Ч.Мөнхзул: Эцэг эх минь надад өөрийнхөөрөө амьдрах боломж өгсөн

УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзулыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа.

-Уран бүтээлчид амарчихсан болохоор театр нэг л эльхуль, хоосон санагдаж байна шүү?

-Уран бүтээлчид маань энэ сарын эхээр амарсан. Энэ жилийн хувьд олз омог, амжилт бүтээл дүүрэн байсан учир одоо жаахан амсхийх цаг болсон. Гэхдээ амралт удаан үргэлжлэхгүй. Сарын сүүлчээр залуу уран бүтээлчид эхнээсээ ажилдаа орно.

-Та амраагүй юм уу?

-Бид наймдугаар сарын 15-нд төсвөө бодож өгөх ёстой. Тиймээс амрах боломж гарахгүй нь. Одоогоор ерөнхий нягтлантайгаа ажиллаж байна. Мөн театртаа засвар хийж байгаа. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ.

Саяхан манай ажилчдын ордог хаалганы дээрээс дусаал гоожоод. Тиймээс заавал засварлах шаардлагатай байна. Үзэгчид болон уран бүтээлчдээ хүлээж авахын тулд бэлдэх зүйл олон бий.

-Ирэх намрын үзвэрийн хуваарь гарчихсан уу?

-Аравдугаар сард тоглолтын 53 дахь улирлын үзвэрээ нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа үзэгчдэд их таалагдах байх. Учир нь алдарт “Аида” дуурь болон “Хунт нуур” балетыг толилуулахаар зэхэж байна. Мөн үүний дараа Италийн алдарт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур”  дуурийг тавихаар төлөвлөөд байгаа. Бид тоглолтын энэ улирлаа “Сонгодог бүтээлийн жил” гэж зарлана.

-Гаэтано Доницеттигийн уран бүтээлээс өмнө нь манай театрт тавигдаж байгаагүй байх аа?

-Монголын сонгодог урлагийн түүхэнд энэ хөгжмийн зохиолчийн бүтээлээс тоглосон удаа байхгүй. Тиймээс үзэгчиддээ барьж буй манай уран бүтээлчдийн бэлэг гэж ойлгож болно. Энэ нүсэр бүтээл. Гол дүрүүдийн ур чадварыг шалгахаас гадна их  хөгжимлөг, уянгалаг дуурь. Бид нэгэнт л шинэ уран бүтээл хийж байгаа учир аль болох алдартай, дэлхийн, том театруудын  тоглодог, ур чадвар шаардсан бүтээлээр урын сангаа баяжуулахаар шийдсэн юм. Дэлхийд олон сайхан бүтээл байдаг. Үүнээс монголчуудын үзэж амжаагүй, шинэ бүтээлийг бид үзэгчиддээ хүргэхсэн гэж зорьдог. Үүний нэгээхэн хэсэг нь энэ удаагийн тоглолт юм. Дуурийг Солонгосын найруулагч Ан Ху Вон найруулна.

-Яагаад солонгос найруулагч сонгосон юм бэ. Манайхан өөрсдөө найруулж болоогүй юм уу?

-Би энэ оны сүүлчээр симфони найрал хөгжмөө бүрэн бүрэлдэхүүнээр нь Солонгост тоглуулахаар ярилцаж байгаа. Бид “Лучиа Ди Ламмермур” дууриа Солонгосын Тежон хотын дуурийн театрт очиж тоглоно. Үүний эхлэл болгож Ан Ху Вон найруулагчийг урьсан юм.

-52 дахь улирлын үзвэрээ хаасан. Олз омог дүүрэн байлаа. Удирдлагын хувьд та хэрхэн дүгнэж байна?

-Уран бүтээлчидтэйгээ өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж ярилцах мөч хамгийн сайхан. Урлаг, ялангуяа сонгодог урлаг их олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тэр хэрээр амжилт дагуулдаг болохоор бүр сайхан. 2014 он Монголын сонгодог урлаг, Дуурийн театрын түүхэнд “анх удаа” гэсэн тодотголтой жил болж өнгөрлөө. Учир нь бид анх удаа ОХУ-ын Их театрт, Америкт, Солонгост тоглосон. Мөн анх удаа гадаа, задгай тоглолт хийлээ.

