Сурагчийн дүрэмт хувцас эрэлт ихтэй байна
2015-2016 оны хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Эцэг эхчүүд  хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд эдгээр өдрүүдэд зах худалдааны төвүүдийг зорьж байна. Одоогоор үзэсгэлэн худалдаанууд хараахан гарч амжаагүй байгаа юм. Албан ёсоор үзэсгэлэн худалдаа гараагүй байгаа ч 3, 4 дүгээр хороолол зэрэг худалдаа үйлчилгээний томоохон газруудын үүдээр хичээлийн хэрэгслийн худалдаа аль хэдийнээ гарчээ. Хичээл эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн тул эдгээр худалдаануудаар үйлчлүүлэх иргэд нэлээд цөөн байсан юм.  Энэ нь мэдээж манайхны юмыг тулгаж байж хийдэг  зантай холбоотой биз ээ. Ингээд  томоохон  зах, худалдааны төв болоод гудамжинд гарсан хичээлийн хэрэгслийн үнэ  өртөг ямар байгаа талаар бид сурвалжиллаа.

“Campap” брендийн дэвтэр 160-880 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ингээд бид 3,4 дүгээр хорооллын  дэлгүүрүүдийн үүдээр гарсан худалдааны хичээлийн хэрэгслийн үнийг сонирхоход 12-96 хуудастай “campap” брэндийн дэвтэрнүүд 160-880 төгрөг, өнгийн тосон харандаа 6000-13000, палмастер 3500-5500, шугам-2500-5000, зургийн дэвтэр”, үзгэн бал 1200-4500, цүнх 13000-45000 төгрөгийн үнэтэй байсан юм.  Эдгээр нь чанар сайтай бренд гэдэг утгаараа үнэ арай илүү өндөр байсан бол Нарантуул зах дээр зарагдаж буй урд хөршөөс оруулж ирсэн хичээлийн хэрэгслийн хувьд харьцангуй хямд байлаа. Мөн өргөн сонголттой байсан юм. Чанартай брендийн дэвтэрнүүдийн үнэ ч ялгаагүй уг худалдаанаас 50-100 төгрөгөөр хямд байлаа. 

Сурагчийн дүрэмт хувцас эрэлт ихтэй байна

Наадмын дараа нэг хэсэг хүн цөөтэй байдаг Нарантуул захын хамгийн их хүнтэй хэсэг бол сурагчийн дүрэмт хувцас худалдаалж эгнээ байлаа. Дүрэмт хувцасны хувьд БШУЯ-наас баталсан жишиг загварын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг зарж байгаа гэдгийг наймаачид хэлж байв. Үнийн хувьд анги ахих тусам өөрчлөгдөж байгаа ч  41-99 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа аж. 

Цэцэрлэгийн хүүхдийн багц 10500-15000 төгрөг

Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сургуулийн сурагчдаас илүүтэй хэрэгсэл бэлддэг болоод байгаа цэцэрлэгийнхэнд зориулсан зүйлсийг багцаар нь худалдаалдаг болоод байгаа. Ялангуяа үзэсгэлэн худалдаанууд дээр ингэж худалдах нь илүү байдаг бол захууд дээр ч багцаар нь худалдаалах нь элбэг болсон байна.  Тухайлбал цэцэрлэгийн  хүүхдүүдийн бэлдэх ёстой хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэлүүд болоод хувцаснуудыг багцаар худалдаалж байлаа. Эдгээрээс ариун цэврийн хэрэглэлийн багц илүү гүйлгээтэй байгааг  худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Уг багцад ариун цэврийн цаас  дөрвөн ширхэг, сальфетка дөрвөн ширхэг, сойз хоёр ширхэг багтсан байлаа. Ингээд 10500-15000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. 

Үзэсгэлэн худалдааны үнийг бодвол зах дээр хямд байна

Ингээд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж яваа нэгэн иргэний сэтгэгдлийг сонссон юм. 

Б.Нарангэрэл: Чингэлтэй дүүргийн иргэн: Сүүлийн үед заавал олон хүнтэй газраар чихэлдэж явахгүй хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх боломжтой  гэж бодоод өмнөх жилүүдэд үзэсгэлэн худалдаануудыг зорьдог байсан. Харин тэнд захын үнийг бодвол харьцангуй өндөр байдаг юм байна. Яахав чанартай бренд бүтээгдэхүүн байж болох ч жирийн иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Тэр болгон хүүхдүүддээ 7000, 8000 төгрөгийн өнгийн харандаа, 2000-3000 төгрөгийн үзгэн бал авч өгөөд байж чадахгүй.  Үзэсгэлэн худалдаа зохион байгуулахдаа энэ бүхнийг нь бодолцож байж аль болох өргөн сонголттой, үнийн хувьд ч ялгаагүй өргөн сонголттой байх талаас нь хийх хэрэгтэй байна. Ямартай ч өнөөдөр зарим зүйлээ захаас авлаа. Харин 15 гээд үзэсгэлэн худалдаанууд гарвал тийшээ очиж цүнх  авах санаатай байна. Бүтэн жил хэрэглэх болохоор чанартайг авмаар байна л даа. Одоохондоо гараагүй байх шиг байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2015-08-11 15:53:05
    Ер нь xичээийн хэрэгсэл жил ирэх,анги ахих тусам худалдан авахад хvндрэлтэй байдаг.Гэсэн ч э яаж ийгээд боломждоо тааруул бэлддэг.
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах