Энэ газар дээр чинь хувийн аж ахуйн нэгжүүд ногоо тариа тарьдаг шүү дээ. Хавар болохоор түрээслээд авчихсан гээд ирдэг” гэсэн юм.


Ингээд Хонгор сумын иргэн Д.Дулмаатай ярилцлаа.

   -Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Ерөө суманд газар өгье гэж байна. Тэнд нь очоод тариа будаагаа тарьж болдоггүй юм уу?

-Ерөө сумын иргэд газраа өгөх үү. За өглөө гэж бодоход явган бид нар чинь 100 гаруй км явж тариа тариад яах юм бэ. Хүний хоол болно. Энэ хавьд байх юм бол өдөртөө нэг харчихаад байж болно шүү дээ. Тэр газарт нь ногоо ургах уу үгүй юу гэсэн асуулт ч бий.

-Заавал улсын тусгай хэрэгцээнд авсан газраас авах гэхийн учир юу вэ?

-Улсын тусгай хэрэгцээ гэдгийг хэн нотлоод байгаа юм бэ. Миний сонсох нь ээ Улсын тусгай хэрэгцээнд авахын тулд Засгийн газрын тогтоол байх шаардлагатай. Гэтэл тогтоол нь байхгүй. Ж.Самбуугийн нэрэмжит Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээнийн хү­рээлэн энэ том талбайг яаж ашиглаж байна вэ. Арав гаруй жил болоход Хонгор сумын улаан буудайн үр гэж дуулдсангүй. Бүгд л оросоос үр авдаг. Хэдэн тонн үр буудай нийлүүлсэн гэж сонсоогүй. Мань мэтэд болохоор улсын нууц гэдэг. Албан тушаалтнууд хулгай зэлгийгээ “Улсын нууц” гэдгээр халхалдаг юм биш үү гэсэн хардлага бий.

-Таньд 50 га газар өгвөл юу тарих вэ?

-Бид чинь 2000 га газар тариа тарьж явсан улс. Юу тарьж ургуулахааа мэднэ. 50 га газраа авчих юм бол хоршоолол байгуулчихна. Нэ­гэнд маань трактор, нө­гөөхөд нь анжис байж болно. Эвлэвэл бүтнэ.

-Энэ 50 га газар таны амьдралд өөрчлөлт авчрах уу?

-Тэгэлгүй яахав. Би чинь атар газар эзэмшихээр ирсэн залуусын нэг шүү дээ. Тийм учраас газрын үр шимийг мэднэ. Энэ нутагтаа газартай болох гэж үе үеийн дарга нарт өргөдөл өгсөн. Бүтэхгүй явсаар сая л шийд гарсан ч аймгийн Засаг дарга зөвшөөрөхгүй байна шүү дээ.
Манай Засаг дарга хууль зөрчиж газар олгоогүй. Ургамал газар тариалан эрдэм шинжил­гээний хү­рээлэн газрын төл­бөрөө төлөөгүй, тусгай хэ­рэг­цээнд авсан газраа зо­риулалтаар нь ашиглаагүй гэх мэт олон заалт зөрчсөн юм билээ.

-Та нарын тэмцэл үр дүнд хүрэх үү. Аймгийн За­саг дарга С.Насанбат зөв­шөөрөхгүй байна шүү дээ?

-Бид энэ засаг төрөөс мөнгө төгрөг гуйгаагүй. Энэ сум орон нутгийг үүсгэн бай­гуулсан иргэд багахан хэм­жээний газар хүссэн. Тэр газар дээрээ тариа будаа тарьж өөрсдийнхөө амьд­ралыг өөд татахыг хүсээд бай­гаа юм. Түүнээс биш би­дэнд улстөр хамаагүй гэж ярилаа.


Хонгор сумын иргэн Х.Ганбат ийн ярьсан юм.

  -Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээ­лэнгийн ажлын талаар ямар бодолтой явдаг бэ?

-Хийж байгаа ажил нь огт харагддаггүй юм. Жил­дээ 350 тонн үр будаа улсад нийлүүлсэн гэж та нарт хэлсэн гэнэ лээ. 1200 га талбайд тариа тариад тийм бага будаа авах уу. Үүнд хэн ч итгэхгүй байна. Ямар ч хяналтгүй газар шүү дээ. Тэгвэл маш бага хэмжээний үр будаа улсад тушаагаад бусдыг нь хувьдаа завшсан байж болох юм. Надад ийм хардлага төрөөд байна.

Нөгөөтэйгүүр рапс их хэмжээгээр тарих юм. Монгол Улс Засгийн газраас рапс тарихыг хориглосон дүрэм журам гаргасан. Тэгсэн хэрнээ эрдэм шинжилгээний хүрээлэндээ рапс тариулаад байх юм. Энэ жил маш их рапс тарилаа шүү дээ.

-Та бүхэн 50 га газраа аваад юу тарих бэ?

-Зах зээлээ бодвол эхний ээлжинд рапс таримаар бай­гаа юм. Хятадууд газар дээрээс нь авчихдаг юм шүү дээ. Улаан буудай тарихаар борлуулах гэдэг хүнд асуу­дал байна. Тариалан эрх­лэлтийн сан гэдэг хүнд даваа дуулдах юм гэж ярилаа.

Ямартай ч Хонгор су­мын иргэд тэрүүхэн хавь­­даа тэмцэл өрнүүлж бай­на. Тэд нартай УИХ-ын ги­шүүн С.Ганбаатар уулзаад дэмжихээ илэрхийлсэн юм билээ.

Мөн УИХ-ын ги­шүүн Д.Хаянхярваа ч дэмжиж буйгаа илэр­­хийлжээ. Хүн шиг амьд­рахын тулд өөрс­дийн төлөө тэмцэж байгаа тэднийг дэмжих хүмүүс нэмэгдэж байгаа аж.

Монгол Улс шинжлэх ухаан дээр суурилсан эдийн засаг хөгжүүлнэ гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны нэгээхэн хэсэг иймэрхүү янзтай л байж байна. Өөрөөр хэлэх юм бол эрдэмтэн нэртэй хэсэг нөхөд улсын нэрээр бизнес хийгээд байгаа бололтой. Эрдэмтэн мэргэд улсын эрх ашгийг бус хувийн бизнесээ хөгжүүлээд суух нөхцөл бололцоо дээрх газруудад харагдаад байна.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.