-Энэ жил танай уран бүтээлчид гадаад харилцаандаа түлхүү анхаарчээ?

-Оны эхээр манай симфони найрал хөгжим, найрал дуучид 118 хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-д очиж, Чайковскийн 175 жилийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Энэ үеэр бид Буриад гаралтай залуу, авьяаслаг төгөлдөр хуурч Дмитрий Маслеевтай хамтарч Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг тоглосон юм. Гэтэл энэ уран бүтээлч саяхан Чайковскийн нэрэмжит наадмаас хөгжмийн төрөлд нэгдүгээр байрын шагналыг авлаа. Тэр мундаг, дэлхийн хэмжээний хөгжимчинтэй манай уран бүтээлчид эн зэрэгцэж тоглосон гэхээр бахархахгүй байхын аргагүй. Мөн Солонгосын уран бүтээлчидтэй хамтарч “Травита” дууриа шинэчилж тавьсан. Үндсэн найруулга, хувцас, тайз засалт зэрэг гайхалтай өөрчлөлтүүдийг хийлээ. Ялалтын баярын 70 жилд зориулсан тоглолт ч сайхан болсон. Америкийн лимбэчин, Австрын босоо ятгачин хоёр хамтарч манай театрт ажиллаж, мастер класс, тоглолт хийлээ. Дурьдаад байвал олон ажлыг амжилттай зохион байгуулжээ.

-Солонгосын сонгодог урлаг манайхаас хожуу хөгжсөн. Харин та тэднийг онцлоод байгаа шалтгаан юу юмбэ?

-Солонгост хэдийгээр сонгодог урлаг хожуу хөгжсөн ч тэнд манай уран бүтээлчдэд зах зээл байна гэж би хардаг. Тэд маш хурдтай, хөгжингүйгээр дэлхийн хэмжээнд хүрч байна. Дуучин Э.Амартүвшинтэй “ББС Кардифф Дэлхийн дуучин” уралдаанд өрсөлдсөн таван дуучны нэг нь солонгос байх жишээтэй. Ард иргэд нь хүртэл сонгодог урлагаа их хүндэлдэг юм билээ. Мөн олон сая хүнтэй, манай улстай харьцангуй ойрхон. Тиймээс харилцаагаа илүү баталгаажуулж, эх орныхоо урлаг, сонгодгоо сурталчлах бодлого баримталж байна.

-Э.Амартүвшин,  Г.Ариунбаатараар бахархсан өдрүүд одоо ч үргэлжилж байна. Дэлхийн хэмжээнийтэмцээнд монгол залуус амжилт гаргалаа гэхээр өөрийн эрхгүй омогшиж байлаа?

-Үнэхээр гайхалтай мөч. Энэ чинь монгол хүү шүү дээ, бүр Монголынхоо дуурийн театрт ажилладаг гэж бодохоор бахархаж байсан. Би Э.Амартүвшинд шүүгчдийн өгсөн зөвлөгөө, үгийг сонссон. Тэд ийм дуучин Монголд байна гэдэг гайхалтай гэж дуу алдсан шүү. Энэ жил манай театраас 20 гаруй уран бүтээлч олон улсын уралдаан тэмцээнд оролцож, олон шагнал авсан. Ер нь олон улсын чанартай тэмцээнүүдэд уран бүтээлчид маань тогтмол амжилт гаргаж байна. Сая Бээжинд болсон балетын урлагийн уралдаанд манай хоёр бүжигчин амжилттай оролцоод ирлээ.

-Анх 2014 онд гадаа тоглолт хийхэд хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Гэхдээ энэ бол Монголын сонгодогурлагийн түүхэн дэх нэг амжилт байв уу?

