Япон улс хулгайлагдсан 470 иргэнийхээ нэрийг Хойд Солонгост илгээв
Япон улсын засаг за­хиргаа Хойд Солонгосын тусгай албадын ажилтнууд хулгайлсан байж болох 470 иргэнийхээ нэрийн жаг­­саалтыг Умардын талд илгээсэн тухай Аль-Жазира агентлаг мэдээлсэн байна. Энэ талаар Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. Японы хул­гай­лагдсан иргэдийн нэрсийг Умард руу дипломат сувгаар илгээсэн гэнэ. Японы Гадаад хэргийн яам­ны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Умардын алба­ны хүмүүстэй хийсэн зөв­шилцлөөр 1970-1980-аад онд Хойд Со­лон­госын тусгай албадын хул­гайлж аваачсан иргэдийн хувь заяаг дахин ярилцаж, тэдний талаар шалгахыг Пхеньян амласан аж.

Хэрвээ Хойд Солонгос энэ ажилд идэвхтэй алхам хийх юм бол Япон тус улсын эсрэг тавьсан хоригоо зөөлрүүлэх тухай Токио тэмдэглэсэн байна. Өмнө нь Япон улс өөрийн төлөөлөгчдөө Умард руу илгээж, хулгайлагдсан иргэдийнхээ талаар судалгаа хийх хүсэлтэйгээ мэдэгдэж байсан. Пхеньян хариуд нь Японы төлөөлөгчдийг хү­лээн авахад бэлэн гэжээ.

Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Пхеньянд айлчлал хийж магадгүй та­лаар Японы хэвлэлээр мэдээлсэн.

НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлийн хэмжээнд авсан хориг арга хэмжээнүүдээс гадна Япон улс Хойд Солон­госын эсрэг 2006 оноос хойш хэд хэдэн хориг тавьсан юм. Пхеньяныг цөмийн туршилт хийсний дараа Токио Хойд Со­лонгос руу бараа таваар экс­портлох, импортлохыг бүр­мөсөн зогсоосон төдийгүй Умардын далбаатай усан онгоцуудыг Японы боомт хотуудад орохыг хориг­лосон байна. Ёсихидэ Суга хэлэхдээ Япон улс Хойд Солонгосын иргэдийн зор­чих хөдөлгөөн, мөнгө шил­жүүлэхэд тавьсан болон Японы боомтуудаар дамжин өнгөрөх хүмүүнлэгийн усан онгоцнуудыг оруулахгүй гэсэн хоригоо цуцлахаар шийдвэрлэсэн гэжээ.

Түү­нээс гадна 1970-аад оны үед Пхеньян 17 иргэнийг нь хулгайлсан гэж Токио үзэж байгаа ч Умард 13 иргэн хэмээн хэлсэн. 1980-аад оны эхээр япон иргэд учир битүүлгээр алга болж байсныг Хойд Солонгостой холбон тайл­барлаж эхэлсэн аж. Японы хот сууринд заримдаа сэжиг бүхий эрэгтэйчүүд эсвэл эрэг дээр завь нэг хоёр удаа харагдсаны дараа иргэн алга болсны дараа гэр бүлийнхэнд нь түүнийг Пхеньянд амь­­дарч байгаа гэсэн ил захидал ирдэг байсан гэнэ. Энэ хачирхалтай үзэг­­дэл эхний үед ховор тохиолддог байсан ч 1980-аад оны сүүлчээр алга болсон иргэдийн тоо өсчээ. Дараа нь Японд ба­ривчлагдсан Хойд Солон­госын тагнуулчид Пхеньянд хүчээр аваачсан япон иргэдээс япон хэл, биеэ авч явах байдлын талаар суралцаж байснаа хүлээн зөвшөөрсөн аж. Харин Умардын засаг захиргаа энэ мэдэгдлийг няцааж байжээ. Гэвч япончууд Пхеньяны тагнуулчдын үгэнд итгэсэн бөгөөд нууц албаны ажилтнууд хөрш зэргэлдээ орноос хэн нэгэн иргэнийг сонгож, дараа нь хулгайлж аваачдаг гэсэн яриа ч гарсан байна.

Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жуничиро Козиума 2002 оны есдүгээр сард Пхеньянд хийсэн түүхэн айлчлалаараа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иртэй уулзан ярилцахад Японы 13 иргэнийг хул­гайлсан гэж хэлсэн нь дээрх ярианд баталгаа өгсөн аж. Тухайн үед Хойд Солонгост Японы эдийн засгийн тус­ламж хэрэгтэй байснаас гадна 1910-1945 онд Японы колоничлолд байсан үеийн нөхөн төлбөрийг авна хэ­мээн найдаж байжээ. Умар­дад энэ хугацаанд амь­дарч байсан 13 япон иргэний тав нь амьд байсан бөгөөд 2004 онд тэднийг үр хүүхдийн хамт Япон руу явахыг зөвшөөрсөн. Үлдсэн найман иргэнийг Пхеньян нас барсан гэж мэдэгдэж байснаас гадна тухайн үед 30-40 насны хүмүүсийг бай­галийн жамаар нас барсан гэсэнд япончууд ит­­гээгүй байна.

Тиймээс хул­гайлагдсан иргэдийг яарал­тай хугацаанд Япон руу буцаахыг шаарджээ. Хойд Солонгосын Засгийн газар өнгөрсөн хугацаанд Японоос хулгайлсан иргэдийн талаар ярилцаагүй нь тус улстай худалдаа наймаа хийх, тусламж авах боломжгүй болгосон.

Тийм учраас Пхеньян 2002 онд энэ талаар анх удаа мэдэгдсэн аж. Харин энэхүү мэдэгдлийн дараа Япон улс Хойд Солонгостой хийж байсан гэрээ хэлэлцээнүүдээ зогсоож, харилцаагаа тасалсан ч одоогийн засаг захиргаа нь бодлогоо өөрчлөх алхам хийж эхэлж байна. Япон, Хойд Солонгосын ха­рилцаа сүүлийн хоёр жилд харьцангуй сайжрах шинж тэмдгүүд гарч эхэлж байгаа юм.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.