Иосеф Блаттер руу хуурамч мөнгөн дэвсгэрт цацав
Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Иосеф Сепп Блаттер хэвлэлийн хурал зарлажээ. Улмаар энэ үеэр хуралд оролцсон Их Британийн инээдмийн жүжигчин түүн рүү их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэртийг цацаж, хэвлэлийн хурлыг үймүүлсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулж байна.



Тодруулбал, ФИФА-ын төв байранд зарлагдсан хэвлэлийн хуралд оролцсон эдүгээ 79 настай Иосеф Сепп Блатер Их Британийн инээдмийн жүжигчин Симон Бродкин түүн рүү хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг цацах үед царай нь барайж байсан гэнэ. Харин хэвлэлийн хурлыг үймүүлсэн үйлдлийнх нь дараа жүжигчин Бродкиныг Швейцарийн цагдаагийнхан барьж, машинд суулган авч оджээ. Ли Нелсон гэх тайзны нэртэй жүжигчин Бродкин өмнө нь ч гэсэн олны анхаарлыг татсан томоохон хэмжээний уулзалт, цуглаан арга хэмжээг хэд хэдэн удаа үймүүлж байсан удаатай гэнэ. 

Тэрхүү хурлыг И.Блаттер дараагийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн өдрийг зарлахаар зохион байгуулсан бөгөөд Блаттерийн гарах индэр дээр ч хуурамч мөнгөн дэвсгэртүүд тавигдсан байжээ. Улмаар инээдмийн жүжигчин өөрийгөө 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах Хойд солонгосын төлөөлөгч  байна” хэмээн хашгирч байжээ.

Цагдаагийн алба хаагчид жүжигчнийг баривчлан танхимаас гарах үед ч тэрбээр “тийм шүү Сепп” гэж хашгиран хуурамч мөнгөн дэвсгэртүүдээ агаарт цацсан байна. Үүнээс 10 орчим минутын дараа цэвэрлэсэн хэвлэлийн хурлын индэрт Блаттер гарч, дахин эхлүүлсэн хэвлэлийн хурлынхаа эхэнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс уучлалт хүсч, энэ удаагийн явдлыг “боловсролгүй бүдүүлэг зүйл” хэмээн шүүмжилсэн аж. Тэрбээр мөн үргэлжлүүлэн “энэ удаагийн явдал хөлбөмбөгтэй огт холбоогүй” гэдгийг тодотгожээ.

Нөгөөтэйгүүр, жүжигчин Бродкин хэвлэлийн хурлын дараа твиттер хуудастаа өөрийн зургаа оруулж, “Сепп Блаттертэй нүүр нүүрээ харан уулзаж, 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг Хойд Солонгост зохион байгуулахаа баталгаажуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна. Блаттерийн энэ удаагийн хэвлэлийн хурлын бичлэг интернэтэд тавигдсанаасаа хойш хэдэн секундын дараа л сошиал медиагаар тарж, томоохон шуугианыг дэгдээгээд амжив.

Өмнө нь Бродкин Их Британийн хэд хэдэн телевизийн шоуг түйвээж байсан удаатай. Өнгөрсөн сард л гэхэд хөгжмийн Гластонбури фестиваль дээр реппер Канье Уэстийн тайзыг үймүүлж, хамгаалагчдад хөөгдөн гарч байжээ. Мөн өнгөрсөн жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө   Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хувцсыг өмсч, багийн онгоцонд нэвтрэхийг завдаж байсан аж.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.