Өвөөгийн ташуур буюу төрөл арилжсан төрийн түшээд
Бидний багад өвөө эмээ маань жаахан дүрс­гүйтсэн ач зээ нараа хараад “турсага чинь загатнаа юу” гэдэгсэн. Энэ үгийг нь ойшоож, ухаарч хүлээж аваагүй хуу­дуутай зүйл хийсэн нэг нь турсагаа ганц сайн хуу­луулдагсан.

Хулсан иштэй, үзүүртээ нарийн суртай тэр та­шуурын амтыг хэдэнтээ үзсэн хүүхэд ёстой л нэг төлөв­шиж хүмүүждэг, да­хиад алдаа гаргана гэж хо­лоо хэвтэнэ дээ. Өвөөгийн ташуурын тэр л амт өнөө­гийн УИХ-ын эрхэм ги­шүүдэд үгүйлэгдээд бай­гааг тэд өөрсдөө ердөө ч мэдрэхгүй нь тун тоогүй.

Гудамж талбай хаана ч тэр хэний ч яриа яван явсаар эрхэм гишүүдтэй ямар нэгэн учиг сэжмээр холбогдоод явчихна. Жи­шээ нь саяхны нэг өдөр уулзаагүй удсан гур­ван найз бүсгүй караокед орж суунгаа ганц хоёр шар айраг ууж суугаад ийн ярьж байна аа.

“Энэ 76 нэг л биш ээ. УИХ-ын зөөлөн сэнтийд гарахаасаа өмнө тэд ямар их хөдөлмөрлөж байгаа вэ. Миний мэдэхээс үүргэвч үүрэн наймаа хийж, гутал тосолж, хуушуур буузхан зарж, архи пиво гэрээрээ найруулан худалдаж оёдол эсгүүрийн газар ажиллуулж, овоохон нэг нь ноос ноолуур арьс шир, төмөр мэтийн түүхий эд цуглуулан гадагш гаргадаг байж билээ.

Харин одоо амар хял­бар аргаар хөрөнгөө зузаат­гах гэж халуураад, харц ардынхаа амьдралыг ч анзаарч харах сөхөөгүй болц­гоож. Тэд талх хувааж авч байна гэхээр “худлаа яриад л” гэж бодсон байх. Гэтэл фэйсбүүкт тавьчихсан байгаа юм чинь. Өрөвдмөөр байгаа биз. Нэг килк, нэг талхыг танай хоёр хүү нэг суурин дээр л идчихдэг биз дээ” гэхэд нөгөөдөх нь “Тэд уг нь энэхүү зөөлөн сэнтийд залрахаасаа өмнө “Эх орон, газар шороо, ард олон минь” хэмээн цээжээ дэлдэж байсан “Эх орончид” юм шүү дээ. Төр түшилцэж байгаа эрхмүүд болон тэдний туслах, зөвлөх гэх хэн бүхэнд уг нь эх орноо гэх сэтгэл байсан. Харин авах гээхийн ухаанаа умартан шунал тэчьяалдаа хөтлөгдөн идэж уух ямар л арга байна түүнийг хайсаар үндсэн ажлаасаа хөндийрцгөөсөн нь нууц биш шүү дээ. Миний нэг найз хэн гишүүний туслах болчихсон чинь ёстой төрөл арилжчихсан байна лээ ш дээ” гэж ам уралдуулав.

Тэгтэл гурав дахь хүү­хэн тэр хоёрыгоо чагнаж сууснаа ярианд оролцож “Гадныхан ч цөлмөөд дот­­роосоо ч хумслаад л. Мон­голын минь баялаг яасан ч арвин юм. Гэхдээ хэдийгээр их баялагтай ч ёроолдоо тулах цаг ирнэ. Тэр цагт Монголд юу үлдэх бол. Өнөө цагийн өнгө төрхийг харахад хулгайчид ухуулсан айл шиг тийм л дүр төрх харагдаж өвчүү цээжний минь цаана буй атгахан зүрхийг минь тонгочуулж, өр өвтгөж өвчүү цээжийг минь хөндүүрлүүлэх юм.

Жирийн нэгэн өрхөд хулгайч ороод яадаг билээ дээ. Өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг аваад айлыг самраад гардаг. Гялайж гялтайсан болгоныг нь авсан хулгайч хэзээ ч байсан шиг нь тэр айлыг орхиж гардаггүй шүү дээ. Яагаад гэхээр эзнээс нь айхдаа хурдхан шиг, хам хум хамж аваад зугтдаг байхгүй юу.

Уул уурхайн лиценц, газрын наймаа, зөвшөөрөл, барилга, архины үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд ямар нэгэн сэжмээр авлига хээл хахуультай холбогдсон эрхмүүд дээр өгүүлсэн жишээг өрх гэртэйгээ харьцуулаад нэг үзээсэй. Одоо бүр уралдааны моринд хүртэл төхөөрөмж зүүлгэх гэнэ. Уг нь дэв­шилттэй сайхан санаа ч дэлхий нийтээр эдийн засаг хямраад эрхэм гишүүдийн хэлдгээр бүсээ чангалах дээрээ тулаад байхад тэр чип мип ер нь хэнд хэрэгтэй юм” хэмээв.

Бүсгүй хүний үс нь урт ухаан нь богино гэдэг ч уг нь энэ 76 дотор эрчүүд зон­хилдогсон. Босгоноосоо цаашхыг харах сэхээгүй, идэж уух, наргиж цэнгэх, авахын шуналд автаж байх зуурт нь Монгол орны маань хувь заяа аль хэдийн төр түшилцэж буй тэдгээр эрхмүүдийн гараас алдуурч орхижээ. Өвөөгийн ташуур үгүй­лэгдээд байна. Тэр тусмаа төрөл арилжсан төрийн түшээдэд шүү.
Өглөөний сонин
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • togoldor 2014-06-10 23:07:15
    Odoo yahav d bid nar l songson yum chin de dandaa hunii hooson ugend huurtdag humuus shu d bid. Mongold shudarga noeon nuruutai jinhene humuus hovor sh d huuhed baihaasaa l buruu osch baigaa sh d
  • зочин 2014-06-10 09:45:14
    манай төрийн түшээдэд чөтгөр шүгэлчихсэн байгаад хамаг хэргийн учир байгаа...энэ их одоогын тэдний хийж байгаа нүгэлийн гай барцад нь үр хүүхдүүдэд нь тусна гэдгийг тэд даан ч харамсалтай нь ойлглхгүй юм...Эдний улс эх орныхоо баялагыг гадныхантай нийлж х