Би үмх талхныхаа төлөө тэмцэж явна
Аливаа жагсаал цуг­лаа­ны ар талд хэн нэгний эрх ашиг, санхүүжилт, далд со­нирхол нууг­даж байдаг. Эх орон, газар шороо, шу­дарга ёс, булаан эзлэгчдийн эс­рэг гэсэн уриа лоозон сонсогдох авч улстөр бизнесийн бүлэг­лэлийн явуулга, гадаадын за­хиалга байсан нь хэсэг ху­га­цааны дараа тодорхой бол­дог би­лээ.

Ер нь иргэд сайн ду­раараа эвлэл­дэн нэг­дэж жагсаал цуглаан хийж байсан удаагүй. Хэн нэг­ний удирдлага зохион бай­­­гуулалт дор тэмцэл өр­нүүл­дэг. Тэр тэмцэл нь улс төрийн ашиг хонжоо, на­муу­­дын тухиралт бо­лдог нь цөөн­гүй.

Харин Дархан-Уул айм­гийн Хонгор сумын иргэд өөрс­дийн хоол унд, өмсөх хув­цас, ажил хөдөл­мөрийн төлөө тэмцэж эхэл­лээ. Яг одоо­хондоо бол удир­дагч­гүй бу­­жигналдаж байгаа юм. Нийт­дээ 60 гаруй ахмадууд жаг­саал цуглаан хийж бай­на. Нэг ахмадын ар талд 5-8 хүн бий. Үр хүүхдүүд нь өхөөрд­­сөн янзтай харцгааж байгаа үзэг­дэнэ. Ахмадууд уриалах аваас Хонгор су­мын 6000 гаруй иргэн бо­соод ирэхэд бэлэн болж.

Юу­ны учир иргэд халуун зу­ны эхэн сар, тариа будаа, найр наадам эхлэх үеэр ийн жагсах болов. Хонгор сум дээр ирэхэд хэсэг настайчууд захир­гааныхаа үүдэнд гэр барь­чихсан сууж байж байлаа. Уг нь аймгийн Засаг даргын байр­ны үүдэнд суулт хийх хү­сэлтэй байсан ч цагдаагийн хэлт­сээс зөвшөө­рөөгүй гэнэ. Тийм учраас сумынхаа үүдэнд бариад сууж байгаа аж. Ихэнх нь 60 гарсан хөгшчүүл хэвлэлийн биднийг сэжиглэнгүйгээр угтлаа. Хэд хо­ногийн өм­нө хэвлэлийнхэн ирсэн аж. Тэгэнгүүт хөгшчүүл уралдах шахам зовлонгоо ярьсан юм байх. Гэтэл тэр телевизийн нөх­дүүд “Га­цуурт” ком­панийн за­хиал­гаар явж байсан гэнэ. Тэгээд тэд нарын үгийг мушгин гуйвуулж дайрч ёс зүйгүй ааш гаргасан гэж гомдолтой байлаа.

Хэсэг ярилцсаны эцэст хөгш­чүүл ярьж эхэллээ.

-Та энэ сумын уугуул иргэн үү?

-Манай энэ суманд уугуул иргэн бараг байхгүй дээ. Бүгд л илгээлт аваад ирсэн. Баян-Өлгий, Увс, Ховд, Хэнтий, Дорнод аймгаас ирсэн. Эмээ нь энэ нутагт учраа мэдэхгүй хүүхэд 15 настай ирж байлаа. Дан майхантай, цөөн трактортой залуус бууцгааж байсан. Энэ газар чинь барилга байшин гэж байсангүй.

-Хэдэн онд бэ?

-1959 онд Дарханы сан­гийн аж ахуй байгуу­лагдсан. Дараа нь Най­рамдлын Дар­ханы сангийн аж ахуй гэж нэрээ өөрчилж байсан. Өгөөж буянтай их газар ирээд ханьтайгаа тариан талбайд танилцаж 12 хүүхдийн ээж аав болсон. Өвгөн маань бурхан болсон доо.

-Энэ нутгаас холдоогүй хүн юм аа, та?

