Н.Ганибал: Дорнод, Сүхбаатарын нутгаас хадлан бэлтгэнэ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалтай ярилцлаа.

-Энэ намар хэчнээн тонн байгалийн хадланавах вэ. Ихэнх нутаг гантай болон гандуузуссан. Тиймээс хадах өвс маруухан гэсэняриа байна?

-Монгол Улсын хэмжээнд 2016 онд өвөлжиж, хаваржих малын тоо толгойг бид 58 сая гэж урьдчилан тооцоолж байгаа. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд ойролцоогоор 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Үүнд бүх өвсний нөөц орж байгаа. Малчин хүн өөрийнхөө малыг 10 хоногт тэжээх хэмжээний өвсийг зайлшгүй нөөцөлсөн байх ёстой.

Дээрээс нь бүх аймаг, сумын хэмжээнд аюулгүйн нөөц гэж гурав хоног малдаа өгөхөд хүрэлцэх өвс, нэмэлт тэжээлүүд бэлтгэдэг. Энэ нь орно. Мөн улсын нөөцийг оруулж тооцоод 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ нөөцийг бүрдүүлж чадвал ямар ч зудыг даван туулж чадна.

-Өвснөөс гадна хэчнээн тонн тэжээл бэлтгэхвэ?

-Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 150 орчим мянган тонн нэмэлт тэжээл шаардлагатай гэж тооцоолж байгаа. Монгол Улсын Засгийн газар наадмын өмнө буюу зургадугаар сарын дундуур өвөлжилтийн бэлэн байдлыг хангах тухай 292 дугаар тогтоол гаргасан. Энэ ажлын хүрээнд цаг уурын урьдчилсан нөхцөл байдалтайгаа уялдуулаад нийт малчин болоод аймаг, сум орны удидлагуудад чиглэл өгсөн юм. Өвлийн бэлтгэл хангуулах ажил ид дундаа явж байна. Зарим нэг хүндрэл ч бий. Тухайлбал, зуншлага муутай аймгуудад их хэмжээний хадлан бэлтгэх ажил хүндрэлтэй байсан. Үүнтэй уялдуулаад энэ жилийн хувьд хамгийн зуншлага сайтай Дорнод, Сүхбаатар аймагт томоохон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нар, хадлангийн бригад салаануудыг өвс, хадлан, тэжээл авах талбайг гаргаж өгөх үүрэг чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгчихсөн байгаа. Нийт 630 мянган га газрыг гаргаж өгөөд хадлан хадах зохицуулалтыг хийсэн.

-Хадлан тэжээл бэлтгэх жил жилийн биелэлт дунджаар хэдэн хувьтай байдаг вэ?

-Ер нь 70 орчим хувьтай байдаг. Энэ жил ч дор хаяж 70-80 хувьтай хадлан авахыг зорьж байна.

-Муу амлаж байгаа юм биш. Ахмад туршлагатай малчдын зарим нь ирэх өвөл зуд болно гэж байна?

-Тодорхой хэмжээгээр цаг хүндэрч, зуд турхан боллоо гэхэд яаж даван туулах вэ гэдэг шийдлүүдийг бид гаргасан байгаа. Засгийн газрын хуралдаанаар гурилын үйлдвэрүүдээс гаргадаг хивэгний экспортыг зогсоолоо. Энэ нь үйлдвэрлэсэн хивгээ дотооддоо хэрэглэнэ гэсэн үг. Ирэх оны гуравдугаар сарын 30 хүртэл хивгийг үйлдвэрийнх нь агуулахад байлгах Засгийн газрын тогтоолтой. Энэ жил 90 орчим мянган тонн хивэг үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд БНХАУ руу хивэг экспортолдог байсан бол энэ жил малчид маань цаг хүндэрлээ гэхэд худалдаж авах хивэгтэйгээ байгаа гэж ойлгож болно. Мөн өнгөрсөн жилээс манай улсад тосны үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэрээс гарч буй тосны ургамлын шахагдас буюу уурагт тэжээл гэж бий. Уургийн агууламж нь 35-45 хувьтай, тослог нь 70 хүртэлх хувьтай бэлдмэл юм. Үүнийг ядарсан малд өгөхөд тарга тэвээрэг авах хамгийн сонгодог тэжээл гэдгийг дэлхийн жишигт хүлээн зөвшөөрчихсөн. Дээрээс нь газар тариалангийн салбарт болц нь гүйцээгүй улаанбуудай бий болж байгаа. Монгол Улсын хэмжээнд энэ жил 36 мянган га талбайн улаанбуудай ногоон тэжээлд шилжинэ гэж тооцоолж байгаа юм.

-Хамгийн гол нь тэр 36 мянган га талбайгаасаа ногоон тэжээл бэлтгэх тариагаа хурааж авч амжих уу гэдэгасуудал үүснэ дээ?

-Газар тариалангийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүсийн өгсөн зөвөлгөөний дагуу ирэх сарын дундуур ногоон тэжээл бэлтгэх буудайгаа хурааж эхэлнэ. Хадахад техник хангалттай юм билээ. Харин хаман боогч бөөнөөр нь нийлүүлэх ажлыг төрийн оролцоотойгоор зохион байгуулна. Шаардлагатай газруудад 20 ширхэг хаман боогч байршуулаад ногоон тэжээл авах юм.

