Грек ба Монгол
Грек дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тус улсын эмзэг, ядуу иргэдийн тоо өдрөөс өдөрт олон зуугаар өсч байгаа тухай мэдээлэл дэлхий нийтээр цацагдсаар. Өвчин хэлж биш, хийсч ирдэг гэлцдэг. Харин өр бол хэлж байгаад ирдэг юм гэдгийг Грекийн байдлаас харж болно. Учир нь зургаан жилийн туршид эдийн засгийн хямралтай байсан тус улсад дампуурал нүүрлэв. Гэхдээ хүний толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар гэдэг. Манай улс ч ялгаагүй тэдний араас шил даран хурдалж буй. Саяхан Ju­bilee Debt Campaign-ы гаргасан шинжээчийн дүгнэлт үүний нотолгоо юм.
 
Өрийн хямрал хаяанд нь ирсэн 20 гаруй улсын найм дахь нь Монгол Улс. Хэдийгээр хатуу ч үнэн үг учраас бултах аргагүй.
 
ГРЕКИЙН ЗАМААР
 
Аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гол салбараа хөгжүүлээгүй улсын эдийн засаг тун эмзэг гэдгийг олон улсын шинжээчид хэлдэг. Манай улсын тухайд одоогоор энэ нөхцөл байдал бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Олон улсын тоймч Ш.Гантулга “Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байгаагийн шалтгаан нь орчин үеийн ардчиллын системтэй холбоотой. Энэ нь Гректэй адилхан гэсэн үг. ДНБ-ээс давсан төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаад улс орноос зээл авч байгаа юм. Грек яг энэ замаар явсан. Нэг л мэдэхэд өр нь ДНБ-ээс давсан учраас эдийн засагт нь дефольт үүсэж Засгийн газар нь дампуурч байна”гэлээ. Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн муу, муухайг хэлэхгүй цээрлэдэг. Гэвч үнэнтэй нүүр тулж, шийдвэр гаргах цаг аль хэдийнэ болсон гэдгийг гаднынхан сануулж байна.
 
ЦООРХОЙ
 
Грек эдийн засгийн хямралыг давахын тулд зарлагаа эрс буулгаж, шинэчлэлийг эхлүүлсэн ч  улсын төсвийнхөө цоорхойг нөхөж чадаагүй юм. Бид ч мөн л энэ замаар бэдэрч буй. Учир нь эдийн засгийн хямралыг давахын тулд тансаг хэрэглээгээ хасахыг төрийнхөн уриалсан. Гэсэн хэдий ч хэмнэсэн танасан төсөв батлагдахдаа өмнөх онуудтай харьцуулахад өссөн дүнтэй байсан билээ. Харин улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн мэдээгээр тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 84.1, нийт зарлага 72.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн төсвийн нийт тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 716.3 тэрбум төгрөгөөр бага гарсан байна. Тиймээс байдал маш хүнд байгаа гэдгийг гадаад, дотоодын эдийн засагч, шинжээчид хэлж байгаа хэрэг.
 
Төсвийн цоорхойг нөхөх талаар Грекчүүд арга сийлсэн ч тусыг эс олов. Учир нь Европчууд баталгаа гарган Грект шинэ зээл олгох санал бөөн маргаан дэгдээж байсан билээ. Мэдээж зээлийг хэзээ нэгэн цагт хүүгийн хамт буцааж төлнө. Гэхдээ Грекийг аврахын тулд евро бүсийн орнууд өөрсдийн татвар төлөгчдөд ачаалал үүрүүлэхгүй гэсэн аж. Зээл авах ңь аврах гарц мэт боловч өрийн хэмжээ өснө гэдгийг шинжээчид хэлсэн байна. Бид ч мөн л цоорхойгоо нөхөхийн тулд гадаад орчноос зээл авах замыг сонгосон. Тиймээс энэ жил манай улсын Засгийн газрыг нэг тэрбум ам.долларын зээл авах магадлалтай хэмээн гаднынхан бичжээ.
 