-Тэгэлгүй яахав. Миний нүдэн дээр тариа будаа ч Хонгор сум ч ургасан юм шүү дээ. Бид ч засмал зам дээгүүр будаагаа асгаж байлаа. Тийм их будаа тарь­чихгүй юу. Хавар намар бөөн бужигнаан болдогсон. Өвгөн бид хоёр олон жил трактор барьсан даа.

-Өнөөдөр тэмцэгч бол­чихсон сууж байдаг?

-Эмээ нь тэмцэл энэ тэрд оролцох дургүй. Гэтэл энэ нийгэм чинь орол­доод байна. Үр хүүхэд, амь­­жир­гааныхаа төлөө бид тэмцэхгүй бол хэн явах юм бэ. Өнгөрсөн жил сумаас маань газар эзэмшүүлэхээр болсон. Баярлаагүйгээрээ л баярлаж байтал аймгийн Засаг дарга С.Насанбат ху­рааж авахаар болчихлоо.

-Хэдэн га газар юм бэ?

-Газар тариалан эрхэлдэг хүмүүсийн дэргэд 50 га газар бол бага тоо. Гэх­дээ газраас юм авч сур­сан бид нарт баяр хөөр байлаа. Нийтдээ 60 гаруй ахмадуудад га­зар өгсөн. Атарын I, II багийн охид хөв­гүүдэд гэсэн үг.

-Та охидын багт байсан уу?

-Энэ орчлонд эмээ чи­­гээрээ ирээгүй юм. Нэгэн цагт илгээлтээр ирсэн охидын баг гээд гүйж явсан. Тэд­ний нэг л дээ.

-Охидын багийнхан газар авчээ дээ?

-Бид цөөрч байна шүү дээ. Хонгор суманд атар газар эзэмшихээр ирсэн охид хөвгүүдийн багаас өнгөрсөн жил бил үү 73 хүн байсан. Одоо 60 гаруй үлдээд байх шиг байна. Нэг маань газартай боллоо гэж баярлаад хураалаа гэхийг сонсоод бурхан болсон.

-Жагсаал хийж яваад нас барсан хэрэг үү?

-Сум орон нутагт хэн­тэйгээ тэмцэх вэ дээ. Уг нь бид аймгийн Засаг дарга С.Насанбат гэдэг хүүтэй тэм­цэх ёстой юм. Манай тэм­цэгчид дандаа настайчууд. Хол явж чадахгүй учраас сумынхаа талбайд сууцгаан үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ нутгийнхан бүгд дэмжинэ. Тийм учраас энэ хавиар явсан улсад өөрс­дийгөө танилцуулах хү­сэлтэй сууцгааж байна. Ха­луун наранд уурласан, бу­химдсан хөгшчүүл явчих гээд байна шүү.

-Сум орон нутгийн удирд­лага та нарын үгийг дамжуулж болно шүү дээ.

-Манай сумын Засаг даргыг Н.Лхагвасүрэн гэдэг юм. Сайн залуу. Хөгшчүүл бидэнд газар олгочихоод бу­руудаад яваа хүн. Аймгийн дарга С.Насанбат ажлаас нь хална гэсэн гэнэ лээ.

-Хөгшчүүл сумын Засаг даргадаа их сайн юм аа даа.

-Бидний зовлон жар­галыг ойлгодог хүү байгаа юм. Жаргал зовлон нэгтэй гэх юм уу даа. Хонгор су­мын иргэд юу мөрөөдөг вэ гэвэл газар гэж хариулах байх. Бидэнд газар олдохгүй байсан юм.

-Та газартай байгаагүй хэрэг үү?

-Зарим хүн биднийг га­заргүй гэхээр итгэдэггүй юм. Атар газар эзэмшихээр ирсэн охид хөв­гүүдийн багаас хоёр гурван хүн бага­хан газартай болсон байх. Бусад нь байхгүй шүү. 1990 он гарлаа. Бүх зүйл бужигнаад эхлэнгүүт Хон­горын сангийн аж ахуйг дөрөв хуваасан байхгүй юу. Тэгээд тэр дөрвөн компани нь дампуурлаа гээд юу ч өгөөгүй. Бусад сангийн аж ахуйн тариаланчид анжисаа нэг нь, трактороо нөгөөх нь гээд хуваасан. Тэгээд тэд баян болсон. Харин манайх болохоор дөрвөн аж ахуй нэгж болон хуваалгаад бусдын идэш болсон. Бидэнд өмч хувьчлалаар юу ч наалдаагүй.