-“Зуд зунаасаа мэдэгддэг” гэдэг. Хашир туршлагатай малчид үүнийг хэдийнэ анзаарчээ. Харин туршлагабагатай малчдын хувьд учраа олохгүй байх шиг? 

-Энэ жил улсын нөөцийн өвс тэжээлийг зуншлага муу байсан, зуд болох магадлалтай газруудад нэмэлтээр бүрдүүлнэ. Малчид маань өвөл, хавар мал маллах ажиллах хүчний чадамжаа зөв тогтоох хэрэгтэй. Ингээд түүндээ таарч тохирсон мал маллах асуудал байгаа юм. Ингэхгүй, өөрсдийнхөө хүчин чадлаас давсан баахан мал маллаж, өвөл, хаврыг давна гээд зүтгэчихдэг. Гэтэл нэг өдрийн цаснаар бүгдийг нь тавиад туучих эрсдэл бий. Үүнээсээ болж олонх нь малаа алддаг. Тиймээс малчид нөөц боломждоо тохируулж, өвөл, хаврыг давж чадах малаа авч үлдээд илүүг нь мах бэлтгэлд өгөхөд буруудахгүй л болов уу. Ингэвэл аль ч талдаа эрсдэлгүй. Өрхийн төсөвтөө мөнгөн орлого бүрдүүлчихнэ. Мал хэрэгтэй гэвэл хавар буцаагаад худалдаж авч болно шүү дээ.

-Эндээс мах бэлтгэлийг яаж зохион байгуулах юм бэ гэдэг асуудал урган гарч байна?

-Энэ жил өнгөрсөн жилүүдээс илүүтэйгээр манай махны үйлдвэрүүд ОХУ, БНХАУ, Вьетнам руу мах гаргах чадамжтай болчихсон. 2-3 дахин их чадамжтай болсон. Үүнийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор санхүүжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагууд нь авсан.

-Мах бэлтгэл хэзээнээс эхлэх вэ. Одоохондоо малчид онд орохгүй гэсэн мал махаа борлуулах гэхээрмөнгөтэй хүн алга, гүйхгүй байна гэж байна билээ?

-Намар есдүгээр сарын нэгнээс хүүхэд сургуульд орно гээд малчид мал махны нийлүүлэлт хийдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр дэмждэг. Үндсэн мах бэлтгэл маань арваннэгдүгээр сарын эхэн буюу цаг уурын температур 0 хэмээс доош орсон үед эхэлдэг. Тэр үед нь бид эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдэж өгнө. Түүнээс биш өдөр тутмын ажилд төр оролцоно гэвэл бүтэхгүй. Монголчууд мах идэхээ больсон цагт л мал махны борлуулалт буурна уу гэхээс биш худалдан авагчдын хүнсний үндсэн хэрэглээнд мах хэвээрээ л байгаа шүү дээ.

-Магадгүй махны нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна гэсэн хүлээлт байгаа юм биш үү. Гэтэл малчин бас ашигхараад үнэ буурахгүй байна уу?

-Төрийн зүгээс хийж буй хамгийн том ажил бол нөөцийн махыг сүүлийн хоёр жил маш сайн бүрдүүлсэн. Яагаад гэвэл, ямар нэгэн байдлаар мах бэлд гэж мөнгө өгөөгүй. Бэлдсэн махыг нь барьцаалаад зээл олгосон. Хөдлөх хөрөнгийг барьцаалах агуулахын систем ажилласан байгаа. Үүний үр дүнд махний үнийг тодорхой хэмжээгээр барьж чадлаа. Махны үнийг ингэж барьснаар улс орны хувьд их хэмжээний савалгаа үүсэхээс сэргийлдэг. Намар махны нийлүүлэлт ихсэж, үнэ хэт доошоо унах, хавар эрэлт ихсэхээр хаданд гарсан үнэ хэлэх зэргээс ийнхүү сэргийлснээр эдийн засгийн хувьд малчин, хэрэглэгч, хэн хэнд нь ашигтай.

-Энэ жил отрын бүс нутагт хэдэн малчин өвөлжих вэ. Зуншлага хэр байсан бол?

-Ирэх долоо хоногийн сүүлчээр 2016 онд өвөлжих малын бэлчээрийн даацыг албан ёсоор тодорхойлж дуусна. Үүний дараа л ямар бүс нутгуудад хэдий хэмжээний мал өвөлжүүлэх вэ гэдэг ерөнхий төсөөлөл гарна. Мөн аравдугаар сарын 1-н хүртэл хэдий хэмжээний мал аймаг дундын отрын бүс нутаг, дархан цаазат газар, хилийн хориотой зурваст отроор өвөлжиж, хаваржих вэ гэдэг захиалгыг авч, зохицуулалт хийж өгнө. Энэ жилийн хувьд тодорхой хэмжээний хүндрэл байгаа. Нэн ялангуяа Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян-Улааны нутаг, Булган аймаг дахь Чилэнгийн бүс гээд аймаг дундын отрын бүс нутаг маань хамгийн сүүлд зуслаа. Өөрөөр хэлбэл, эдгээр нутагт өөр аймгийн малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж одоогоор байхгүй. Тиймээс зуншлага сайтай байсан аймгуудад оторлох боломж олгоно.
 

Зууны мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.