Тэрбумыг зувчуулсан хятадуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Дөрвөн жилийн өмнө 22-ын товчооны авто замын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан "Бэрх зараа" компани одоо болтол замаа тавьж дуусгаагүй хэмээн жил дараалан хэл ам таталж байгаа. Тухайн үед тус компани нэг жилийн гэрээтэйгээр Моносын уулзвараас баруун аймгууд руу салдаг замын уулзвар хүртэлх 10.5 километр авто замын ажлыг гүйцэтгэхээр улсаас 12 тэрбум 95 сая төгрөг авсан байдаг. Ингэхдээ Хятадын "Чи Чи Ха Ар хотын төлөвлөлт инжеренг" компанитай хамтран тус замын ажлыг гүйцэтгэхээр болсон юм.

Компаниуд эхлээд замынхаа суурь хучилтын ажлыг хийсэн ч өнгө хучилт гэрэлтүүлгээ хийлгүй алга болжээ. Нийслэлийн Авто замын газраас ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ хийсэн "Бэрх зараа" компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст сүүлдээ хуулийн байгууллагад хандсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар "Хятад компани замын суурь хучилтын ажлыг гүйцэтгээд өнгө хучилтын ажлыг хийх мөнгийг "Бэрх зараа" компаниас бөөнөөр нь шилжүүлж аваад зугтсан.

Тиймээс "Бэрх зараа" компани цагдаагийн байгууллагад хохирогчоор гомдол гаргаж хэсэг хугацаанд хятад компанийг эрэн сурвалжилж байсан" гэв. Харин Мөрдөн байцаах газраас дээрх компаниудын хэргийг шалгаж үзээд нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэргийг гэрээ хэлцэлтэй холбоотой учир гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ.

Ингээд он дамжиж байгаа 10.5 километр замын ажлыг гүйцэтгэх "Бэрх зараа" компани хөрөнгө мөнгөгүй болсон учраас өнгөрсөн жил Моносоос 22-ын товчоо хүртэлх таван километр замын суурь хучилт, хайс хашлагын ажлыг "Тэгш плант", "Эрдэнэ зам" хэмээх компаниудаар хийлгэсэн байна. Харин 22-ын товчооноос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 5.5 километр замын өнгө хучилт, гэрэлтүүлгийн ажил "Бэрх зараа" компанийг хүлээсээр байна. Эдгээр ажлын өртөг болох нэг тэрбум 500 сая төгрөгийг "Бэрх зараа" компани гаргах юм. Нийслэлийн авто замын газрын холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар "Бэрх зараа" компанид албан бичиг явуулж өдөр бүр утсаар ярьж байгаа. Банкны зээл хөөцөлдөж байгаа учраас удахгүй замын өнгө хучилт, гэрэлтүүлгийг хийж дуусгана" гэсэн гэв.

С.САРУУЛ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хужаа 2014-06-09 04:48:16
    тэр бэрх зарааны хэдэн нөхдийд ёстой хөгийн гарууд байнадаа
  • зараа 2014-06-09 03:30:15
    ЖИНХЭН БЭРХ ЗАРААТАЙ УЧИРЖ ДЭЭ ХА ХА ХА