Барилга барих нь даалуу өрөхтэй адилхан биш
Пхеньян хотод 23 давхар орон сууцны барилга нурж, олон арван хүн амиа алдсан хэрэг саяхан гарсан билээ. Барилгын ажлын дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан гэж олон улсын хэвлэлүүд бичиж, хамгийн гол нь өртөг зардал дээр нь “нарийлсан” нь олон хүний аминд хүрэх шалтгаан боллоо хэмээн дүгнэцгээж байв.

Барилга барихад маш их хөрөнгө мөнгө, хөлс хүч, цаг хугацаа ордог. Эвлүүлдэг тоглоом шиг угсарч, өрөөд болчихдог асуудал байсан бол Монгол Улс аль хэдийнэ эсгий хорооллоосоо салчихсан байх биз. Зуны жижигхэн модон байшин барихад хүртэл тодорхой хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй болдог. Адаглаад барилгын материалдаа хэдийг зарцуулах вэ, ажлын хөлс, хоол унаанд хичнээн хэмжээний хөрөнгө орох вэ гэдгийг төсөвлөж тооцохгүйгээр байшингаа барина гэдэг боломжгүй асуудал. Гэтэл УИХ-аас гаргасан 30 дугаар тогтоол барилгын салбарынхны бухимдлыг төрүүлж, 2012 онд гаргасан салбарын сайдын тушаалыг хүчингүй болгох аваас барилгын төсөв, үнэ тооцоо аргачлалгүй болно гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төсөвт өртөг, зардлыг ямар норм дүрмээр тооцох нь тодорхойгүй болохоос гадна барилгын гүйцэтгэгч байгууллага хэвийн ажиллахаа больж, дампуурах эрсдэлтэй нүүрлэх нь гарцаагүй юм. Царцсан барилгуудтай холбоотойгоор УИХ дээрх шийдвэрийг гаргахдаа компаниуд улсын төсвөөс санхүүжилт авахдаа төсөвт өртгөө зохиомлоор өсгөдөг гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ царцсан барилгууд үнэхээр төсөвт өртөгөө зохиомлоор өсгөсөнтэй холбоотой юу эсвэл тэднийг ийн царцахад улстөрийн ямар нэгэн хүчин, төр засгийн бодлого, үйл ажиллагаа нөлөөлөв үү гэдгийг бодолцох л ёстой асуудал болов уу?

Сэтгэлийн хөөрөл, тооцоо судалгаагүйгээр шийдвэрлэсэн аливаа хууль тогтоомж, бодлого шийдвэр эргээд эдийн засагт ямархуу хохирол амсдгийг өнөөдрийн хямрал монголчууд бидэнд хангалттай мэдрүүлж байгаа. “Хөрөнгө оруулагчдыг үргэчихнэ” гэсээр байтал Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргаснаар Монголын эдийн засаг юу хожсон бэ. Үүний уршиг өнөөдрийн эдийн засагт “цус алдалт” хэлбэрээр илэрч байна. Гэтэл улс орны бүтээн байгуулалттай холбоотой, барилгын төсөвт өртөгийн асуудлыг нарийвчлан судлахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь барилгын салбарт цаашдаа ямархуу эрсдэл, хохирол дагуулахыг хэлэх аргагүй.

Өнгөрсөн хавар хийсэн Үндэсний аудитын газрын судалгаан дээр үндэслэн УИХ-ын гаргасан шийдвэр араасаа том асуудал дагуулж болзошгүй байна. Уул уурхайн салбарын уналтууд дээр барилгын ажлууд нь таг зогсчихвол Монголын эдийн засаг дампуурлаа зарлахад ойрхон очно. Ийм учраас парламент гаргасан шийдвэрээ эргэж харах нь барилгынханд гэхээсээ улс орны бүтээн байгуулалтад том буян болох биз. УИХ-аас гаргасан тогтоолыг барилгын салбарынхан эсэргүүцэж байгаа шалтгааныг ч сонсох ёстой. Салбарт нь ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр зөвхөн улстөрчдийн үгээр шийдвэр гаргана гэвэл том алдаа болно. “Социализмын үеийн төсвийн норм дүрмийг сэргээх шийдвэр боллоо” гэж үзэж байгаагаа Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж гуай ярьсан байна лээ. Барилгын төсөвт өртөгт материал, цалин, тээвэр, цахилгаан гээд шууд ба шууд бус зардлууд багтдаг. Хоёр жилийн өмнө 2012 онд тухай үеийн ЗТБХБ-ын сайдын тушаалаар экскеватор, бульдозер, краны нэг цагийн үнэ 12-18 мянган төгрөгөөр тогтоосон байсныг 45-58 мянган төгрөг болгож, хүнд механизмын нэг цагийн үнэ 80-120 мянган төгрөгийн үнэтэй болгосон байна. Ингэснээр халуунд халж, хүйтэнд хөрж, Монгол Улсын бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулж байгаа барилгынхныг багагүй баярлуулсан нь бий.

