Ц.Цолмон: Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэтгэлийн гол баримт бичгийг УИХ хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрээр хаврын чуулганы завсарлагааны үеэр баруун бүсийн долоон аймагт ажиллаад иржээ.
 
-УИХ-ын хаврын чуулганаар бие даасан 20 хууль, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэл­цээр соёрхон батлах ту­хай 16 хууль баталсан. Эд­гээрээс батлан хамгаа­лахын салбарын бодлого, хууль, эрх зүйн шинэтгэлтэй хамааралтай ямар хууль, тогтоол гарсан бэ?
 
-Батлан хамгаалах сал­бар олон жилийн түүхтэй, үйл ажиллагаа нь урт хуга­цааны төлөвлөгөө, тодорхой дүрэм, жур­мын дагуу явагддаг онцлогтой. Манай эрх зүйн шинэтгэлийн гол баримт бичиг бол батлан хамгаалах бодлогын үндэс. Хаврын чуулганаар Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсан нь хэлэлцэх шатандаа байгаа. Ирэх чуулганаар эцэслэн батлах байх. Энэ үндсэн баримт бичиг батлагдвал түүнд үндэслэн батлан хамгаалах болон зэвсэгт хүчний чиглэлийн 6-7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учраас манай мэргэжилтнүүд мөн ажиллаж байна.
 
 -Хаврын чуулганаар эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдсаны дотор Үйлдвэржилтийг дэмжих хууль багтаж байгаа. Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яамтай үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Хэрэгжилтийн явц ямар байна вэ?
 
 -Аливаа улсын батлан хамгаалах салбар гадны улс орноос аль болох бага хамааралтай байх үүднээс дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангагдах бодлого баримталдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан.
 
Гол зорилго нь батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодоос хангахад оршиж байгаа юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын хэрэгцээт импортын бараа, бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд туслах үүднээс батлан хамгаалах салбарын хэрэгцээт барааны үзэсгэлэнг хоёр яамнаас хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэнд 60 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулсан.
 
Энэ үеэр батлан хамгаалах салбарын хэрэгцээнд нийлүүлж болохуйц бүтээгдэхүүнүүдийг судалсан. Бүтээгдэхүүн сонгоод худалдан авах болоход зарим нэг бэрхшээл үүссэн. Үйлдвэрүүдийн хувьд олон жилээр төлөвлөөд, их хэмжээний хөрөнгө зарцуулаад үйлдвэр байгуулж үйл ажиллагаа явуулахад нь өнөөдрийн мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар дэмжлэг болохуйц зохицуулалт хийж өөрчлөх шаардлагатай юм билээ. Жишээлбэл, хуулиар тендерийг жил бүр зарлаж байх заалттай учир ямар нэгэн үйлдвэртэй ердөө нэг жилийн гэрээ байгуулах бололцоотой. Харин үйлдвэрлэгчдэд найдвартай худалдан авагч, тогтвортой зах зээл хэрэгцээтэй байдаг.
 
Хууль эрх зүйн хүрээнд энэ мэт бэрхшээлийг арилгах шаардлагатай нь харагдаж байгаа, үүнийг Засгийн газрын төвшинд ярилцах нь зүйтэй. Манай салбарын үндэсний үйлдвэрлэгчидтэй удаан хугацааны, баталгаатай гэрээ байгуулах байдлаар дэмжих бололцоо бий гэж харж байна. Цаашид худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримталж ажиллана.
 
-Батлан хамгаалахын салбар ДНБ-ийн 0.93 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилттэй гэсэн статистик мэдээлэл бий. Худалдан авалт, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэдэг сэдэвтэй зэрэгцээд батлан хамгаалах салбарын эдийн засгийн чадамж хэр вэ гэдэг асуулт тавигдана. Батлан хамгаалах салбарын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх шаардлага бий юү?
 
 -Монгол Улсын “2015 оны төсвийн тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн багц дотоодын нийт бүтээгдэхүүний 0.93 хувийг эзэлж байна. Гадны улс орнууд батлан хамгаалахын салбартаа ДНБ-ийхээ 2 хувь, эсвэл 4 хувь, зарим тохиолдолд 20 хүртэлх хувьтай тэнцэхүйц санхүүжилт хийдэг. Монгол Улсын хувьд ДНБ-ний нэг хувьд ч хүрэхгүй, 0.93 гэдэг үзүүлэлтээс харахад санхүүжилт хангалтгүй байгаа нь илэрхий.
 