-Танай сум чинь га­зартай биз дээ?

-Сумын мэдлийн газар гэх юм байхгүй дээ. Гадны компаниуд ирээд авчихсан юм билээ. Бид ч мэддэггүй байсан юм. Сумын хуучин удирдлагууд нууцын зэ­рэглэлд хамруулчихсан байх­­­гүй юу. Хэн хэн газар ав­сан гэдэг нь улсын нууц гээд хавьтуулахгүй. Сумын Засаг даргаар Н.Лхагвасүрэн томилогдонгуутаа тэр нуу­цын асуудлыг ил болго­чихсон. Яг үнэндээ бол газар хуваарилах чинь улсын нууцад хамаардаггүй юм билээ. Тэгэхэд л мэдсэн. Хуучин дарга нар авлигаа нуух гэж “Улсын нууц” гэсэн зүйл зохиосныг бид итгээд байсан хэрэг.

-Та юуны төлөө тэмцэж явна?

-Би үмх талхныхаа төлөө тэмцэж явна. Үр хүүхэд маань ажил орлоготой, хан­га­луун сайхан амьдрах нөхц­лийн төлөө тэмцэж явна. Түүнээс биш надад улс төр хамаагүй шүү. Аймгийн дарга С.Насанбат биднийг Н.Лхагва­сүрэнгийн турхи­ралтаар яваа улс гэсэн бай­на лээ. Бидний тэмц­лийг саар­магжуулах гэсэн арга хэлбэр юм. Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө явахад юуны буруу байгаа юм бэ. Яг үнэндээ бол бид том зүйлтэй тулалдаж байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын ар талд олигарх компаниуд бий. Төрийн нэр барьж хулгай хийдэг нөхдүүд ч бий. Тийм учраас хүчин мөхөсдөөд байна. Аргаа бараад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Ганбаатар нарт хэл хүр­гүүл­сэн. Хэл чимээгүй л бай­­на. Зарим хөгшчүүл УИХ-ын гишүүдээс дэмж­лэг авахаар улстөр­жинө гэсэн болгоомжлолтой байна. Тэр нь ч зөв биз.

-Та нарын удирдагч хэн бэ?

-Бидэнд удирдагч байх­гүй. Ажлын хэсэг гэж бий.

-Яагаад та нарт газар өгөхгүй гээд байгаа юм бэ?

-Би газартай болохоор 1990 оны дундаас эхлэн хөө­­цөлдөж эхэлсэн. Сумын удирдлагууд газар байхгүй, “Улсын нууц” гээд өгдөггүй бай­лаа. Гэтэл энэ нутгийг Гацуурт тэргүүтэй цөөхөн компаниуд ху­ваагаад ав­чихсан. Нийтдээ 7000 га­руй га талбайтай болсон. Худалдаад ч юу байхав, хуй­­валдаад авчихгүй юу. Тэгээд сум орон нутагт газ­рын төлбөрөө хагас дутуу төлдөг байж. Газрын тухай хуулиар 1000 орчим га газар цуцлагдсан юм. Сумын удирдлага цуц­лагдсан газ­раас иргэдэд хувааж өгсөн. Тэгэхэд “Га­цуурт” ком­па­нийнхан дайрч байгаа байхгүй юу. Энэ нутгаас хангалттай оллоо, баяжлаа шүү дээ дээ. Тэр Б.Чинбат. Яагаад нутгийн иргэдэд жаахан газраасаа өгч бол­доггүй юм. Хойноос ирээд хот манайх гэдэг шиг Хон­гор сумын газар нутгийг үнэ төлбөргүй хэрэглээд сурчихсан байхгүй юу. Энэ компани орон нутагт юу хийсэн юм, хэдэн хүнийг ажилтай болгосон юм бэ. Нүдэнд харагдах юм байх­гүй шүү. “Гацуурт” компа­нийнхан манийн өвөө эмээ нарыг түлхэж унагаад явахаас ичмээр юм.