-Тэгэлгүй яахав. Зарим хүмүүс намайг сонгодог урлагийг гудамжинд гаргалаа гэж хэлсэн. Тэгвэл Оросын Улаан талбайд тоглолтоо хийж байдаг Их театр, Марийнскийн театрынхан, бусад орны том уран бүтээлчид гудамжинд гарчихсан хэрэг үү? Хэдэн мянган үзэгчийг байлдан дагуулдаг Колизейд тоглолтоо хийдэг дэлхийн том том оркеструуд, театрууд, уран бүтээлчдийг, бас Австрийн Штаатен опера гаднаа тоглолт хийж байгааг юу гэж ойлгох вэ? Нью-Йоркийн, Мюнхений, Прагийн гадаа талбайн тэр том тоглолтууд бас хог дээр гарчихсан  хэрэг үү. Дэлхийн хаана явж байгаагаа бид мэдэх хэрэгтэй. Анх биднийг гадаа тоглоход 3600 гаруй сандал тавиад 5600 гаруй үзэгч ирсэн. Энэ тоглолтын дараа манай үзэгчдийн тоо 11 дахин нэмэгдсэн. Үзсэн нэг ч хүн муу байна гэж хэлээгүй. Бид энэ урлагийг хэрхэн хөгжүүлж буйгаа үзэгчиддээ тайлагнах хэрэгтэй биз дээ.

-Наадмын хамгийн гоё бэлэг “Учиртай гурван толгой” дуурь байлаа. Бас л олон үзэгч цугласан?

-Энэ жилийн наадмын үйл ажиллагааг манай театрынхан нээсэн. Гэхдээ бидэнд амар байгаагүй. Бэлтгэлээ үргэлж шөнө хийсэн. Тэр их малыг тээвэрлэх, зөөхөөс эхлээд санхүүгийн бэрхшээл гарсан. Гэхдээ чадна гэж зориглосон учир бид ард нь гарахын төлөө хөдөлмөрлөсөн. Мөн биднийг дэмжсэн Э.Бат-Үүл дарга болон “Найрсаг Улаанбаатар” төслийнхөнд баярласнаа илэрхийлье. Бид анх “Хүй долоон худаг”-т тоглохоор санал гаргаж байсан юм. Харин төв талбайд тоглосон нь зөв шийдвэр болсон юм билээ. Тоглолт манай тайзнаас гурав дахин том тайзан дээр болсон учир тэр хэмжээгээр бид найрал дуучид, хөгжимчид, бүжигчдээ нэмэх шаардлага гарсан. Мөн микрофонгүй дуулдаг дуучид маань чихэвчний микрофонтой харьцах дадлага хийсэн.

-Энэ тоглолтын дараа шүүмжлэл гарсан ч дуурийн урлаг олонд нээлттэй, үзэгчдээ татах зөв алхам хийлээгэж та бүхэнд урам өгөх хүн түүнээс ч илүү олон байгаа нь ажиглагдсан?

-Хүмүүс аливаа зүйлийг зүгээр л шүүмжилж, тэрслэх талаас нь харж байгаа нь харамсалтай. Яагаад зөвөөр харж, ойлгож болдоггүй юм бэ. Энэ тоглолтыг 10 мянган хүн үзсэн. Бүгд л “Ямар гоё юм бэ” гэж баярлаж, бахархаж байсан. Зарим нь бүр Чингисийн хөшөөний шатан дээр сууж үзлээ гээд бидэнд талархаж, баяр хүргэж байлаа. Бидний уран бүтээлийн хамгийн үнэн зөв, бодитоор шүүх шүүгчид нь үзэгчид шүү дээ.

-Та төсөв дээр ажиллаж байна гэсэн. Өнгөрсөн улирлын үзвэрийн төсөв ямар байв. Шинэ уран бүтээлхийхэд хэр хүрэлцээтэй байсан бэ?