Үнэндээ өнөөдрийн хувьд хамгийн өндөр цалинтай ажилд барилгын салбар орж байгаа. Харамсалтай нь, өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан УИХ-ын тогтоолоор тэдний авдаг цалин хөлс хэд дахин багасч магадгүй байна. Нормд заасан үндсэн цалин нь ажилчдын хийснээр бодож олгодог цалин. Гэтэл барилгын салбарт сантехникч, инженер, тогооч, нярав, нягтлан, менежер, харуул хамгаалалт гээд тогтмол цалинтай хүмүүс олон. Дээрээс нь нийт зардлынхаа таван хувийг хөдөлмөр хамгаалалтад зарцуулдаг гээд барилгын компанийн дарга нар олсон ашгаа тэр чигээр нь халаасалчихдаг юм биш аж. Үнэндээ сүүлийн 20 жилд маш олон хууль тогтоол, норм шинээр гарсан ч төсөвт өртөгийнх нь эх үүсвэрийг тусгаагүйгээс барилга дээрх осол аваар гарах шалтгаан болж буйг хэлэх нь зөв биз. Хэмнэлт гаргах гээд харин ч эсрэгээрээ энэ салбарыг эрсдэлд оруулчихвал эдийн засагт учрах хохирол түүнээс ч илүү аюултай байх нь тодорхой.

Зарим хүмүүс барилгынхныг “шуналын тулам” гэж бодоцгоодог. Үнэхээр тэд барилгын салбарт үнийн хөөс үүсгээд мөнгөний хойноос хэт шунаад байна уу гэвэл хоёр талтай. Орон сууцны үнийг барилгынхан хөөрөгдөж байна гэсэн шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл хувийн компаниудын барьж байгаа орон сууцны үнэ болоод төсөвт өртөгөөр барьж буй барилгынхны үнэ хоёр хоорондоо асар их зөрүүтэй болохыг “Буян Ухаа 1” цогцолбороос харж болно. Үндэсний бүтээн байгуулалт корпораци төсөвт өртөгөөр “Буянт Ухаа 1” хорооллыг барьсан бөгөөд орон сууцны метр квадратыг 980 мянган төгрөгт багтаасан байдаг. Тодруулбал, барилгын төсөвт өртөгөөр барьсан орон сууцны метр квадрат нь зах зээлийн үнээс даруй хоёр дахин бага үнэтэй байгаа бөгөөд ТОСК-ийн зүгээс нэг сая 280 мянган төгрөгөөр зарж байгаа “Буянт Ухаа 1” хорооллыг Монголын хамгийн хямдхан, хамгийн чанартай барьсан орон сууцны хороолол гэж тодотгож болно.

Өөрөөр хэлбэл, төсөвт өртөгөөр барилга барьж байгаа компаниуд ердөө 15 хувийн ашиг хардаг учраас барьсан орон сууц нь зах зээлийн үнээс хамаагүй хямдхан байгаа хэрэг шүү дээ. Барилга хот байгуулалтын яам болон “Барилгын хөгжлийн төв”-өөс гаргасан судалгаанаас харахад 2005-2013 онд авто замын барилга байгууламжийн үнэ 211 хувь, эрчим хүчний барилга байгууламжийн үнэ 130 хувь, иргэн болон орон сууцны барилга 84 хувь өссөн байна. Бусад салбаруудтай харьцуулахад барилгын бүтээн байгуулалтын өртөг бараг өсөөгүй гэсэн үг.

“Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1835 төгрөгт хүрлээ. Барилгын материалын дийлэнхийг гаднаас худалдаж авдаг манай барилгын компаниудад ч энэ асуудал хүндээр тусч байна. Өнгөрсөн жил гэхэд ханшийн зөрүүнээс ихэнх компаниуд 30 хувийн алдагдал хүлээснийг эдийн засагчид онцолж байгаа. Гэтэл эдийн засаг хямарч, хувийн хэвшлийнхэн хүнд байгаа энэ үед УИХ-ын гаргасан дээрх шийдвэр “даарин дээр нь давс үрнэ” гэгч л болж магадгүй шинжтэй.

Чухамдаа бол барилга барих нь даалуу өрөхтэй адилхан асуудал биш бөгөөд хэрэв ийм бага өртөгөөр барилга барь гэвэл пхеньянчуудад тохиолдсон гашуун зовлон нүүрлэхгүй гэх аргагүй. Муу ёрлож байгаа ч юм биш, асуудлыг ийм болгоход хүргэж мэдэх УИХ гаргасан тогтоолоо эргэж хараасай гэж сануулсных юм.
Өглөөний сонин
Ж.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Áàðèëãà÷èí 2014-06-10 10:04:27
    Áàðèëãèéí àæèë õèéäýã ìýðãýæëèéí êîìïàíè, áàðèëãà çàðäàã áèçíåñèéí êîìïàíè 2 îãò ººð ø¿¿.
  • ARD 2014-06-10 09:21:55
    Та нар одоо болиооч дээ. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн
  • зочин  2014-06-10 02:13:21
    Барилгынхан шуналын тулам гэдэг нь үнэн шүү дээ. Ард түмнийг шулж ханаач. Нурж унах юм байгаа байх.