ЭЗЭН-100 ба МАН хэмээх хурд сааруулагч
ЭЗЭН-100-гийн оршил

Эдийн засгийн хүндрэлд хэн бу­руутай вэ хэмээх гэнэн хэ­рүүл өрнөж байна. Хэзээнээсээ “Ар­дын дайсан”, шургалагч эт­гээд, баруунтан ба зүүнтэн, ну­дар­ган, хар шар хувалз, феодал ил­рүүлэх нь сурсан ч ажил, со­нирхолтой ч операци. Уг нь хэн нэг хүн, хэсэг бүлэг “ардын дай­сан” биш асуудал бэрхшээл мон­голчуудын үндсэн өрсөлдөгч юм.

Ямар асуудал вэ гэвэл эдийн за­сагчийн дипломгүйгээр эн­гийн ойлгогдчих зүйл зөндөө бай­на. Монголд онгоц, пуужин угс­рах­гүй ч дөрвөн сая үнээтэй байж, сүү, зайрмагаа Оросоос худалдаж ав­даг, “Сааль нь бэлэн ч саваа бэл­дээгүй”-н үйлийн үр. Алаг са­латыг алтан Прагаас зөөлгөж зоог­лодгийн өртөг төлбөр. Идэш ууш, өмсөх зүүхийнхээ 88 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй, бусдаас худалдаж авдагийн хүү торгууль. Хуримтлуулдаггүй хэрэглэсээр ирсэний алданги.

Монголдоо бүтээдэггүй, зэс, нүүрс, төмөр мэтийн гэсэн цөөхөн хэдэн төрлийн түүхий эд гаргадаг, тэр бүхнийх нь үнэ Хятадын өсөлт саарсаны улмаас унасан. Дэлхийд ганцаараа нүүрстэй, урантай, алттай юм шиг аашилж, техник технологи, туршлага, нэр хүнд, мөнгөө аваад ирсэн хөрөнгө оруулагчдаа хөөж туусаар 50 хувь хумигдсан. Ховор юм үнэтэй байдаг учир нүдний гэм болсон ам.долларын ханш өссөнийг ойлгоход заавал Харвардын дипломтай байх хэрэггүй.

Монголд итгээд тамгатай цаасны хариуд зээлсэн Чингис, Самурай бондын мөнгө орж ирээгүй бол валютын ханш бүр чангарч, цемент авахын тулд Хятадад төлдөг 250 сая ам.долларыг энд үлдээх үйлдвэрүүд босохгүй, нэг жилд тэрбумын түлш шатахуун хэмнэдэг “Гудамж” төслийн уулзварууд нээгдэхгүй байсан. Бондын мөнгө хаана байна вэ? гэвэл Хятадынхаас тонн нь 40 мянгаар хямд, илүү чанартай болсон цементийн үйлдвэрүүдэд, машинтай явган нэвтэрч байгаа уулзваруудад, дөрвөн улиралд шинэ өргөст хэмхээр хангах хүлэмжийн аж ахуйд, Монголд оёсон оймсны фабрикт байгаа бөгөөд тэд эргүүлэн төлнө.

Өр, зээл хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Бондын мөнгө аймгуудыг холбосон зам дээр байна. Замын-Үүдээс Хөвсгөл хүртэл 260  мянгаар бараагаа тээвэрлэхдээ ихэнхийг нь түлш шатахуунд зарцуулдаг худалдаачин одоо 130 мянгаар Мөрөн хотод хүрч байгаа бол тэр хүний халаасанд төгрөг, Монголд ам.доллар үлдэж байна. Дуслаас далай үүснэ. Өнөөдөр мөнгө хэрэгтэй байгаа бол авч эргэлдүүлээд ашгаа олчихоод буцаан төлдөг нь зах зээлийн зарчим. Хуучин Зөвлөлтөөс авсан зээлийн ихэнх нь мал аж ахуйд зориулагдсан ч хувийн биш нэгдлийн сүрэг өсөөгүй түүхтэй холих зүйл биш юм.

Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт диваажинг байгуулж, мах, төмс, гурил, ам.доллар дөрөв үнэгүй болохгүй ч баялаг бүтээхэд учруулдаг, эцсийн дүндээ бизнесменүүдэд гэхээсээ өөрсөддөө босгосон саад тээгээ арилгаж эрүүл саруул болгох, элдэв бусын хяналт шалгалт, дарамт шахалт, хүнд суртал, бүтээгдэхүүн биш айдас үйлдвэрлэдэг тогтоцыг өөрчлөх 70 гаруй ажил төлөвлөсөн байна. Хууль, эрх зүйн орчин нь эрүүл саруул бол гудсан доороос мөнгө гарна, хилийн цаанаас эргэж ирнэ.

Монголын эдийн засаг, монголчуудын амьдрал ахуй. АН-ын эдийн засаг, Ардын намын эдийн засаг гэж байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, цаасан дээрх зургаар нүүрс зөөхгүй, улс төрийн хэрүүлээр өргөст хэмх ургахгүй, цемент үйлдвэрлэхгүй боловч 100 хоногт амжуулах ажлыг аль болох гацаах, удаах, нэг нам эрх мэдлээ алдахад ямар ч гэм хийгээгүй аж ахуйн нэгж, компаниудын хүсэлтийг үл хэрэгсэх хүйтэн сэтгэлтэй тоглоом тоглож байна.

Ардаа торгосон Ардын намын хяналт

ЭЗЭН-100-гийн зургаа дахь өдөр. 2014.05.15. Эрчимжүүлэх 100 хоногийн зургаа дахь өдөр буюу 2014 оны тавдугаар сарын 15-нд УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ Хяналтын тухай хуулийг унагаж, эх орныхоо эдийн засаг, ард түмний амьдрал ахуйд “бэлэг” барилаа. Хяналтын тухай хууль батлагдвал гуанз, үсчин, цайны газар, дэлгүүр, үйлдвэр цехэд дарамт шахалт үзүүлдэг шаардлагагүй олон төрлийн шалгалт, торгууль алга болох байсан юм.

МАН Засгийн газрыг биш амьдрал ахуйгаа өөрсдийн гараар авч яваа ард түмэндээ сөрөх хүчин боллоо гэсэн үг. Мах, талхны үнэ мэддэггүй, мэдэрдэггүй, суулт хийхдээ ч зөөлөн буйдан дээр тухалдаг “тэнгэрийн амьтад” Хяналтын тухай хуулийг ийнхүү хоёр дахь удаагаа унагахдаа аж төрлийн төлөө зүтгэж байгаа ард түмнээ түлхэхгүй байх сэтгэл дутав.

Чуулгандаа биеэр ирээгүй МАН-ын гишүүдийн карт ирцэнд тоологдож, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнээ хяналт шалгалтаас чөлөөлөхөд хориг болсон учир түүнийг нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат аргаа барсандаа сугалж, бөөн маргаан дэгдлээ. Давхардсан шалгалтыг эрс цөөлөх, шалгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг болох хууль хойшилж, бизнес эрхлэгчдийн зовлон бэрхшээл хэвээр үлдэв. Баялаг бүтээгчиддээ итгэхгүй, эрх ашгийг нь хамгаалахгүй болохоор эдийн засаг эрчимжихгүй саарна. Эцэст нь эрчимжээгүй байна гэж баална. Энэ бол МАН-ын улс төр. Монголд муу л бол МАН-д маш сайн.
 
23 жилээр хоцорсон БНМАУ-ын үеийн хуучин хууль
 
ЭЗЭН-100 зургаа дахь өдөр. 2014.05.15. Газрын тосныхоо ашгийн 50 хувийг Монголын тал авч эхлэх, өртгөө нөхсөнийх нь дараа 60 хувьд хүртэхээр тусгасан хуулийн төсөл Засгийн газарт буцав. Хөрөнгө оруулах, хайгуулын эхний таван жилд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгаж мөнгө дуудсан заалтуудтай төсөл. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох бусад хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж яг батлах болоход гишүүдийн 50 хувь нь унагажээ.

Ирц хангалтгүй байсны дээр МАН-ын бүлэг бүтнээрээ эсрэг дарж унагаж дөнгөв. Үүнээс найм хоногийн дараа буюу ЭЗЭН-100-гийн 15 дахь өдөрт Уул уурхайн сайд Д.Ганхуяг төслөө дахин өргөн барилаа. Газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны тухай ойлголт, төр, орон нутгийн эрх, роялти, татварын хувь, оноох, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, газрын тос хайх, ашиглах харилцааг илүү тодорхой болгоно.

Бусад хуультай зөрчилдсөн, ойлгомжгүй олон зүйл заалт бүхлээрээ өөрчлөгдөх юм. Эдийн засгаа эрчимжүүлье гэвэл хэд хоногийн өмнө баталчих байсан хуулийг ахин дахин өргөн барьж, цаг алдаж байна. Онцгой чухал салбарын эрх зүйн баримт бичиг цаг алдахын хувьд бол бүр өмнөх нийгмийн БНМАУ гэсэн нэр томъёотойгоо хэвээр байсан сүүлчийн хуулийг Үндсэн хуулиас өмнө 1991 онд баталсан юм.

