“Би Жи Би Жи” компани улсад учруулсан хохирлоо хэзээ барагдуулах вэ?
Баянгол дүүргийн 16 дугаар байрын сууринд хазайлт өгч, оршин суугчдыг цочролд оруулсан билээ. Улмаар уг байранд оршин сууж буй 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зочид буудалд сар гаруйн хугацаанд амьдруулсан. 

Уг байранд хазайлт өгсөн шалтгаан нь “Би Жи Би Жи” компани зөвшөөрсөн хэмжээнээсээ хэтрүүлэн нүх ухсанаас болсон гэх дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргасан байдаг.

Холбогдох дүүрэг, нийслэлийн албаны хүмүүс тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж уг газарт нь цэцэрлэгт хүрээлэн байгуулна  хэмээн тухайн үед мэдээлж байсан. Гэвч зургадугаар сарын сүүлээр “Би Жи Би Жи” компанийнхан тусгай зөвшөөрөл цуцлаагүй гэдэг шалтгаанаар өнөөх байраа барьж эхэлсэн юм. Нэгэнт барилгын ажлаа хууль бусаар үргэлжлүүлж байгаа нь тогтоогдсон учраас тус дүүргийн ЗДТГ-аас тухайн компанийг шалгуулах хүсэлтээ АТГ болон НМХГ-т хүргүүлсэн байна. Гэвч  том толгойтой “Би Жи Би Жи” компани тоомжиргүй хандаж барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан.

Харин үүнд иргэд ихээхэн дургүйцэж нэлээд эсэргүүцсэн. Иймд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн барилгын ажлыг зогсоож, барилгын талбайг битүүмжилсэн. Мөн уг компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар байна. Айлуудыг нь нүүлгэж суулгахад 700 гаруй сая төгрөг зарцуулсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тиймээс ЗДТГ-аас “Би Жи Би Жи” компаниас урьдчилсан байдлаар 800 гаруй сая төгрөг нэхэмжлэхээр болжээ.

Барилгын сууринд хазайлт өгч, нурах аюултай хэмээн 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үед тус компани ямар ч мөнгө байхгүй гэдэг тайлбарыг хийж яаралтай ажилд нийслэлийн нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж оршин суугчдыг зочид буудалд байрласан зардлыг төлсөн байдаг. Харин уг мөнгийг тус компанийнхан одоо хэр нь төлөөгүй том толгойлж явсаар байгаа аж.  Татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгэн том толгойтой компанийн хариуцлагагүй үйлдлийг төлж байгаад иргэд  ихээхэн дургүйцэж байна. Тиймээс яаралтай “Би Жи Би Жи” компаниас нөөц хөрөнгийн мөнгийг гаргуулж авахыг шаардаж байгаа юм.

Тус компаниас анхнаасаа  зөвшөөрөгдсөн талбайн хэмжээг өргөтгөн, барих барилгынхаа давхрыг ч нэмж, дураараа аашилсан. Гэвч энэ бүхнийг хүлээн зөвшөөрч байсан албаныхан өдгөө уг асуудлыг өөр хоорондоо шидэлцэж буй.  БГД-ийн Засаг дарга Д. Оросоогийн хувьд бидэнд барилгатай холбоотой шийдвэр гаргах эрх байхгүй гэж байгаа бол анх тус компанид зөвшөөрөл олгосон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болоод нийслэлийн холбогдох хүмүүс 18 давхраас дээш барилга бидэнд хамаарахгүй , энэ асуудал яаманд хамаатай гэж буй. Харин БХБЯ энэ асуудлаар ямар ч тайлбар хийгээгүй байгаа.  

Ямартай ч олон олон асуудал дагуулсан тус компанийн барилгын талбайг нь битүүмжилчихсэн. Одоо харин мөнгөө гаргуулж авах л үлдлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэ 2015-08-17 16:40:13
    хэзээ ч төлөхгүй бүх зүйл өршөөгдсөн
    112.72.13.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-17 03:14:33
    төр л төмөр нүүрээ гарга
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨРИЙН БАНК 2015-08-17 02:42:25
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.178
    Мэдэгдсэн Хариулах