-Та бүхнийг тусгай хэ­рэг­цээнд авсан газраас бу­лаалдсан гэж үзсэн байна лээ.

-Төрийн нэрээр хулгай хийгч нар олширсон бай­на. Манай энд Ургамал газар тариалан эрдэм шинжил­гээний хүрээлэн гэж бий. Тэднийх 1200 гаруй га га­­зартай. Тэр газарт нь рапс, төмс, улаан буудай та­риал­даг. Хувь хүмүүс ч бий. Сая манайхан очиход нэг тракторчин 300 га газарт рапс тариад явж байна лээ.

-1200 га газартаа нөө­цийн үр тарьдаг юм биш үү?

-Монгол Улс нөөцийн үр та­риагаа гадаадаас авдаг. Онцгой байдлын газраас Ургамал газар та­риалангийн эрдэм шинжил­гэ­э­­ний хү­рээлэн хэдий хэрийн нөө­цийн будаа нийлүүлдэг вэ гэхэд “Улсын нууц” гэж байна лээ. Бүх зүйл улсын нууц болсон.

Манай сумын иргэд үр та­риагаа улсад нийлүүлдэг гэдэгт итгэдэггүй. Тун бага будаа ний­лүүлээд бусдыг нь завшдаг бо­лов уу. Бид ийм том эрдэм шин­жилгээний хүрээлэнгийн хажууд байж үрийн будааны гачаалд ордог юм гэж ярилаа.

Ийнхүү ярилцаж байх зуур хөгшчүүл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатаас шаар­дах бич­гийнхээ хариуг авахаар хөдөллөө. Бид ч гэсэн цуг явцгаасан юм. Засаг даргын өрөөнд очиход хэн ч байсангүй. Хөгшчүүл гур­­вантаа хоосон хаалга мөр­гөж бай­гаа аж. Нэг удаа Засаг дарга С.Насанбат “Хонгор сум дээр очоод байж бай. Араас чинь очлоо” гээд бултсан гэх.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-09 14:22:16
    Hulhi Ganbaatar bichig ugvol tv n umno ugvol hudlaa unen yum yarindaa Hayanhyarvaa uuroo taria taridag hun bn da zovlon g chin oilgoj magadgui shu tsaadah chin darhand hairtai hundee Nasanbat tsutslah zuv shu de Lhagvasuren ITHd ner devshihdee huuli busaa
    103.26.193.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Уриалга 2014-06-09 13:10:48
    Улсын их хурал гэгч байгууллага байх шаардлага алга. Урагшлах замд саад чедер бологч, ажлаа огт хийдэггуй ийм байгууллага ямарч хэрэггуй. Улс терч намчууд байхгуй болсноор ард тумэн сайн сайханд хурнэ. 76 зангууг тэжээх хэрэг ард тумэнд байна уу.
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Оршин суугч иргэд нь газаргүй гэсэн чинь 2014-06-09 03:30:30
    Энэ чинь одоо ямар шившигтэй хэрэг вэ? Тэр азай буурлууд газаргүй сууж байна гэвэл би лав үнэмшихгүй юм байна. Том компаниудыг задалж жижигрүүлж нийгмийн төлөө үйлчилдэг болгомоор юмаа. Ер нь хэний төлөө юуны тулд ашиг олз олдог юм бол доо. Өөрсдийгөө бод
    67.158.14.40
    Мэдэгдсэн Хариулах
  • tumur 2014-06-09 03:03:31
    Өнөөгийн Монголын үнэн нүүр царай энэ мөн шүү.Хаянхярваа Ганбаатар нь ч авилгалдаа идэгдэж ажилдаа түүртээд түмний амьдралд түй ч тусгүй дээ.Энгийн иргэд элий балай ноомой бодь сэтгэлээсээ булшлуулаад эрлийз хурлийз хужаа хувалзанд бариулаад ЭХ ОРОН
    112.72.13.43
    Мэдэгдсэн Хариулах