Энэ хэмжээний төсвөөр өдөр тутмын зардлаа нөхөхөөс биш зэвсэг, техникээ шинэчлэх, байгаагаа засч сэлбэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шуурхай үйл ажиллагааг хангах, нисэх чиглэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилтыг хангах боломжгүй. Гэхдээ бид зөвхөн төсөвт баригдаад суух биш, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх боломж эрэлхийлж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаа, дотоодын бүтээн байгуулалтад оролцох болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй санхүүжилтээр эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлж, асуудлуудаа шийдвэрлэж байна.
 
Санхүүжилтийн эх үүсвэрийн суурийг өргөсгөх, эрх зүйн хувьд баталгаажуулах чиглэлээр бодлого боловсруулж ажиллаж байгаа. Ер нь бол манай мэргэжилтнүүд батлан хамгаалах салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх шаардлагатай гэж тооцоолсон байдаг.
 
-Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд та долоон аймагт ажилласан. Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын нөхцөл байдал ямар байна?
 
-Монгол Улсын батлан хамгаалах концепцийн нэг чухал хэсэг нь орон нутгийн хамгаалалт. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг хүлээдэг. Үүнийг зохион байгуулах арга хэлбэр нь орон нутгийн хамгаалалт. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын хөтөлбөрт инженер, экологи зэрэг бүтээн байгуулалтад оролцох бололцоотой чиглэлийн боловсон хүчин бүхий зэвсэгт хүчний нэгж, цэргийн ангийг бүх аймагт байгуулах зорилт тусгагдсан.
 
Сая орон нутагт ажиллахадаа энэ бодлогын хэрэгжилтийн явцтай танилцлаа. Баянхонгор, Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн ангиудын ажил байдалтай танилцлаа. Дээрх хөтөлбөрийн хүрээнд орон нутагт цэргийн анги, нэгж байгуулсан нь их дэмтэй, тустай ажил болсныг нутгийн удирдлагууд хэлж байсан. Яамны зүгээс ч нийт бие бүрэлдэхүүн тайван цагт улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах байдлаар дадлага туршлага эзэмших ач холбогдолыг тооцож, энэ ажлыг чухалчилж байна.
 
Мөн орон нутагт ажиллах хугацаандаа зарим газарт шинээр цэргийн анги, нэгтгэл байгуулах боломж нөхцлийн талаар судаллаа. Мэргэжлийн ангиудын ажил байдалтай танилцаж, шалгаж, заавар зөвлөгөө өгч, шийдэх асуудлыг нь шийдэж, зарим асуудлыг сайдын зөвлөлөөр оруулан боловсруулах шаардлагатай нь зохих журмын дагуу шийдвэрлэж, үүнийхээ дагуу тодорхой тушаал шийдвэр гаргаад ажиллаж байна.
 
-Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт хэрхэн гарсан бэ, салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд орон нутаг дахь бие бүрэлдэхүүнээс ямар санал хүсэлт гаргаж байна вэ?
 
 -Баруун аймгуудаар ажиллах үед Увс аймагт баруун бүсийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын чуулган болсон.Тамгын газрын дарга нар бол манай батлан хамгаалах цэрэг иргэний харилцаа, дайчилгааны асуудлыг орон нутагт хариуцан ажилладаг манай гол төлөөлөл юм. Энэ үеэр орон нутаг дахь батлан хамгаалахын чиглэлийн ажлыг сайжруулах, сайн туршлагыг хуваалцахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Мөн Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлагдсаны дараа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын талаар санал солилцсон.
 
-Батлан хамгаалахын салбарын хөгжил гээд ярихаар хүний нөөцийн асуудал хөндөгдөх нь зайлшгүй. Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн тал дээр ямар дэвшил гарч байна вэ?
 
-Манай салбарын хүний нөөцийн асуудал харьцангуй сайн явж байна. Боловсон хүчний хөгжил, боловсролын тал дээр гадаад хамтын ажиллагаагаа түлхүү ашигладаг. Гаднын олон улсад манай салбарын мэргэжилтнүүд шат шатны сургалтад хамрагдаж, боловсрол мэдлэгээ дээшлүүлж, түүнийгээ Монголд нэвтрүүлэх чиглэлээр сайн ажилладаг. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч Засгийн газар манай салбарын цалин хангамжийг бууруулаагүй. Цаашид нэмэгдүүлэх талаар ажиллаж, судалж байна. Нэг тулгамдсан асуудал бол орон сууцны хангамж. Албан тушаалын орон сууцны хангалтыг нэмэгдүүлэхээс гадна нийт албан хаагчдыг хувийн орон сууцтай болгох чиглэлээр сайдын зөвлөлөөр хэлэлцэж, урт хугацааны ипотекийн зээлийн хүрээнд аль болох олон албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилттой байна.
 
-Иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл, сонирхол, эрмэлзлэлийг нэмэгдүүлэх ямар ажлууд хийгдэж байна вэ. Үүний нэг нь “Оюутан цэрэг” хөтөлбөр байх?
 
 -Манай салбар уламжлалд тулгуурлан урт хугацааны төлөвлөлтийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Засгийн газар хөтөлбөрт орсон, төлөвлөгөөт ажлууд ч явагдахын зэрэгцээ цаг үеийн шинэ санал санаачилга дэмжигдэн ажил болж явагддаг. Тухайлбал, “Оюутан цэрэг” төсөл амжилттай явагдаж байна.
 
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их, дээд сургууль төгсөгчид төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэж байгаагаас гадна оюутан залуус их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Өнгөрсөн онд эхний ээлжийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид дөрвөн сарын турш цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай мэргэжлийн бэлтгэлд хамрагдан тангараг өргөж байсан бол энэ онд нийслэл, орон нутгийн 66 их, дээд сургуулийн 1000 оюутан цэрэг хамрагдсан.
 
Мөн их, дээд сургуультай хамтран Цэргийн танхим байгуулаад, тухайн сургуулийн оюутнуудад батлан хамгаалахын чиглэлийн мэдлэг, мэдээлэл олгож, залууст эх оронч хүмүүжил олгох, сахилга, дадлага, туршлага эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулах юм. Зардлыг нь тухайн сургууль хариуцаад, мэргэжилтнүүдийг яамнаас хариуцан зохион байгуулах зохицуулалттай. Амжилттай хэрэгжих юм бол төрийн өмчит томоохон сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Хэдийгээр энхийн цаг ч гэлээ иргэд, олон нийтийн цэргийн болон арга ажиллагааны бэлтгэлийг тасралтгүй хангах тал дээр анхаарч байна. Зэвсэг, техникийг шаардлагатай тохиолдолд хөрөнгө зараад шинэчилж болох учраас түүн дээр ажиллах, эзэмших чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр илүү прагматик бодлого баримталж ажиллаж байна.
 
-Ер нь салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хэр өргөн цар хүрээтэй байдаг вэ?
 
-10 гаруй оронтой аль нэг чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан. Мэдээж хөрш ОХУ бол батлан хамгаалах салбарт уламжлалт, олон жилийн, хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа, харилцаатай. Мөн БНХАУ, Турк, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг хэд хэдэн улстай нэлээд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явагдаж байна. 2015 онд Турк улстай харилцан нууцлалыг хадгалах тухай гэрээ байгуулсан.
 
Тэр нь цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болох юм. Мөн энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэх, манай салбарын инженерийн болон эмнэлгийн чиглэлийн чадавхийг нэмэгдүүлэхээр Япон улстай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулсан. Чех, Польш улстай ярилцаж, төлөвлөж буй ажлууд ч бий.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд иргэд олон нийтийн сонирхох нэг зүйлийг тодруулья. Манай улсын зэвсэгт хүчний чадамж олон улсын хэмжээнд хэрхэн эрэмбэлэгддэг юм бол?
 
 -Үүн дээр “Бид ийм тийм” гэж ярихын оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцох ч юм уу, ямар нэгэн байдлаар гаднын улс орнуудтай хамтран ажиллаж байхад, мөн бидэнтэй хамтран ажиллахаар ярилцаж буй гаднын мэргэжилтнүүдийн дүгнэлт оновчтой байх болов уу. Тэд Монголын цэрэг, армийн мэргэжилтнүүдийг өндрөөр үнэлдэг. Зургаадугаар сард Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу бидэнтэй уулзах үеэрээ монгол цэргүүд өндөр чадвар, хариуцлага, зохион байгуулалт, сахилга батаараа бусад орны албан хаагчдаас ялгардаг гэдгийг хэлж байсан. Энэ нь манай салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар, мөн монголчуудын цэргийн эрдмийн олон зууны өв, туршлагатай шууд хамааралтай болов уу.
 
Зууны мэдээ
Д.Мандухай
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sochin 2015-09-30 00:26:32
    Saidaa ta tserenchimed ohinii 2- oroo bairiig ni ergvvlen ogson vv? Ene talaar medeelel ard tvmendee khvrgehiig khvsej bna .
    96.25.135.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗУУНЫ МЭДЭЭ 2015-08-20 09:42:28
    ЗӨВ ШҮҮ
    103.26.194.223
    Мэдэгдсэн Хариулах