БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Монгол Улсад албан айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр өнөөдөр /2015.07.29/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Пэтр Газдыг, БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Роман Ваня, Радка Максова, Павэл Ковачик, Збинек Станюра, Иржи Юнэк, БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Пэтр Кинштетр болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга М.Зоригт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачекийг өнөөдөр Чингис хааны нэрэмжит талбайд угтан авч мэндчилэх ба уг албан ёсны айлчлал 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Энэхүү албан ёсны айлчлалын үеэр БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Түүнчлэн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.