Анхааруулах тэмдэг хэрэгтэй байна
Дотоодын аялал жуулчлал хурдацтай өсөж, хүн бүхэн дуртай зүгтээ гарч, майхан саваа барьж амрах нь элбэгшив. Энэ бол наадмын үеэс эхлэлтэй амралтын дүр зураг. Мөн урин дулаан болохоор монголчууд гадаад руу биш эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байна гэж уншигч та эгдүүцэж буй биз. Хэдийгээр  дотоодын аялал жуулчлал хөгжөөд, монголчууд маань эх оронтойгоо танилцаад, хөрөнгө мөнгөө эндээ шингээж байгаа нь мэдээж сайхан хэрэг. Гэтэл амрахаар очсон аялагчдад ая тухтай амрах орчин, хогийн цэг, бие засах газрууд, замын тэмдэг тэмдэглэгээнээс эхлүүлээд л бухимдах зүйл олон байгаа нь үнэн.
 
Иргэд байгалийн сайханд амарч, зугаалж буй зураг хөргөө цахим ертөнцөд хийснээр түүний найз, бас түүний найзууд мөн л тэр газрыг зорих болсон гэхэд ч хилсдэхгүй. Тухайлбал, энэ зун Хөвсгөл рүү яваагүй хүн цөөн байлаа. Одоо ч тус аймгийг, далай ээжийг зорих аялагчдын тоо буураагүй байна. Үндэсний баяр наадмын үеэр Хөвсгөл далайн эрэг рүү чиглэсэн автомашины цуваа Хатгал тосгон орчимд түгжрэл үүсгэж байгаа тухай болон Мөрөн хот, Хатгал тосгоны банкуудын АТМ-ны мөнгө дууссан, зочид буудал болон гэр буудлууд зочдоор дүүрсэн, ШТС- ууд нь шатахууны хомсдолд орсон тухай мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд жиргэж бухимдацгааж байсан.
 
 “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай яриад л байдаг. Гэтэл энэ бол дотоодынхоо аялагчдын ачааллыг даах чадваргүй, бэлтгэл ажил нойл заасан байгааг харуулсан том жишээ. Мөн аялал зугаалгатай холбоотой бас нэг асуудал байгаа нь иргэд тухайн орон нутгийн талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй учир гол, мөрөнтэй газарт очоод амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Сөрт гэдэг газар Тэрхийн цагаан нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон хүний завь хөмөрч дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарлаа. Аврах хантааз өмссөн дөрвөн иргэн л эсэн мэнд гарч чадсан гэсэн мэдээлэл бий. Харин хантааз өмсөөгүй иргэд усанд живж, амиа алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч одоо болтол амиа алдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард танилын маань гэр бүл Хөвсгөл далайг зориод, буцах замдаа Орхон гол дээр саатан амрахдаа голын эргүүлэгтэй аюултай хэсэгт буудалснаа мэдэлгүй, тоглож наадаж байхдаа нэг хүүгээ алдчихаад ирсэн харамсалтай хэрэг гарсан юм.
 
 Хэн ч гэсэн тоглож, наадаж байгаад нэгийгээ алдчихна гэж санаагүй нь мэдээж. Энэ мэтээр гол усны эргүүлэгтэй, аюултай хэсгүүдийг мэдэхгүй иргэд халуун ам бүлээрээ зугаалахаар аз жаргалтай инээмсэглэн гэрээсээ гараад, буцаж ирэхдээ нүдэндээ нулимастай, зүрхэндээ гуниг харуусал тээн, өнчрөл хагацал үзээд буцаж ирэх гашуун жишээ сүүлийн өдрүүдэд олон гарлаа. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхээр том том юм яриад суугаа эрхмүүд дэмий л ярьж суухаар, ядаж анхааруулах тэмдэг тэмдэглээ мэтийн жижиг ажлыг эхлээд хийх хэрэгтэй байна.
 
Угтаа бол иргэдийн өөрсдийн анхаарал болгоомжгүй байдал хэмээн албаны хүмүүс хэлэх л байх. Гэхдээ тухайн орон нутагт анх удаа очиж байгаа иргэд гол, мөрний аюултай хэсгийг хэрхэн мэдэх билээ дээ. Ядаж л гүний хэмжээг нь тогтоож, аюултай хэсэгт анхааруулах тэмдэг тавьчихвал аминаасаа уйдсан биш тийшээ зүглээд байхгүй л байлгүй дээ, иргэд.
 
Одоо гадаадын аялагчдыг хэдэн зуун мянгаар нь татна хэмээн амаа уралдуулсаар байгаа. Гэтэл энэ нөхцөл байдал бүрдсэн үү гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байна. Адаглаад хээр биеэ хөнгөлж сураагүй гадаадын аялагчдад зориулаад зам дагуу бие засах газартай болгочих. Мөн дээр дурдсанчлан анхааруулах тэмдэг, хаяг байршлаа заасан самбартай болчих. Ер нь бол дотоодынхоо аялагчдыг эхлээд аюулгүй, ая тухтай аялуулчхаад дараа нь гаднын жуулчдыг хэрхэн татах талаар “мөрөөдөх” хэрэгтэй юм шиг санагдах. Олон хавар нэгэндээ гэдэг шиг гадаадын хэдэн мянган жуулчин гол мөрөнд ороод осолдохыг үгүйсгэх газаргүй. Хэрвээ Тэрхийн цагаан нуурын орчимд амрагчдад анхааруулдаг, аврах хантааз өгдөг, Орхон голын эргүүлэгтэй аюултай хэсгийг мэдээлэх, хязгаарлалтын хориотой бүсийн тэмдэг тэмдэглэгээ байсан бол тэдгээр гэр бүл амь насаараа “зугаалахгүй” л байсан биз дээ. Тиймээс анхааруулах тэмдэг хэрэгтэй байна.
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine