Долоо хоногийн тойм
Өнгөрч буй энэ долоо хоногт Хаврын ээлжит бус чуулган нээлтээ хийж, Монголчуудын шашин соёлын  наадмыг анх удаа зохион байгуулахаас гадна анхаарал татсан үйл явдал арвин байлаа.  Ингээд долоо хоногийн онцлох 
үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Даншиг наадмыг сэргээв
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадмын нээлт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ болж байна. Одоогоос 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазарыг Монголд залсан үеэс эхлэн энэхүү Даншиг наадмыг зохион байгуулж иржээ. Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойг тохиолдуулан Гандантэгчинлэн хийд болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон хийдүүд эл наадмыг сэргээх санаачилга гарган НЗДТГ-т хандсан. Нийслэлийн удирдлагууд санаачилгыг дэмжиж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Даншиг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар эхний наадмаа хийж  буй нь энэ юм. 
Даншиг наадмын үеэр Очирваань бурхан тахиж, Майдар бурхан, Өндөр гэгээний сэрэг дүрийг залав. Үүний дараа Эрийн гурван наадам эхлэв.
.
Зургаан сайдыг чөлөөлөв
Хаврын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр хамгийн ихээр анхаарал татсан асуудал бол МАн-ан зургаан сайдыг огцруулах эсэх асуудал байсан. Тэгвэл энэ асуудал өнгөрсөн долоо хоногт шийдэгдэж, МАН-ын зургаан сайдыг огцруулах шийдвэрийг УИХ гаргалаа. Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд

Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг сайдын суудлаас нь чөлөөллөө. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төслийг батлав
Мөн хаврын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бас нэг чухал асуудал бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл байлаа. Эл хуулийг ээлжит чуулганы хугацаанд УИХ-аар хэлэлцэж байсан ч олон удаа буцаж байсан. Тэгвэл эл чухал хууль ийнхүү өнгөрөгч долоо хоногт батлагдав.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв чиглэлд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм 

“Би Жи Би Жи” компанийн асуудал дахин сөхөгдөв
Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны хажууд Би Жи Би Жи компани 18 давхар орон сууц барихаар зэхэж, гаражын зориулалтаар зургаан метр орчим гүн нүх ухсанаас тус байрыг нурах аюултай боллоо хэмээн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан цаг саяхан.  Ингэж нүүлгэн шилжүүлээд сар гаруйн хугацаанд тус байрны оршин суугчдыг зочид буудалд байрлуулсан юм. Харин энд нэлээд их мөнгө зарцуулсан тооцоо бий. Тухайн үед нүхийг НЗДТГ-ын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн булж, хөрсийг хүчитгэх ажил хийсэн билээ. Мөн “Би жи би жи” компанийн барилга барих зөвшөөрлийг цуцлахаар болсон талаар тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо мэдээлж байв. Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус газарт тоглоомын талбай гараж барина хэмээж байсан юм. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар хажуугийн байраа нурах эрсдэлд оруулчихаад  ухсан нүхээ таглах мөнгө байхгүй хэмээн хээв нэг хэлж суусан “Би Жи Би Жи” компанийнхан өнөөх барилгын ажлаа дахин эхлүүлсэн байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-08-09 03:45:12
    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 29-ны өдрийн А/638 дугаар захирамжаар "Би Жи Би Жи" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон
    150.129.140.253
    Мэдэгдсэн Хариулах