ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулна
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Монголын Банкуудын холбооноос тодорхой саналууд ирүүлжээ. Үүнд арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс зээлийн эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол улсад суутгуулахгүй байхаар хатуу шаарддаг. Үүнээс үүдэн банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож, хуулийн дагуу татварыг улсын төсөвт төлж өртөг нэмэгддэг. Цаашлаад банкууд тухайн эх үүсвэрийн өртөгт нэмэгдсэн татварыг зээл авч буй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүд тодорхой хувиар шингээн хүүг тогтоож буй нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа тул Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогод 0 хувиар, Монгол Улсад оршин суугч бус иргэний Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогыг тус тус чөлөөлөх саналыг ирүүлсэн байна. Саналыг судлан үзсэний дагуу зээлийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх нь “нимгэн капиталжуулалт”-ыг бий болгож, ашгаа зээлийн хүү нэрээр татваргүйгээр гадагш шилжүүлэх эрсдэл бий болохоор байна. Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангаж байна. Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар оршин суугч болон оршин суугч бус этгээд нь зээлийн хүүгийн орлогод 10 хувиар албан татвар ногдуулж байх тул хуульд өөрчлөлт оруулах шаардлагүй юм хэмээн хууль санаачлагч үзэж байгаагаа дуулгасан.
Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэх өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн барьцаа хөрөнгөө өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсанаар эдгээрийг татвар ногдох зүйлд тооцон нийт 37.5-47 хувийн урамшуулал, татварын зардал гарч байх тул өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татваараас чөлөөлөх, улмаар зээлийн эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд хамруулахаар санал ирүүлсэн байна. Саналыг судлан үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг дэмжих боломжтой гэж үзэж байгаа юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.