Дэлхийн ур чадварын олимп нээлтээ хийж, тэмцээнүүд албан ёсоор эхэллээ
Бразилийн эдийн засгийн гол цэг амин зүрх нь болсон Сан Пауло хотноо энэ сарын 11-нд буюу манайхаар 12-ны өдөр Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн нээлтээ хийлээ. Ибирапуэра цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслол эхлэхээсээ дуусах хүртлээ хөгжим, бүжиг хосолсон Бразилийн багт наадмын өнгө аясаар өрнөсөн бөгөөд нээлтийг үзэхээр цэнгэлдэхэд арван мянга гаруй хүн цугласан байжээ. Тайзнаа 400 бүжигчин нэгэн зэрэг нэг хүн шиг хөдлөн бүжиглэхдээ “Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлнэ” гэсэн тэмцээний гол уриаг илэрхийлэхийн хамт энэ удаагийн тэмцээнд оролцогчдын ур чадвараа сорих мэргэжлүүдийг ч урлагийн хэлээр давхар танилцуулаад амжиж буй нь тун ч гайхалтай. 

Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг эл тэмцээнийг дэлхий нийтэд ур чадвартай мэргэжлийн ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг юм.

Энэ удаагийн олимпод дэлхийн 59 орноос 1190 оролцогч 50 мэргэжлээр ур чадвараа сорихоор Бразилийн Сан Паулод цуглаад байгаа.

“Нээлтийн ёслолын хамгийн оргил буюу сэтгэл зүрх огшоосон хэсэг нь улс орон бүрээс ирсэн баг тамирчдыг танилцуулах юм билээ. Чанга яригчаар Монгол Улс хэмээн зарлахад дэлгэцнээ манай алтан соёмбот төрийн далбаа минь гарч цэнгэлдэхийн бүхэлд нь бүрхэх ахуйд эх орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөхөөр явсан манай есөн залуу төрийн далбаагаа намируулсаар гарч ирсэн. Яг тэр мөчид эх орноороо бахархах сэтгэл зүрх догдлуулан хөөргөдөг юм билээ” хэмээн Монголын багийн эксперт багш нар цахим ертөнцөөр сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Хүндэтгэлийн ёслолын дараа тэмцээнүүд албан ёсоор эхэлсэн бөгөөд нээлтийн туузыг Дэлхийн ур чадварын байгууллагын удирдлага, зохион байгуулагч орны тэргүүнүүд, оролцогчдын төлөөллөөс гадна Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй БНСУ-ын “Самсунг” корпорацийн төлөөлөгч зэрэг эрхмүүд хайчилсан байна. Үүгээр дэлхийд мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн эхэллээ. Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэнээр Ур чадварын дэлхийн олимпод алтан гартай ажилчин залуусаа сойж, авьяас чадварыг нь дэлхийн дэвжээнд үнэлүүлэх боломжтой болсон билээ. Тэр дагуу Дэлхийн ур чадаварын олимпод оролцох Монголын багийг бэлтгэх ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн холбоод, олон улсын донор байгууллагуудын тусламжтайгаар хийж ирсэн.

Монгол Улс анхныхаа олимпод есөн мэргэжлээр оролцохоор болж мэргэжлийн боловсролын сургалтын бүх шатны байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй хүүхэд залуусаас шилдгийн шилдгийг шалгаруулан дасгалжуулагч багш нарынх нь хамт Бразилийн Сан Пауло руу илгээсэн. Гагнуурын төрөлд Техник технологийн дээд сургуулийн оюутан Л.Ганцоож дасгалжуулагч багш, ДЦС-4-ийн лабораторийн эрхлэгч C.Батсайханы хамт,
Цахилгаан угсралтын төрөлд Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн цахилгааны хоёрдугаар курсын оюутан П.Галбадрах, дасгалжуулагч УУПК-ийн цахилгааны багш Д.Бадамсүрэнгийн хамт,
Программын удирдлагатай токарь төрөлд Барилгын политехник коллежийн токарийн ангийн сурагч Х.Лхагва, дасгалжуулагч, ШУТИС-ийн МТС-ийн Машин үйлдвэрлэлийн тэнхмийн багш Г.Оюунбатын хамт,
Мужааны төрөлд Техник технологийн дээд сургуулийн оюутан Д.Нармандах, дасгалжуулагч багш, Ой, модны үйлдвэрлэлийн холбооны мэргэжилтэн Ц.Цогоогийн хамт,
Хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн сурагч Б.Мөнгөншагай, дасгалжуулагч, Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн засал чимэглэлийн багш З.Оюунцэцэгийн хамт,
Өрлөг угсралтын төрөлд Барилгын политехник коллежийн оюутан Ж.Энхчимэг дасгалжуулагч багш, “MCS Проперти” ХХК-ийн барилгын инженер Э.Ганбаатарын хамт
Үсчний мэргэжлээр Үйлдвэр урлалын политехник коллежийн мастер технологийн нэгдүгээр курсийн оюутан Б.Ундармаа, дасгалжуулагч багш Л.Одгэрэлийн хамт,
Гоо заслаар Үйлдвэр урлалын политехник коллежийн оюутан Б.Номингоо дасгалжуулагч Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн гоо заслын багш О.Ичинноровын хамт,
Тогоочийн мэргэжлээр Техник технологийн дээд сургуулийн тогоочийн хоёрдугаар ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, дасгалжуулагч, ТТДС-ийн хоол үйлдвэрлэлийн багш Л.Ганцолмонгийн хамт тус тус оролцож буй юм. 
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.