Ф.Гарри: Монголд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (ДОӨБ) ерөнхий захирал, доктор Фрэнсис Гарри манай улсад энэ сарын 22-23-ны өдрүүдэд  албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд манай улстай ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Монгол Улсын оюуны өмчийн тогтолцоог бүрдүүлэхэд болон инновацийн хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань  үнэлэн,  Алтангадас одонгоор шагнасанд?

-Баярлалаа, та бүхэнд. Миний ажил үйлсийг үнэлж, Монгол Улсын Засгийн газраас ийм хүндтэй одонгоор шагнасанд  талархаж байна.

-Монгол Улсад  албан ёсны айлчлал хийж байна, сэтгэгдэл хэр байна вэ?

-Монгол Улсад айлчилж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг. Сэтгэгдэл их өндөр байна.  Энэ дашрамд, Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Монгол Улс оюуны өмчид хамааралтай ажилд онцгой анхаарал хандуулж ажилладагт нь талархаж байна. Монгол Улстай бид олон жилийн турш сайхан хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар энэхүү хамтын ажиллагааг илүү олон чиглэлд хөгжүүлэх боломж нээгдэж байна.

-Монгол Улсад технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах тухай  байгууллага хоорондын гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах, энэ сүлжээнд нэгдэх нь манай улсад ямар ач холбогдолтой юм бэ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-ТИСК-ийн сүлжээ гэдэг нь технологи ба инновацийг дэмжих сүлжээг хэлж буй юм. Сүлжээ гэдэг нь олон байгууллага хамтраад өнөөдөр дэлхий нийтэд дэлгэгдсэн байгаа технологийн мэдээллийг хамтран ашиглаж, түүнээс цааш нь үр дүн гаргах зорилго бүхий сүлжээ юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд патентын мэдээлэл буюу технологийн талаарх олон нийтэд дэлгэгдсэн 44 сая технологийн мэдээлэл нээлттэй байж байгаа.  Энэ хөтөлбөрийн хүрээнд технологийн хүртээмж нэмэгдэнэ. Ингэснээр цаашид инновацийн төвшин дээшлэх боломжтой. Энэ мэдээллийг хэрхэн яаж олж авах, зөв ашиглах талаарх мэдээллийг олж мэдсэнээр галын дөл дээшээ улам дүрэлзэн асдаг шиг илүү гэрэл гэгээтэй үр дүнг үзүүлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, цаашид илүү олон зүйлийг шинээр нээх, санаачлан хийх боломжтой болох юм.

-Энэ хөтөлбөрийг манайхаас өөр ямар улс орон хэрэгжүүлдэг вэ. Мөн Монголд технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах тухай  гэрээг их, дээд сургуулиудтай байгуулсан нь   ямар учир шалтгаантай юм бэ?

-Ижил төстэй яг ийм хөтөлбөрийг бид ОХУ, Флиппин зэрэг улс оронд хэрэгжүүлсэн байгаа. ОХУ гэхэд энэхүү сүлжээнд 300 гаруй их, дээд сургуулиудыг хамруулсан. Флиппин улсын хувьд ч гэсэн мөн адил, маш олон тооны сургууль энэ хөтөлбөрт хамрагдсан. Энэ сүлжээнд оролцсноор мэдээллийн чанар сайжирч, эдгээр сургууль инновацийн төвшинг дээшлүүлэх, мэдээлэл солилцох тал дээр хоорондоо хамтран ажиллах юм. Ингэснээр бид богино хугацаанд үр дүнд хүрнэ.

-Айлчлалын хүрээнд Монгол Улсад хийхээр төлөвлөсөн, тохиролцож зөвшилцсөн ажил юу байна вэ?

-Хамтын ажиллагааны хүрээнд бид цаашид олон зүйлийг хийхээр төлөвлөж байна. Энэхүү ТИСК-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа маань бидний хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа, технологийн төвшинг дээшлүүлэх чиглэлээр хийж буй зөвхөн ганц ажил юм. Цаашид бид олон чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо, тэр дундаа ТИСК-ийн сүлжээ байгуулахаас гадна Монголын Оюуны өмчийн мэдээллийг дэлхий нийтийн Оюуны өмчийн мэдээллийн өгөгдлийн санд оруулах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Эдгээр арга хэмжээ нь бидний хийхээр төлөвлөж буй олон ажлын  нэгээхэн хэсэг нь юм. Дэлхийн Оюуны өмчийн газар нь Н.Чинбат даргаар удирдуулсан Монголын оюуны өмчийн газартай нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг. Цаашид бидний хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд цэцэглэж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
 

Зууны мэдээ
Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.