Орон гэргүй хүмүүстэй өвөрмөц аргаар тэмцэж байна

Британийн нийслэл Лондон хотод орон гэргүй хүмүүсээс үүдэлтэй түвэг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өвөрмөц арга сонгож авчээ. Лондоны нэгэн тансаг орон сууцны үүдний талбай дээр хэн нэг нь төмөр өргөс шигтгэсэн байна. Орон гэргүй, тэнэмэл хүмүүс орон сууцны орц, айлын хаалганы дэргэд хоног төөрүүлж, иргэдэд ихээхэн яршиг түвэг уддаг явдлаас ийнхүү сэргийлж байгаа бололтой хэмээн Telegraph сонинд бичжээ. Ийнхүү төмөр өргөс хадсан довжооны зураг интернэтэд нийтлэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Халдварт өвчин тараадаг тагтааны эсрэг мөн ийм арга хэрэглэж, үр дүнд хүрч байсан билээ.

800 мянган паундын үнэтэй дээрх орон сууцны оршин суугчид “Тэнэмэл хүмүүс орцны үүдэнд хонох болсноос хойш ийм арга хэмжээ авахаас өөр замгүй болсон” хэмээн тайлбарлаж байна. Буяны байгууллагууд энэхүү арга хэлбэрийг хүмүүнлэг бус, харгис хэмээн шүүмжилж байгаа юм. Орон гэргүй хүмүүст буян үйлддэг нэгэн байгууллагын төлөөлөгч Кэтрин Сакс-Жонс “Сүүлийн гурван жилд Их Британи дахь тэнэмэл хүмүүсийн тоо тасралтгүй өсч, Лондонд гэхэд л 75 хувиар нэмэгдсэн. XXI зуунд хүмүүс гудамжинд унтаж байгаа нь байж болшгүй зүйл. Юуны түрүүнд энэхүү эмгэнэлт явдлын учир шалтгааны эсрэг тэмцэх хэрэгтэй болов уу. Тэрнээс тэдний оршин тогтнолыг буруутгаж, ийм харгис аргаар тэмцэх ёсгүй” хэмээн ярилаа.

Тансаг, дундаас дээш зэрэглэлийн орон сууцыг тэнэмэлүүдээс хамгаалах ийм аргыг хэн сэдсэн нь тодорхойгүй байна. Тэдгээр төмөр хадаас гагцхүү орон гэргүй хүмүүсийн эсрэг хэрэглэгдэж байгаа гэдгийг нийслэлийн эрх баригчид баталж чадахгүй байгаа юм. Британийн хамгийн том супермаркетийн нэг Tesco мөн нэг дэлгүүрийн талбайгаа төмөр өргөсөөр дүүргэж байсан юм. Хүмүүс дэлгүүрийн гадаа архи ууж, зохисгүй ааашилж, хонож өндөг явдаас сэргийлэхийн тулд ийм арга хэрэглэж байжээ.

Хэдэн жилийн өмнө Хятадын зарим хотод гүүр, хурдны зам доогуурх талбайг орон гэргүйчүүдээс хамгаалахын тулд цементэн өргөс суулгаж байв. Энэ арга мөн л олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсныг China Daily сонин онцлон тэм­дэглэж байна. Хүмүүн төрөлтнийг үл хүндэтгэсэн, харгис арга хэлбэрийг орчин үед хэрэглэх ёсгүй хэмээн хүний эрхийг төлөө тэмцэгчид тууштай эсэргүүцдэг ажээ.

Н.МӨНХЖИН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.