Зарим зардал хуулийн зохицуулалтаар хотод ирэхээр төсөв данхайсан юм шиг харагдаж магадгүй
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Хүрэлбаатартай ярилцлаа.
 
-Төлөөлөгч хүний хувиар нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн харж байна вэ?
 
-Төлөөлөгчөөр ажиллаад сонгуульт хугацааныхаа талыг дүүргэж байна. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын гаргасан мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засгийг хегжүүлэх 2020 он хүртлэх төлөвлөгөө Засгийн газраас батлагдсан. Тиймээс энэ хүрээнд хийх ажлуудыг жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Тулгамдаж байгаа асуудлын хувьд өдрөөс өдөрт л олон асуудал гарч ирж байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил байна. Энэ ажил хэрэгжиж эхлээд явж байна. Мөн нийслэлийн дэд бүтэц, төвлөрлийг багасгах болон хог гэх мэт олон асуудал байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдлийг бууруулах зэрэг олон асуудал бий. Би энэ жил НИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Мөн нийслэлийн Төсөв, санхүү эдийн засгийн хорооны даргын хувьд нийслэлийн төсвийн хүрэлцээ санхүүгийн байдал түүнд тавих хяналт, гүйцэтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт ажлыг хийж байна.
 
-Нийслэл дахь МАН- ын бүлгийн зүгээс төсөв данхайсан байгаа тухай хэлж байгаа?
 
-Үүнийг нарийн судлах хэрэгтэй. Таамгаар хэлж болохгүй. Аяндаа төсвийн тодотгол хэлэлцэгдэнэ. УИХ-аас бид урсгал зардлыг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолыг хэрэгжүүлэхтэй уялдуулан улсын баяраас өмнө төсвийн тодотголоо ярилцана.
 
Би асуулгыг нарийн уншиж танилцаагүй. Гэхдээ зарим зүйлсийг анхаараагүй байна лээ. Жишээлбэл, бүх дүүргийн халамжийн мөнгийг нийслэлийн төсөвт тавьж, олгодог. Нэг үгээр бол хотын орлогоор халамжийн мөнгийг өгч байна гэсэн үг. Энэ нь жилд 83,8 тэрбум орчим төгрөг байдаг. Мөн 2012 онд шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн дагуу өмнө нь төсвөөс гадуур зарцуулагдаж байсан хог хаягдлын хураамжийн орлого, зарлага 2013 оноос орон нутгийн төсөвт тусгагдаж батлагддаг болсон. 2014 онд хог хаягдлын тээвэрлэлтийн зардалд нийслэл, дүүргийн төсөвт нийт 21,7 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байна. Нийслэлийн 2014 оны урсгал зардалд Улаанбаатар-Орон сууц сан, Бичил зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зориулан нийт 30,2 тэрбум төгрөгийн сангийн зардал тусгагдаж батлагдаад байна.
 
Хотыг цэцэрлэгжүүлэх талбайг нэмэгдүүлэх замаар 2016 онд ногоон байгууламжийг хэмжээг хотын эдэлбэр газрын 20 хувьд хүргэх зорилт, нийтийн эзэмшлийн зам талбайг өдрийн хоёр удаагийн давтамжтай цэвэрлэдэг болсон зэрэг шалтгаанаас нийслэлийн хот тохижуулах зардал 2012 оны хот тохижуулах зардлын гүйлгэлтээс 24,2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ мэтчилэн нарийн задаргаатай тоонуудыг эргэж харах
хэрэгтэй. Өмнө нь халамжийн мөнгө халамжийн сангаас гардаг байсан бол шинэ хуулиар дүүргийн орлогоос тавьж байгаа. Гэх мэт зардал хуулийн зохицуулалтаар хотод ирэхээр төсөв данхайсан юм шиг харагдаж байж магадгүй. Үүнийг нарийн салгаж дүн шинжилгээ, анализ хийж байж танилцуулах байх. Мөн нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу нийслэлийн бүтцийн талаар танилцуулах байх. Тухайн үед бүтэц ямар байгаа болон сайжруулах асуудлыг авч хэлэлцэнэ.
 
Түүнчлэн ИТХ-аас “Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд шинээр “Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо” байгуулагдсан. Энэ хороогоор дамжуулан бид техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдээлэл технологийн шинэчлэл дээр үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломж хэр байгаа зэрэг асуудлыг авч хэлэлцэж байгаа. Үр ашиггүй зардлыг бууруулах, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн боломжийг судлан тухай бүр нь арга хэмжээ авч байгаа. Цаашдаа ч энэ мэтийн үйл ажиллагаа явуулна.
 
-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа шүү дээ. Энэ талаар?
 
-ИТХ-аас өгсөн үүргийн дагуу бүх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдсан. Үүнээс аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн татварыг бүрэн авч чадаж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавих юм. Улмаар үр дүнд нь төсвийн орлого нэмэгдэх сайн тал бий. Ер нь нийслэлийн орлогыг бүрдүүлэгч гол хэсэг нь хүн амын орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар байдаг. Тиймээс үүнийг сайжруулж, нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа хувийн хэвшлийн хийж болох бололцоотой ажлыг төр хийх нь буруу юм гэсэн нийслэлийн өмчийн бодлогын хөтөлбөр гаргасан.
 
