Батаарын музей бүтнээрээ биш ч нэг танхим нь нээгджээ
Манайд Соёлын яам байхаас эхлээд л асуудал дагуулж эхэлсэн Үлэг гүрвэлийн төв музей өнөөдөр бүтнээрээ биш ч гэлээ гол танхим нь үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Уг музейг тойрсон хэл ам одоог хүртэл намжаагүй. Шүүхээр тус музейн барилгыг улсын өмч гэдгийг нь тодорхойлж, төр эзэмшилдээ авсан ч тус барилгыг тойрсон бас нэг асуудал сөхөгдөж эхэллээ. Хамгийн сүүлд гэхэд л тус музейг нүүлгэж, оронд нь буддын шашны музей байгуулах асуудлыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас тавиад эхэллээ.  Тодруулбал, тус музейг “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд  Улаанбаатар хотын төвөөс 58 км зайд байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн сав газарт нийт 3.8 га талбайд уг музейг байгуулан байршуулахаар төлөвлөж буй гэх.
Палеонтологийн олдворын музейг байгаль дэлхийд нь байршуулснаар дэлхийн хэмжээнд сурталчлах, судалгаа шинжилгээ хийж болохуйц томоохон бүтээн байгуулалт хийгдэхээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их нөлөөтэй юм байх. 

Харин тус музейн барилгад бурхан шашны музей байгуулагдахаар төлөвлөгдөж аж. Анх В.И.Лениний музейн барилга, байгууламж нь анх баригдахдаа  үндэсний хэв шинжийг агуулсан, мөн дотоод бүтэц, үзүүлэнгүүдийн танхим нь энэ төрлийн үзмэрт зориулагдсан учир Бурхан шашны музей хамгийн тохиромжтой гэнэ. 
Тэгвэл наадмын өмнөхөн нээлтээ хийж, анхны үзэгчдээ хүлээн авсан Үлэг гүрвэлийн төв музейн удирдлагууд энэ талаар ямар бодолтой байгаа юм бол. Энэ асуудал болоод асуудлыг тодруулахаар тус музейг зорилоо. 


Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах” зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон. Энэ тогтоолоос хойш өнөөдрийг хүртэл музейг үзэх гэсэн иргэдийн дунд хүлээлт үүссэн. Иймээс OKTA төв буюу хуучнаар В.И.Лениний музейн барилгыг засварлан  палентологийн музейн чиглэлээр ажиллуулаад эхэлсэн юм. 

Тус музейн гадна очиход “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэн өдөр бүр 10.00-19.00 цаг хүртэл гэсэн  бичгийн доор “Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг зүүн хаалгаар орж үзнэ үү" гэсэн бичиг хадаатай байлаа.  Ингээд зүүн хаалгаар ороход үүдний манаач, музейн угтагч буюу хүлээн авахын ажилтан эмэгтэй угтаж авлаа. 

Музейн ажилтан эмэгтэйд ирсэн учраа тайлбарлахад “манай дарга, нарийн бичиг бүгд амарчихсан байгаа. Нарийн бичиг маань ирэх долоо хоногоос ажилдаа орж магадгүй. Танд музейн талаар мэдээлэл өгөх эрх мэдэлтэй нэг ч хүн алга” гэсэн юм. Гэхдээ түүнээс музейн үйл ажиллагааны талаар асуухад тэрээр “Музей засвартай байгаа. Бүх танхим нээгдээгүй. Ганцхан танхим нээгдэж, үзэгчдээ хүлээн аваад байна. Гадна, дотны жуулчид ирж байгаа” гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн даргатай холбогдож, музейн өмчлөлийн асуудал бүрэн шийдэгдсэн эсэхийг тодруулахыг хүссэн ч бас л ээлжийн амралтаа авсан. Удахгүй ажилдаа орох байх” гэдэг хариуг авлаа. 

Юутай ч Үлэг гүрвэлийн музей бүтнээрээ биш ч гэлээ үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Гэхдээ уг музей бүтнээрээ ашиглалтад орох хүртлээ нэлээд хугацааг зарцуулах сурагтай. Гэтэл хуучнаар ССАЖЯ-наас 78 сая төгрөг хуримтлуулах төлөвлөгөө авсан гэнэ. Иймээс эхний ээлжид төв танхимаа нээлттэй болгосон нь энэ аж. 
Уг музейд Батаараас гадна хүмүүст дэлгэгдээгүй байгаа10 гаруй сор үзмэрийг тавих гэнэ. Тус музей 800 гаруй сая төгрөгийн төсөвтэй юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fidyij 2015-08-19 16:34:53
    huvhai yasaar yaadgiin. tsetserleg bolgooch ardiin huuhded ambaar ch alga
    103.229.121.195
    Мэдэгдсэн Хариулах