Н.Удвал: Дан дээлтэй байх давуу талтай ч сул тал олон байгааг харах хэрэгтэй
УИХ-ын өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудлыг үргэжлүүлэн хэлэлцсэн билээ. Сөрөг хүчний зүгээс багагүй шүүмжлэл хүлээсэн хэлэлцүүлгийн дундуур Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд удирдсан яамных нь зүгээс ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар сонирхон ярилцсанаа хүргэж байна.

-Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн хуга­цаанд Эрүүл мэндийн яамны зүгээс ямар ажлууд хийгдэж, хийхээр төлөвлөж байгаа вэ. Сүүлийн үед бүхний анхаарал эдийн засгийн тааламжгүй байдал руу чиглэгдэж, эрүүл мэндийн салбар төдийлөн ол­ны анхааралд өртөхгүй байгаа л даа?

-Эрүүл мэндийн салбарын хувьд хөрөнгө оруулагчдаа нэг дор цуглуулсан эдийн засгийн анхны томоохон чуулга уулзалт энэ сарын 7-нд болсон. Бидний зүгээс гурван чиглэлээр асууд­лаа тавина. Нэг­дүгээрт эм­чилж, оношилж чадахгүй байгаа үйлчилгээнийхээ ча­­давхыг дээшлүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө оруу­лалт хэрэгтэй байгаа, хоёр­дугаарт эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, ба­рилга байгууламжийн чиг­лэлийн хөрөнгө оруу­лалт, гуравдугаарт бүх ний­­тийг эрүүл мэндийн тус­ламж үйлчилгээнд хам­руулах дэлхий нийтийн чиг хандлага, бодлогыг Мон­голд хэрэгжүүлэхэд ямар хэм­жээ­­ний хөрөнгө оруулалт хэрэг­тэй байгаа юм гэдгийг ярилцлаа.

Дараа нь эрүүл мэндийн сал­барт төр хувийн хэвшлийн түнш­лэлийг хэрхэн яаж үр ашигтай өргөжүүлж болох вэ гэдгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа илэн далангүй ярилцсан. Энэ чуулга уулзалтаас ойрын ирээдүйд Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрэх олон дэвшил, хөрөнгө санхүүгийн баталгаа гээд маш их ач холболдол өгч, сайн үр дүн хүлээж байна.

Эрүүл мэндийн салбарт хувийн секторын хөрөнгө оруулалтыг далайцтай нэмэгдүүлж, тэдний санал санаачлагаар өнөөдөр төрийн хэрэгжүүлж чадахгүй байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд ойртуулахад энэ удаагийн чуулга уулзалт асар их үр нөлөөтэй болно гэж яамны сайдын хувьд бодож байна.

-Өнөөдрийн хувьд Засгийн газ­рын гишүүдээс та ганцаараа дан дээлтэй бай­гаа. Дан дээлийг тайлъя гээд байхад эрх баригчдын зүгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг оруулаад ирсэн. Энэ талаар Засгийн газарт хамтарч байгаа улстөрийн өөр хүчний сайдын хувьд ямар бодолтой явна?

-Дан дээл, давхар дээл гэдэг бол нэг бодлын тун ч харьцангуй ойлголт шүү дээ. Дан дээлтэй байх нь давуу тал байхад их олон сул тал байгааг олж харах хэрэгтэй. Давхар дээлтэй байх нь сул тал байдаг ч давуу тал нь дан дээлтэй сайдаасаа хамаагүй илүү байдгийг олж харахыг хүсэхгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.

Тэгэхээр энэ бол нэлээн адармаатай, харьцангуй ойлголт юм. Давхар дээлийг тайлахаар л бүх зүйл хэвэндээ орчих юмшиг өрөөсгөл хандаад байгаа нь өөрөө бас л засаглалыг сулруулах хүчин зүйл болж байна. Тухайн улстөрчдийн тухайн цаг үеийн эрэлт шаардлага, хувийн сонирхолтой холбоотой яваад байгаа учир энэ асуудлыг ягт нь тултал дэвэргэх хэрэггүй юм л гэж бодож байна.

Анх Үндсэн хууль батлагдахдаа л Засгийн газрыг гаднаас байгуулахаар байсныг өөрч­лөөд давхар дээлтэй болгох хууль нэгэнт оруулчихсан учир өнөөдөртөө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох хууль эрхзүйн орчин нь нээлттэй байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Би ч тийм л бодолтой явна.

-Дан дээлтэй сайд байхын зов­лон өөрт тань чухам ямархуу байд­лаар мэдрэгдэх юм бэ дээ?

-Дан дээлтэй сайд жишээ нь УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад гишүүдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг авах талд давхар дээлтэй сайд нараас илэрхий дутмаг байдаг. Би тэр зовлонг дэндүү сайн туулж, мэдрээд явж байна. Давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн сайд нар УИХ-аар том бодлогоо гаргах, төсөв хөрөнгөө салбартаа хангалттай хуваарилуулах гээд нэг танхимд зэрэгцэн сууж байгаа ангийн нөхдөөсөө авах дэмжлэг, туслалцаа үнэхээр шал өөр байдаг.

Хэдийгээр УИХ дахь нам, бүлгийн нөлөөлөл, лобби орж байгаа мэт боловч эцсийн дүндээ монголын ард түмний төлөө л чиглэгдсэн болохоор би тэдгээр дэмжлэг, нөлөөллийг муу зүйл гэж боддоггүй. Яахав дан дээлтэй сайдын сайн, давуу тал нь үндсэн ажилдаа илүү цаг зав зарж, арай илүү хариуцлагатай ажилладаг байж болох юм.