Ингэснээр нийслэл ямар өмчтэй байх юм, ямар өмчийг хувийн хэвшилд шилжүүлэх юм гэдгийг хэлэлцээд явж байгаа. Ингээд зарим аж ахуйн нэгжийг хувийн хэвшилд шилжүүлэн, дуудлага худалдаа зарлаж, орлого нэмэгдүүлэхийн тулд өмч хувьчлалын бодлогоо баталж, орлогоо нэмэгдүүлж байгаа юм.
 
-Есөн дүүргийн нэг нь л нийслэлээс татаас авдаг байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ. Авто худалдааны цогцолборын татварыг дүүрэгт шилжүүлвэл нийслэлээс татаас авах нь багасах тухай тухайн дүүргийн удирдлагууд хэлж байсан?
 
-Дээр халамжийн мөнгөний талаар дурдсан шүү дээ. Уг нь халамжийг бие даасан халамжийн сангийн хөрөнгөөр олгох ёстой. Түүнээс биш нийслэлийн татвараас олгох нь хувь хүний байр суурьнаас ч харсан буруу. Ер нь татаас өгөх газраа татаасаа өгнө. Хамгийн гол бид нийслэлийн бөглөрлийг арилгаж, бүх юм цэгцтэй хотыг л бүрдүүлзх гэж байгаа. Үүний үр дүнд хаа сайгүй байгаа автомашины худалдааг нэг дор төвлөрүүлэх л ажлыг хийж байгаа юм. Түүнээс биш байгууламж дотор үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн бизнөсийг хаах гэсэн юм байхгүй. Үүний цаана нийслэлийн иргэдийн эрүүл ахуй гэх том асуудал байна.
 
-Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Үүнийг зарим нь буруу гэх юм?
 
-Газрын асуудал эмзэг байдаг. Ерөнхийдөө нийслэ­лийн хүн ам харьцангуй нэмэгдлээ. Механик өсөлт бий болчихоод байна гэж хэлж болно. Тиймээс нийслэлийн бүх иргэнд газар өмчлүүлнэ гэвэл учир дутагдалтай. Хувь хүний бодлоор бол өмчлүүлэхээсээ өмнө дахин төлөвлөлтүүд, явган хүний гарц, цэцэрлэгжүүлэлт гэх мэтийн ажил чухал байгаа. Замбараагүй гэр хорооллыг дахин төлөвлөж цэвэр цэмцгэр хотыг бүрдүүлэх нь чухал уу гэдгийг харах хэрэгтэй.
 
өн нийслэлийн МАН- ын бүлгийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил биш. Хоёр жилийн хугацаа өнгөрөөд байхад ажлын үр дүн харагдахгүй байна, одоо ажлын үр дүн нэхнэ гэж байгаа?
 
-Ур дүн нь гараад эхний ээлжийн хороолол босоод хүмүүс амьдарч байна. Хилчин хороолол. Тэнд байгаа хүмүүстэй тохиролцоод, хамтын шийдвэр гаргаж дэд бүтэц тавих ажил хийнэ гэдэг ганц, хоёр жилд хийгээд дуусчихдаг ажил биш. Иргэдийн хурлын даргын тэргүүлсэн ажлын хэсэг гараад ажиллаж байна. Харин ч амжилттай хийгдэж байна гэж бодож байгаа. Хамгийн гол нь хамтын зөв мэдээллийг иргэдэд өгөх нь чухал. Түүнээс биш зарим нь зөв, зарим нь буруу гэх мэтээр ярих хэрэггүй. Хамтаараа шийдвэр гаргаад явсан бол цөөнх нь дагах үүрэгтэй.
 
Хэрэв буруу сурталчилгаа хий­гээд байвал иргэдийн өмч хөрөнгө, амьдрал ахуйгаа сайжруулах гэсэн зорилгын эсрэг ажилбар болно. Тийм ч учраас олонхиороо асуудлыг шийдэж, түүнийг дэмжих ардчилсан сонгодог зарчмыг баримтлан ажиллах нь чухал юм.
 
-Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцлээ. Зөвхөн журам гаргаад том ажлыг зогсоочих вий гэсэн хардлага байна?
 
-Журмыг хэлэлцэж байна. Журамгүй байна гэдэг замбараагүй байдлын нэг хэлбэр. Бид чиглэл бүрийн дагуух хөтөлбөрийг батлаад, журмыг баталсны дагуу хэрэгжүүлэх механизм руу орох ёстой. Ер нь том ажил гээд аливаа ажлыг хойш нь тавьбал ирээдүй харагдахгүй. Ирээдүйгээ хараад хөтөлбөр боловсруулан ажиллаж байхад том ажил гээд хойш суух эрхийг сонгогчид олгоогүй. Ер нь Иргэдийн хурал тодорхой зорилт, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн байр сууриндаа баттай зогсож байна. Харин мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран хөдөлмөрлөх нь чухал байгаа юм.
 
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.