Намуудын улстөржилт гадны хөрөнгө оруулалтад нөлөөлж байна
Эдийн засагт сүүлийн таван жилийн хамгийн таагүй үе тохиож, өр төлбөр нэхэгдэхийн ирмэг дээр ирээд байх үед байгаль эх энэрэлгүй загнаж ган болсон нь монголчуудын ирээдүйг “муу дээр муухай, муухай дээр улцан” гэдэг шиг сүүдэрлэж орхилоо. Монголчууд дотоодын үйлд­вэрлэл үйлчилгээ гэхээсээ илүү гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засагтай гэдэг нь сүүлийн гурван жилд харагдсан. Гэрт нь орж ирсэн зочин гараад явахад өлсч үхэх гэж байгаа айл шиг арчаагүй байдалд орсон гэдэг нь мэдэгдсэн юм. Тэгвэл бидэнд гадны хөрөнгө оруулалтыг татах боломж ямар байна вэ. Эрх баригчид энэ талаар ямар ажил хийв. Ямар үр дүн гарав, өөрөөр хэлбэл, гадаад ертөнц биднийг хэрхэн дүгнэж байна вэ. Монголд анхаарлаа бусдаас арай илүү хандуулдаг олон улсын агентлагуудын мэдээллийг шүүрдээд үзэхэд олигтой мэдээлэл алга. Харин ч МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах болсныг нэгэн дуугаар мэдээлээд, энэ нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгааг дурьдсан байв.  

Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж байх үед Монголын ангиллыг тогтвортой хэмээн зарлаж байхдаа”Фитч” агентлаг “цаашдаа тогтвортой байвал” гэсэн зүүлт хийсэн байсан. Тэгвэл энэ тогтвортой байдал нь бидэнд алга. Зөвхөн “Фитч” ч биш, зэрэглэл тогтоодог бусад бүх агентлаг Монголын талаар бичихдээ агентлаг “Монгол Улс эдийн засгаа хянаж чаддаггүй” гэсэн санааг тов тодорхой илэрхийлдэг. “Орлогын эх үүсвэр нь түүхий эд, металлаас бүрддэг. Эдгээрийн худалдан авагч нь БНХАУ гэсэн ганцхан улс. Энэ улсын эдийн засгийн өсөлт жилээс жилд удааширч байгаа. Мөн зах зээл нь дэлхийн зах зээл дээрх металлын үнэ болон валютын ханшийн өөрчлөлтөд хэт мэдрэмтгий зэрэг нь банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах хүчин зүйл” гээд л. Гашуун ч гэсэн энэ үнэн. МАН-ын байнга санан дурсаад байдаг, эдийн засаг 17 хувийн өсөлттэй жил ч гадны томоохон агентлагууд “Монголын эдийн засгийн 17 хувийн өсөлт бодит биш” гэж бичиж байсан юм. ДНБ-ий өсөлт бол бүр ч худлаа. Түүнд өгүүлэхдээ “Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь нүүрсний экспортоос орж ирэх орлого нэмэгдсэнтэй холбоотой гэх боловч эдийн засаг өсөхийн хэрээр улсын төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна” хэмээн бичсэн байсан юм. Сүүлийн хоёр жил эдийн засгийн өсөлт хоёр дахин удааширсан байхад төсвийн алдагдал, өсөлт нэмэгдсээр байгаа нь олсон жаахан ахиц дэвшлээ үгүй хийж байсан гэсэн дүгнэлтийг “Фитч” агентлаг хийсэн байна. 

Нөхцөл байдал ийм дор орчихоод байхад экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан нь бидний хувьд муу мэдээ болоод байна. Экспортын орлого багасах нь тодорхой ийм үед уг нь гадна хөрөнгө оруулалт биднийг авч гарах учиртай. Гэвч бид өөрсдөөсөө болж хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хааж байх шиг. Учир нь, хууль эрхзүйн орчин хичнээн ч сайхан бай, эрх баригчид нь хөнжилдөө хөлөө жийлцсэн, бодлого нь тогтворгүй байвал хөрөнгө оруулагчид орж ирдэггүй аж.   