-Монгол хүний өвчлөлийн гол цөм болсон элэгний С,В вирусын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн тариаг ихээхэн хямдруулан оруулж ирлээ. Гэхдээ л өнөөдрийн тухайд бас л үнэтэй сонсогдож байна лээ. Дахиад арай жаахан хямдруулах боломж байгаа болов уу?

-Монгол Улс эмийн талаар төрөөс баримт­лах бодлоготой орон шүү дээ. Хууль нь тун удахгүй батлагдах гэж байна. Тэр хуулийн дагуу ямар ч эм, тариаг бүртгэлжүүлэх, баталгаажуулах асуудал нээлттэй.

Одоогоор уг тариаг Монгол Улсад бүртгүүлэх асуудал яригдаж байгаа. Энэ бол АНУ-д дөнгөж үйлдвэрлэж гарсан бэлдмэл. Зүй нь үйлдвэрлээд эх орондоо гурван жил хэрэглэж ямар үр нөлөөтэй, ямар үйлчилгээтэй нь тодорхой болсон байх шаардлагатай юм. Харин дөнгөж үйлдвэрлэчихээд Монгол Улсад клиник туршилтыг нь хийх гэж байгаа бол бид маш их болгоомжтой хандах шаардлагатай юм.

-Саяхан Монголын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт хандаж элэгний өвч­лөлийг бууруулах, үзлэг, онош­логоог сайжруулах талаар хандаж захидал илгээсэн байна лээ. Энэ талаар сайдын хувьд ямар бодолтой явна?

-Тэр бол үнэхээр цагаа олсон захидал мөн. Элэгний хорт хавдраар Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орж байгаа. Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт гарч байгаа. Хамгийн харамсалтай нь эрт үедээ оношлуулах боломж, бололцоо туйлын хангалтгүй, эцсийн шатанд ирээд л оношлуулж байна.

Эцсийн шатанд оччихоор эмчилгээ авах нь муу, эмчилгээний үнэ өртөг нь ч өндөр байгаа юм. Эрхтэн шилжүүлэн суулгах шатанд эмнэлэгт хандаж байгаа нь Монгол хүний хэнэггүй, эрүүл мэндээ хайрладаггүйтэй холбоотой. Энэ сэтгэхүйг үндсээр нь өөрчилж байж бид элэгний өвчлөлийг бууруулж чадна.Энэ чиглэлээр элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэг, оношлогоог бүх улс даяар явуулж эхэлж байна.

Хоёрдугаарт эрхтэн шилжүүлэх төв байгуулахаар энэ удаагийн чуулга уулзалтан дээр хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бүх бичиг баримтаа бэлдээд байгаа. Уг нь эрхтэн шилжүүлэх төв байгуулсан юм. Гэхдээ тэр төв маань өнөөдрийн хэмжээнд үйлчлэх хүрээ, хүчин чадал нь хаана ч хүрэлцэхгүй байгаа юм. Монгол хүний нас баралтын гол шалтгаан болж байгаа элэгний өвчлөл, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх үндэсний хэмжээний том төв байгуулах нь Эрүүл мэндийн яамны хамгийн нэн тэргүүний зорилт болоод байна.

-Сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин гээд нийгмийг хамарсан онц аюултай халдварт өвчлөлийн өнөөдрийн байдал ямархуу түвшинд байгаа вэ?

-Сүрьеэг дэлхий нийтэд ядуурлын өвчин гэдэг. Хаана ядуурал, гуйланчлал байна тэнд сүрьеэ өвчин зэрэгцээд явж байдаг. Амьдралын муу орчин хаана байна тэнд сүрьеэ өвчин гаарч байдаг нь амьдралаар батлагдсан үнэн. Сүрьеэ өвчний тархалтаар Монгол Улс бүс нутагтаа дөрөвдүгээр байранд явж байна. Энэ бол бас л сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт. Өвчлөлийн хувьд сүрьеэ нь элэгний хорт хавдар, бэлгийн замын өвчний дараа гуравдугаарт орж байгаа.

Харин халдварт өвнөөр нас барагчдын дунд сүрьеэгээр нас барагсад тэргүүлж байна. 2006 оноос олон эмэнд дасалттай сүрьеэгийн оношлогоог эрс сайжруулж 76 хоногт багтаагаад хийдэг байсан бол шинээр гурван аппарат суурилуулсны хүчинд хоёр цагийн дотор олон эмэнд дасалттай архаг сүрьеэг оношилж чаддаг болоод байгаа.

“Глобал” сангийн хөрөнгөөр хийгдсэн энэ ажлын үр дүнд олон эмэнд дасалттай архаг сүрьеэг ямар антибиотик, эмээр эмчилж болох нь илэрхий болж байгаа. Энэ гурван аппаратыг суурилуулснаар архаг сүрьеэтэй тэмцэхэд ихээхэн дэвшил гарч дэлхийн түвшинд ойртож очсон гэж дүгнэж байгаа.

Монгол Улсдаа сүрьеэгийн өвчлөлөөр толгойлдог Дархан-Уул аймагт нэг аппарат суурилуулснаар эхний үр дүн тун сайн гарч байна. Улаанбаатар хотын тухайд сүрьеэгийн өвчлөлөөр тэргүүлдэг Баянзүрх дүүрэг буюу ХӨСҮТ-д нэг аппарат суурилуулсан. Цаашдаа орон нутгаа бүрэн хангах технологийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.