-Төсвийг их бодлоготой, бодитойгоор гаргаж өгөх хэрэгтэй. Манай театрын хувьд наймдугаар сарын 15-ны дотор гаргаж өгдөг. Харамсалтай нь шат бүрдээ л бага багаар хасагдчих юм. Өнгөрсөн жил нэлээд хасагдсан. Гэхдээ тэглээ гээд бид уран бүтээлдээ өөрчлөлт оруулдаггүй. Улс, орныхоо байдлыг ойлгоод, аль болох бүтэх, болох талаас нь ажилладаг. Төсвөө хараад ажлынхаа ачааллыг тооцдог юм. Гэтэл зарим хүмүүс соёл урлагийнхан хий дэмий мөнгө үрлээ гэж ярьдаг. Соёл урлаг байж л улс үндэстэн оршин тогтнож, хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоодог юм. Бид зөвхөн яамнаас мөнгө хараад суудаг хүмүүс биш. Нийгэмд хүлээсэн үүргээ сайн биелүүлдэг. Манай театр өнгөрсөн жил үйл ажиллагаандаа 380 гаруй сая төгрөгийн дэмжлэг авсан. Гэхдээ бид тэр хөрөнгийг босгож чадсан. Харин 2015 оны эхний хагас жилийн байдлаар бид 402 сая төгрөгийн хөрөнгө босголт хийлээ. Энэ хөрөнгийг босгож байж л энэ олон гадаад харилцааны ажил урагшилж байна. Зөвхөн төсөв хараад бид уран бүтээл хийнэ гэж байхгүй. Учир нь төрөөс өгсөн төсвийн 90 хувь нь зөвхөн цалинд л зарцуулагддаг. Тиймээс бид дэмжигч байгууллага олж, уран бүтээлээ хийдэг. Энэ нь ард түмнээ сонгодог урлагаар хүмүүжүүлэх, дэлхийн соёлыг түгээх, цаашлаад монгол урлагаа дэлхийд сурталчлахад том түлхэц болдог юм. Анх намайг ороход театрын уран бүтээлийн төлөвлөгөө 100 сая байсан. Дараа жил нь би 135 саяар төсөвлөөд 215 сая болгож төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Гэхдээ энэ ашиг бидэнд бүтнээрээ ирдэггүй. Өнгөрсөн жил  бид 165 саяар төсөвлөж өгсөн чинь манай төсвийг автоматаар 245 сая болгочихсон. Бид хэдэн удаагийн тоглолт, хэдэн үзэгч ирэх вэ гэдгээ хүртэл тооцдог. Харин 245 сая гэдэг тоо бидэнд хүнд байна. Учир нь бид тоглолтын үнээ нэмээгүй, тоглолтынхоо тоог хэт нэмж болохгүй. Учир нь тэнд хүн ажиллаж байгаа. Хөгжимчид өдөржингөө тэр их чимээн дунд сууж байна. Бүжигчид хүний тэвчээрийн дээд цэгт хүртэл бэлтгэлээ хангаж байна. Тиймээс ачааллыг нь зөв тооцох хэрэгтэй. Гэхдээ бид чадах хэмжээгээрээ төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө хичээнэ.

-Таныг ажил авснаас хойш гурван жил өнгөрчээ. Анх театрын хаалгаар орж ирэхээс өмнө бодож байсантөсөөлөл хэр өөрчлөгдөв?

-Би энэ театрыг 10 жилийн жаахан охин байхаасаа мэднэ. Тиймээс танихгүй ертөнцөд орж ирлээ гэж бодоогүй. Уран бүтээлчдийг, бас орчноо таньдаг байсан юм. Гаднаас ирэх хүндрэл жаахан байсныг үгүйсгэхгүй. Харин одоо бид нэг зүйлийн төлөө хөдөлмөрлөж хичээж байна. Нарийн мэргэжлийн удирдах уран бүтээлчид дутагдах хүндрэл тулгардаг юм. Сүүлийн 20 жил удирдаач, найруулагч гэсэн нарийн мэргэжилтнүүдийг бэлдээгүй юм билээ. Харин намайг сайн найруулагч ол гэсэн. 20 жил бодлогоор бэлдээгүй хүмүүсийг би хаанаас олох билээ. Гэхдээ Итали, Австрийн сургуулиудтай холбогдлоо. Гэвч хэлний бэрхшээл гарч байна. Мэдээж шүү дээ. Дэлхийн бүх сонгодгууд гадаад хэл дээр бий. Тиймээс манай залуучууд өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаармаар байна. Тиймээс бид мэргэжлийн найруулагч төгсч иртэл гадаадын найруулагчидтай хамтарч ажиллахаас өөр арга алга. Гэхдээ одооноос хүүхдүүд маань сурч байгаа учир хэдхэн жилийн дараа энэ бэрхшээл арилна гэдэгт итгэлтэй байна.