Эрх баригчид Засгийн газарт өөрчлөлт оруулж, танхимаар нь огцорч ч мэдэхээр эгзэгтэй байдалд ороод байгаа энэ үед эдийн засаг сайн, сайхан болно гэж хэлэхэд үнэхээр хүнд байна. Эрх баригчид Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том төсөл урагшилчихвал эдийн засаг сэвхийтэл сэргээд ирнэ гэж найдаж байгаа нь нууц биш. “Манайд баялаг нь хангалттай байгаа. Хамгийн гол нь сонголтын л асуудал”, “МАН-тай хамт Засгийн газарт байхдаа Тавантолгойг хөдөлгөчихвөл МАН-ын нэр хүнд өсчих гээд байгаа учраас АН хүлээлгээд байна. МАН Засгаас гармагц л Тавантолгой хөдөлж, эдийн засаг сайжирна” гэх зэрэг дүгнэлтийг эдийн засаг, улс төр гадарладаг нөхдүүд хийж, иргэдэд найдвар түрүүлээд буй. “З.Энхболд өөрөө Тавантолгойг явуулах гээд Ч.Сайханбилэгийн ажлыг уяад байгаа юм” гэсэн яриа ч сонсогдож, “МАН нь Засгаас гараад З.Энхболд нь Засгаа аваасай” гэх хүмүүс ч гарч байгаа нь нууц биш. Энэ бол иргэд туйлдаж байгаагийн шинж л дээ. Яагаад гэвэл, Засгийн газар солигдох нь гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай орнуудад тун муугаар нөлөөлдөг. Хууль эрхзүйн орчин хичнээн ч таатай бай, төр нь тогтворгүй л бол хөрөнгө оруулагчид хэсэг зуур азнахад хүрдэг байна. 

Одоогоос яг жилийн өмнө болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр уул уурхайн салбарын нэгэн зүтгэлтнээс “Татварын тал дээр манайх дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хэр гар чангатай байдаг вэ. Хөрөнгө оруулагчид ямар санал бодолтой байдаг бол” гэж асууж билээ. Манайхан татвараа багасгаж, хэрэндээ л гадны хөрөнгө оруулагчдад таатай хууль эрхзүйн орчин бүрдүүлчихлээ гэж ярьж эхлээд байсан үе юм. Тэгээд “Ажиглаад байхад дэлхийн улс орнуудад татвар тухайн компанийн ашгийн 20 хувиас хэтэрдэггүй. Манайх бол нэг их өндөрт ордоггүй. Бага ч биш. Би гадаад дотоодод хурал чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчдад хэлдэг юм, “Манай татвар дундаж шүү” гэж. Тэд ч хүлээн зөвшөөрдөг, “өндөр биш ээ” гэдэг юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, татвар их, бага байх нь хамаагүй, гол нь тогтвортой байх л чухал. Хуралд ирсэн хүмүүс ерөнхийдөө гайгүй хүлээж авч байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулсан улсын хууль эрхзүйн орчин сайн, муу байх гэдгээс гадна тогтвортой байхыг хүсдэг. Тэгэхээр хууль өөрчилснөөр эерэг сөрөг мессэж аль аль нь очиж байгаа гэсэн үг. Өнөөдөр таатай сайхан болсон ч гэсэн маргааш өөрчилж болно гэсэн болгоомжлол нь арилахгүй байна л даа. Үүнд манай улс төрийн тогтолцоо хамгийн ихээр нөлөөлж байна.

Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог, ялсан нам нь өмнөх намынхаа харьяалалтай бүх хүмүүсийг халж хаяад өөр хүмүүс томилчихдог. Хуулиа өөрчилдөг. Уг нь уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар юм шүү дээ. Улс төртэй ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн нөлөө орж ирээд байдаг. Бодит байдал ийм учраас хуульд хийсэн өөрчлөлт баталгаа болж чадахгүй байна. Дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд тогтвортой байж гэмээ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрнө” гэсэн хариулт авч билээ /Гэтэл манайд “Орлогынхоо 24 хувийг татварт өгсөн” гэж зарласан компанийг татвар нуун дарагдуулсан хэргээр ялласан тохиолдол гарсан/. 

Үнэхээр ч тэр үеэс хойш бүтэн жил өнгөрсөн ч хөрөнгө оруулалт бодитой нэмэгдсэнгүй. Яагаад вэ. Шуудхан хэлэхэд, Засгийн газраа огцруулснаас болсон. Тэр үеэс хойш найман сар өнгөрч, Ерөнхий сайд нь ч хөрөнгө оруулалт татахын тулд улаа эргэтэл гүйсэн ч сая танхимдаа өөрчлөлт оруулснаар хамаг ажлаа үрэн таран хийчихлээ. Хайран хөдөлмөр. Хэдэн сарын турш гадагшаа тэнэсний үр дүн гарахгүй нь тодорхой боллоо.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2015-08-13 00:08:59
    Намуудын нэг нь 2016 онд олонхи болноо энэ барилгын кампаниуд өндөр үнэтэй зарагдахгүй барилгаар эдийн засгаа хямраах үе эхэллээ энд анхаармаараа
    112.72.13.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-12 07:20:05
    АН улс орныг унагаасан, АН байгаа цагт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, яг үнэндээ МАН-аас өөр улс орныг аваад явах нам байхгүй юм байна даа,
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах
  • АН хэрэггүй 2015-08-12 02:17:07
    За яг зөв үгээр нь хэлбэл нам дээр сандайлсан луйварчид албан тушаалаараа дамжуулж монголчуудаа идэж дуусаад одоо гадныхантай наймалцах гээд заваарч байна
    202.55.183.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-12 01:55:43
    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадах...
    112.72.13.133
    Мэдэгдсэн Хариулах