Зуслангуудад гэнэтийн шалгалт хийнэ
Сурагчдын  амралт эхэлсэнтэй холбогдуулан зуслангийн үйл ажиллагаа эхэлжээ. Зуслангуудын үйл ажиллагааны талаар Нийслэлийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн газрын Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Саранцэцэгээс тодрууллаа.

-Танай бай­гууллагаас хүүхдийн зуслануудад ямар хяналт, шаардлага тавьж ажилладаг вэ?

-Манай байгууллага хүүх­дийн зуслангуудын  стан­дар­тын хэрэгжилтэд хяналт та­вих, захирал, бүлгийн багш, арга зүйчдийг арга зүйн зөв­лөмж,  удирдамжаар хангаж ажиллладаг.

-Энэ хүрээнд ямар ажлыг зохион байгуулсан бэ?

-Чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, мөн зусланг эрсдэлгүй, аюулгүй орчноор хангаж, ажиллахад анхаардаг. Тиймээс  энэ жил зуслангийн захирлуудтай гурван удаагийн уулзалт зохион байгуулж,  чиг үүрэг өгөөд байна.

-Зуслангуудад хаанаас ямар шалгалт хийдэг вэ?

-Манайх  мэргэжлийн дөр­вөн  байгууллагатай хамтран 2007 оноос мөрдөж эхэлсэн “Хүүх­дийн зуслангийн үйл ажил­лагаа. Ерөнхий шаардлага MNS5633:2006”  гэсэн стандар­тын дагуу зуслангуудын аюулгүй, таатай орчин, тоног төхөөрөмж, эд хогшил, зөөлөн эдлэлийг шалгадаг.

-Мэргэжлийн байгууллага гэдэгт ямар, ямар бай­гууллага багтаж байна вэ?

-НМХГ, НОБГ,  Эрүүл мэндийн газар, нийслэлийн Цагдаагийн газар гэсэн байгууллагатай хамтран улсын шалгалт хийдэг. Барилга байгууламж, эрүүл ахуй, аюулгүй орчин гэх мэт зүйлсийг нарийн шалгасны дараа үйл ажиллагаа явуулах эрх олгодог.

-Энэ жил хэдэн зусланд үйл ажиллагаа явуулах эрх авсан бэ?

-Өнгөрсөн жил 19 зуслан үйл ажиллагаа явуулах эрх авсан. Харин энэ жил 26 зуслан үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хангаад байна гэсэн мэдээ ирүүлсэн.

-Тэгэхээр нэгдсэн тоо нь одоогоор гараагүй байгаа гэсэн үг үү?

-Манай байгууллага энэ сарын 10-12-ны хоо­ронд мэргэжлийн дөрвөн  бай­гуул­лагатай хамтран шалгалт хийнэ. Хамтарсан дүгнэлт гарсаны дараа хэдэн зусланд үйл ажиллагаа явуулах эрх олгох нь тодорхой болно.

-Улаанбаатар чуулгын хоёрдугаар  давхарт зуслан­гуудын бүртгэл, танилцуулга эхэлсэн байна. Шалгалт дуусаагүй байхад бүртгэл эхэлж болж байна уу?

-НМХГ-аас олон шинжилгээ шалгалт явуулдаг учраас энэ сарын эхээр түрүүлээд шалгалтаа хийсэн. Энэ шалгалтад тэнцсэн зуслангууд ерөнхийдөө эрхээ авсанд тооцогддог. Тийм учраас эдгээр зуслан бүртгэлээ эхэлж болно гэсэн үг. Мөн зарим зусланд үйл ажиллагаагаа сайжруулах долоо хоногийн хугацаа өгдөг. Энэ хугацаанд сайжруулсан зуслангийн мэдээ­лэлтэй нэгтгэн хэдэн зуслан эрх авсан нь тодорхой болно.

-Зусланд амрах үнийн хувьд?

-Энэ жил 150-250 мянган төгрөгийн хооронд байгаа.

-Яагаад үнэ ийм зөрүүтэй байна вэ?

-5-10 хоногийн хугацаатай зуслангийн бүртгэл эхэлсэн байгаа. Үүнээс  шалтгаалж үнийн зөрүү гарна. Мөн хөтөлбөр нь нөлөөлдөг.

-Багш боловсон хүчин болоод ажилчдыг хаанаас бэлтгэдэг вэ?

-Багш нарын хувьд мэр­гэжлийн багш нар байдаг. Мөн олон улсын “Найрамдал” зус­ланд нийслэлийн Хүүхэд гэр бүлийн  хөгжлийн газар, Монголын зуслангуудын хол­боотой хамтран тавдугаар сарын 14-17-ны  хооронд бүлгийн удирдагчдын дунд сур­галт зохион байгуулсан. Үүнд 120 багш  хамрагдсан.

-Хоолондоо хордсон гэх гомдол их гардаг. Хүнсний аюулгүй байдалд  хэрхэн хяналт  тавьж байна?

-Хүүхдүүд амархан муудах, лаазалсан бүтээгдэхүүн авч явдаг.  Түүнээсээ хордсон тохиолдол гарч байсан. Зуслан бүр өөрийн хүнсний бүтээгдэхүүн авдаг гэрээтэй байгууллагатай. Түүнд нь НМХГ  шинжилгээ хийдэг. Бас зуслангийн тогооч нар өглөө бүр хоолныхоо дээжийг авдаг. Тиймээс хоолонд хордох тохиолдол гарахгүй байх. Энэ сарын дундуур эрүүл мэндийн газартай гэнэтийн шалгалт хийнэ.

-Зуслангууд хэдэн ээл­жээр хүүхэд амраах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ерөнхийдөө 5-9 ээлжээр, 150-450 хүүхэд амраах   төлөвлөгөөтэй байна.

-Хөтөлбөрийн хувьд өөрчлөлт гарсан уу?

-Энэ жил хүүхдүүдийг тө­рөлжсөн хөтөлбөрт хамруулах гэж байгаа. Дан ганц урлаг соёл биш, спорт, уран зураг гэх мэт хүүхдийн өөрийнх нь сонирхолд нийцсэн хөтөлбөр оруулж өгөхөөр зуслан бүр тус тусын хөтөлбөрөө төлөвлөсөн байгаа.

-Хүүхдүүд зусланд ирэхдээ анхаарах зүйл юу байна вэ?

-Хүүхдүүд зуны улирал учир хувц­саа то­хи­руу­лах, ху­вийн бэлт­­гэ­лээ сайн хан­гах, үнэ, цэ­нэ­тэй зүйлс, лаазалсан бү­тээг­­дэ­хүүн авч ирэх­гүй байх хэ­рэг­тэй. Мөн эрүүл мэн­дийн шин­жил­гээг үнэн зө­вөөр гар­гуу­лан авч­рах нь хамгийн чухал.
Монголын мэдээ
Б.Пагмасүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.