Гамлет жүжгийг Глобус театрын уран бүтээлчид тоглоно
Сонгодог жүжгийн суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет”, “Отелло”, “Макбет”, “Ромео Жульетта”,“III Ричард”  болон “Зуны шөнийн зүүд” бүтээлүүдийг тогтмол тоглож ирсэн гэдгээрээ Улсын Эрдмийн Драмын Театр Ази тивдээ ховорт тооцогддог. Тэгвэл энэ театрын түүхэнд бас нэгэн онцлох үйл явдал тохиох гэж байгаа нь Их Британи дахь Шекспирийн нэрэмжит Глобус театрын жүжигчид Монгол улсад  анх удаа хүрэлцэн ирж, 8 сарын 12-нд Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулах болсон явдал юм.

Тодруулбал Монгол улс нэрт зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд явуулж буй Globe to Globe Hamlet дэлхийн аялан тоглолтыг хүлээн авах 120 дахь орон болж байгаа бөгөөд дэлхийн соёлын үнэт өвд тооцогддог, театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлогч сонгодог бүтээл болох Шекспирийн Гамлет жүжгийг 1601 оноос эхлэлтэй Лондон хотын Глобус театрын 16 уран бүтээлчид Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзнаа үзэгч олны хүртээл болгох юм.

Глобус театрын найруулагч Доминик Дромгүүл болон Билл Бакхөрст нар Гамлет жүжгийг эмгэнэлт боловч хошигнол дүүрэн найруулгатайгаар шинэчлэн туурвисан бөгөөд тус жүжиг нь Шекспирийн зохиолуудаас хамгийн урт мөн гүн утга санааг илэрхийлдгээрээ алдартай билээ.
Дашрамд сонирхуулахад, Гамлет жүжгийганх Борис Пастернакийн орчуулгаас орчуулагч Ч.Чимид Монгол хэлнээ хөрвүүлэн урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан алтан үеийн жүжигчид амьдруулж байсан бол 33 жилийн дараа тайзнаа амилсан хоёр дахь Гамлетийн яруу үг, утга агуулгаХ.Мэргэний орчуулгаар эх хэлнээ бууж УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар шинэчилсэн найруулгаар тавьсан юм.Тухайн үед Данийн ханхүү болон түүний хүрээлэн буй хар цагаан нийгмийн тухай өгүүлэх Гамлет жүжгийг ийнхүү дахин хүргэсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Анх  “Бөмбөгөр ногоон” буюу “Улсын төв театр” нэртэйгээр үүд хаалгаа нээж байсан УДЭТ 84 жилийн турш оршин тогтнохдоо соён гэгээрүүлэх, урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж, театрын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхүйц хэдэн арван сонгодог, түүхэн, бэсрэг, хүүхдийн жүжгүүдийг уран бүтээлчид тайзнаа тавьж монголын ард түмний оюун болон сэтгэлийн мэлмийг гэрэлтүүлсээр байна. Тайзны жүжгийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэгч УДЭТ нь тун удахгүй Шекспирийн Ромео Жульетта эмгэнэлт хайрын түүхийг үзэгч түмний зүрхэнд шигтгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. 
Бусдад түгээх
  • gplus