-10 жилийн сурагч байхаасаа л дуурийн урлагаар хүмүүжиж. Та тэр үед үзсэн анхны үзвэрээ санадаг уу?

-Анх дөрөвдүгээр ангид байхад Монголын багш нарын их хуралд онц сурдаг хүүхдүүд төлөөлөгчөөр оролцсон юм. Орой нь багш нарыг Драмын театрт жүжиг үзүүлэхээр боллоо. Хүүхдүүдийг дээд давхрын үзвэрийн танхим руу гаргачихсан. Хөшиг нээгдээд л, доошоо хартал цав, цагаан даашинзтай эгч, таяг тулсан хүнтэй юм яриад байсан. Тухайн үед би яриаг нь ерөөсөө ойлгоогүй юм. Зүгээр л ямар гоё ах, эгч хоёр вэ гэж бодож, харж билээ. Хожим нь арай ухаан суугаад үзтэл өнөөх нь “Интоорын цэцэрлэг” жүжиг байсан. Жүжигчид нь Ардын жүжигчин Б.Цэрэндагва, Төрийн шагналт Н.Сувд гуай байсныг ойлгосон. Ингэж л анх урлагийн амтыг мэдэрсэн дээ. Харин дараагийн өдөр нь Дуурийн театрт дуурь үзүүлдэг юм байна. Би дахиад л дээд давхрын мухрын сандалд сууж таарсан. Тэр доор хөгжимчид суучихсан, олон хөгжим гялалзаад их гоё. Гэтэл өндөр, буржгар үстэй ах, бас их өндөр тавцан дээр урт хөх ягаан нөмрөгтэй гоё эгч хоёр дуулаад л. Тэндээс их сайхан, сэтгэлд дулаахан мэдрэмжийг авсан. Тэр нь гавьяат жүжигчин Д.Банди гуай, Ардын жүжигчин Х.Уртнасан гуай нар “Турандот” дуурьт дуулж байсныг дараа нь мэдсэн. Одоо театрынхаа дээд давхрын бэльэтаж руу харахаар хүүхэд нас минь нүдэнд харагдах шиг болдог.

-Тэр үеэс л сонгодог урлагийг мэдэрдэг, хайрладаг болжээ?

-Тэр багш нарын хуралд оролцсоныгоо би азтай хувь тохиол гэж боддог юм. Түүнээс хойш театраас салахаа больсон. Ялангуяа их сургуульд байхдаа. Манай сэтгүүлчийн анги хичээл ихтэй байсан. Хичээлийн хэнээтэй хүн чинь бүх хичээлдээ онц сурах гэж хичээнэ. Тухайн үед би анхныхаа охиныг төрүүлсэн. Тэр их ажлын хажуугаар сонгодог урлагаас л сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг байлаа. Манай театрынхан намайг бүр таньдаг болчихсон ирэхгүй жаахан удахаар “яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ” гэж хошигноно. Тэр бүхэн сэтгэлд минь их хүчтэй нөлөөлсөн.

-Дуурийн урлагт тэгтлээ дурлачихаад яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Хүний амьдрал их сонин юм билээ. Би багадаа шүлэг жаахан оролддог, зохион бичлэгийн тэмцээнд амжилт гаргачихдаг хүүхэд байлаа. Гэхдээ дипломатын ангид орохоор бэлдэж байсан юм. Харин нэг удаа найз маань сэтгүүлчийн анги элсэлт авч байна. Чи л ор, чадна гээд дагуулаад очсон. Ур чадварын шалгалтыг нь өгөөд тэнцчихсэн. Гэтэл дипломатын ангийн бүх шалгалт сэтгүүлчийн ангийн шалгалттай давхацчихдаг юм байна. Нэгэнт л ур чадвартаа тэнцчихсэн учир эргэлт буцалтгүйгээр сэтгүүлч болохоор шийдсэн юм.

-Гэхдээ уран бүтээлийн гараа тань кино урлагтай салшгүй холбоотой юм билээ?

-Оюутан байхдаа л Үндэсний телевизэд соёл урлагийн нэвтрүүлэг хариуцан хийдэг байсан. МҮОНТВ надад их зүйл сургасан. Тэр үед би анхны телевизийн кино бичиж эхэлсэн нь надад кино зохиолчийн дадлага болж өгсөн байх. Тэр бүтээлээрээ 1998 онд МҮОНТВ-ийн Шилдэг уран бүтээлийн шагналыг авч байлаа. Хүний амьдралд янз бүрийн тохироо бүрддэг үе байдаг даа. Би телевизэд дөрвөн жил ажиллаад хувийн шалтгаанаар ажлаа өгсөн юм. Харин “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагад соёл урлагийг нь хариуцдаг байхдаа баримтат киноны наадмуудыг зохион байгуулдаг байсан.

-Таныг ажилд их зүтгэлтэй, хариуцлагатай ханддаг гэж уран бүтээлчид тань үнэлдэг. Энэ зан чанар гэрбүлийн хүмүүжлээс эхтэй байх?

-Бага нас гэдэг хүний хамгийн сайхан, дурсамжтай үе. Би ном унших их дуртай байсан. Аав минь цалингаа буухаар л шинэ ном авч өгнө. Их унш, гадаад хэл сур гэж зөвлөдөг байсан. Ээж, аав хоёр минь байгаагүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан. Одоо ч хоёр охиныг минь халамжилж байна.

-Эцэг, эх гэдэг дахиад хэзээ ч олдохгүй. Энэ их ажлын хажуугаар ээж, аавдаа зав гаргаж чадаж байна уу?

-Аав минь их алсыг хардаг ухаантай хүн. Хичээлдээ хэд авсан, ямар ном уншсан гэж асуудаг байсан. Харин ээж минь даарсан уу, хоолоо идсэн үү, өлсч байна уу гээд л. Би одоо ээж, ааваасаа тусдаа амьдардаг. Хааяа их ажилтай үедээ очиж амжихгүй юм. Ээжийгээ өвдөөд хэвтэхээр нь асарч, хажууд нь байж чадахгүй л явна. Ингээд бодвол би их муу охин  бололтой. Харин өөрийнхөө замаар яваад, хүссэн зорилгодоо хүрээд, санааг нь зовоохгүй явж байгаагаа бодвол сайн охин ч байж мэднэ.

-Таныг эцэг эх тань ингэж өсгөж. Харин өөрөө ээж болчихоод хоёр охиноо хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

-Энэ тал дээр өөртөө жаахан шүүмжлэлтэй ханддаг юм. Цаг үргэлж хамт байж чаддаггүй. Харин эцэг, эх минь нэг ч удаа миний өмнөөс шийдвэр гаргаж байгаагүй. Өөрийнхөөрөө амьдрах боломжийг өгсөн. Би амьдралдаа алдаа гаргалгүй л яах вэ. Гэхдээ тэр бол миний өөрийн хийсэн сонголт, амьдрал шүү дээ. Одоо ч би охидоо тэгж л өсгөхийг хүсдэг. Өөрсдийнхөө амьдралаар амьдар. Алдвал алдаагаа өөрөө засч сур. Зарим хүн хүүхдээ амьдралд чиглүүлж өгөх ёстой гэдэг, тэр нь үнэн. Энэ бол бидний үүрэг. Гэхдээ хэзээ ч тэдний өмнөөс шийдвэр гаргаж болохгүй гэж би боддог.     


Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-08-25 17:01:55
    saihan bulterdeg gar baina. hudlaa yarih muuhai
    182.160.32.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongolchyyd dyyriin talaar delhiid garah 2015-08-07 10:12:47
    Mongolchyyd dyyriin talaar delhiid garah garch haih heregtei?Manaihan bol delhiid syraggyi baigaa syy!ter orosod bolson abragalalaa gesen nbodol chini baryynd h...
    109.6.100.109
    Мэдэгдсэн Хариулах