Түүнээс хойш 23 жил өнгөрөхөд эдийн засаг, цаг үе асар их өөрчлөгдсөн, хуучинтайгаа эвлэрэх шинийг үгүйсгэх хандлагатай хамт хуршиж удсан эд. Эцсийн хэлэлцүүлгээ хийж өнгөрсөн тавдугаар сарын 15-нд батлахаа больсоноос хойш 15 хоногийн дараа дахин эхний хэлэлцүүлгийг давлаа. Хоног хугацаа явсаар, хөрөнгө мөнгө орж ирэх, бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчин тодорхой, ойлгомжтой болох боломж тэр хэрээр алдагдсаар байдгийн хамгийн шинэхэн жишээ нь Газрын тосны тухай хууль юм.

Газрын тосны үйлдвэрийн шавыг Дарханд 2008, 2012 оны сонгуулийн өмнө С.Баяр, Д.Дэмбэрэл шав тавиад орхидог, дараа нь тэр газраа хайгаад ч олохгүй болчихдог, 100 хувь гадаадаас хамаардаг хэвээр он жилүүд ам.доллартай хамт урссан билээ. Монголын газрын дор 200 тэрбум тонны таамаг нөөц­тэй, хүнээс шатахуун царайчлахгүй байх үүцтэй орон.
 
Өрөөр айлгах тоглоом биш шоглоом
 
ЭЗЭН-100 10 дахь хоног. 2014.05.19. УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн 10 дахь өдөр буюу 5 дугаар сарын 19-нд Өрийн удирдлагын тухай хуулийг хоёр дахь удаагаа хэлэлцүүлэхгүй гэж хойшлуулав. Гадаад зээл ДНБ-ий 70 хувьд хүрвэл иргэн бүр ирэх онд 5.8 сая төгрөгийн өртэй болно гэж айлгав. Унаад явж байгаа Пруис машиныг хэн нэг бондын мөнгө өгсөн гадаад хүн Улаанбаатарын зам дээр хураагаад авах юм шиг сонсогдоно.

Долларын ханш их байна, буулга гэж улс төрийн акц хийхийн хамт доллар оруулж ирж болохгүй гэсэн ацан шалаа тавьж байна. Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал энэ онд 6.8 их наяд, ирэх жил хоёр их наяд, 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ. Нөгөө талаас зөвхөн бонд гаргах, зээл авах хэмжээ хязгаар биш өр төлбөрөө зөв удирдах зохицуулалт хэрэгжих хууль юм.

Жишээлбэл, төрийн өмчтэй компани алдагдалтай ажиллаж, өр тавибал яах вэ, ямар зардлыг оруулж тооцох вэ, орон нутагт бонд гаргавал хэрхэн зохицуулах вэ гэх мэт асуудалд хариулт олох хууль. Зөвхөн хэмжээ хязгаар биш хяналт зохицуулалтыг нь хуульчлах батлах зорилготой. Улс орны хөгжлийг дунд, урт хугацаанд авч үзэж, ирээдүйд илүү ашиг олохын тулд өнөөдөр хаана хямд эх үүсвэр хэрэгтэй вэ гэх зэргийг шийдвэрлэхэд баримтлах хуультай болох байсныг мөн л унагалаа.

Үндэсний хөгжлийн хорооны дарга асан, МАН-ын гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун “Өрийн удирдлагын хууль ус, агаар мэт хэрэгтэй” гэж ярьсан бол сөрөг хүчний бүлгийн дарга С.Бямбацогт огт шаардлагагүй хэмээн мэдэгдэв. Хэн нь эдийн засаг мэддэг, аль нь улстөржихгүй вэ гэдэгт тайлбар хэрэггүй.

Доктор Ч.Хашчулуун “Гаднаас зээл авч, хөгжил рүү чиглэсэн том төслүүд хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Монголын хувьд гаднаас санхүүжилт амжилттай босгож чадсан улс. Үүгээрээ Төв Азийн  зарим орнуудаас давуу талтай. Өрийн удирдлагын хууль манайх шиг засаглал сул, дөрвөн жилийн дараа солигдохоор шинэ юмыг хайгаад эхэлдэг ийм улсад ус, агаар шиг хэрэгтэй” гэж ярьсан юм.

Жишээлбэл, бондын мөнгөөр санхүүжүүлээгүй бол “Гудамж төсөл хэрэгжихгүй, тэгээд хуучин нарийн уулзвараар цаг, шатахуунаа алдан түгжрэх байсан шүү дээ. Доллар хэрэгтэй байгаа нь үнэн. Доллар орж ирэхгүй бол ханш нь өсөх нь үнэн. Орохыг хориглочихоод ханш нь хаачив гэж хашгирах нь ч бас үнэн. Монголын эдийн засаг нэг л бүхэл зүйл, монголчуудын бүгдийн аж амьдралын асуудал мөн учраас 100 хоногт ард иргэдээ түгжих, гацаах, доллар 2000 болох гээд байна гэж мэдэгдсээр 2000 болоосой гэж хүсэх шахуу талцал хуваагдал биш ажил хийж, асуудал шийдэхийг олон нийт хүлээж байна. Монгол гэдэг нэг л айл.
Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.