Грекийн замаар орох магадлал өндөр гэж харах шалтгаан нь энэ. Ийнхүү 15 жил тасралтгүй эдийн засаг нь өссөн ч, өр нь зуузай холбосоор айхтар хямралд орох нь тэр.
 
ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН УЧИР ШАЛТГААН
 
Грекийн зээл, хадгаламж хоёрын харьцаа ижил болсон тухай мэдээ нэг хэсэг олныг цочроосон. 2010 оны арван нэгдүгээр сарын мэдээгээр 2009 оны эцсээр Грек дотоод өр, төсвийн алдагдлаараа Европын холбооны түүхэн дэх дээд амжилтыг тогтоожээ. Үнэн хэрэгтээ энэ нь сүйрэл байв. 2009 оны төсвийн алдагдал ДНБ-ий 15.4 хувьд хүрсэн байна. Яг энэ үед тус улсын өр ДНБ-ийх нь 127 хувьтай тэнцэж байж. Ийнхүү зээлийн хүү тэнгэрт хадаж, нийгэм эдийн засгийн хүнд хямралын шалтаг болсон гэж үздэг.
 
Харин манай улсын эдийн засаг 2011 онд эрчимтэй тэлж 17.5 хувьд хүрч байсан юм. Өдгөө энэ өсөлт 4.4 хувь болтлоо буурсан байна. Эдийн засгийн хямралыг бид даван туулахын тулд гадны хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэлцдэг. Гэвч унаж байгаа эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт хийх “тэнэг” зоригтон олдохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, өр ширтэй, ажилгүй хүнд банк зээл олгохгүйтэй ижил гэсэн үг.
 
ӨРИЙН ТӨЛӨӨС БУЮУ ДАМПУУРАЛ
 
Монгол Улс 2014 оны эцсийн байдлаар нийт 20.9 тэрбум ам.долларын өртэй байгаа юм. Энэ өрийн 10.6 тэрбум нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл аж. Харин засгийн газрын нийт өр  2014 оны эцсийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл Засгийн газар олон улсад хямд өртөгтэй, урт хугацаатай мөнгө босгох сонирхолтой байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан. Тийм ч учраас өнгөрсөн тавдугаар сарын эцэст нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар шийдвэрлэсэн биз. Гэхдээ ойрын хугацаанд өрөө төлөхийн тулд 3.4 тэрбум ам.доллар бидэнд хэрэгтэй.
 
Төсвийн тогтвортой байдлын хуулиар өрийн таазыг 53.8 хувьд барихаар хуульчилсан. Гэвч 2014 оны аравдугаар сард төсвийн хүрээний мэдэгдэлдээ Монгол Улсын, тэр дундаа зөвхөн Засгийн газрын өрийг 53.8 хувьд барихаар тогтжээ. Үүнд төр, хувийн хэвшлийнхний өрийг оруулаагүй юм. Хэрэв эдгээрийг өрийн тааздаа багтаавал Грек шиг ДНБ- нийхээ 127 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болчих магадлал өндөр. Өрийн төлөөс нь дампуурал гэдгийг Грек бидэнд сануулж байна. Тэгэхээр сүх далайтал үхэр амар гэж болохгүй болсон цаг ажээ.
 
ЯДУУРАЛ БА АЖИЛГҮЙДЭЛ
 
Эдийн засгийн хямралыг дагаад ядуурал, ажилгүйдэл өсдөг. Грект аль хэдийнэ нүүрэлсэн аюул юм. Тухайлбал, тус улсын иргэд ажилгүй болж гудамжинд амьдарч буй. Барилгын салбарт ажиллаж байсан хүн ажилгүй болоод үүргэвчтэй цүнхнээс өөр хөрөнгөгүй гудамжны сандал бараадан амьдарч байгаагаа дэлхий нийтэд зарласан. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөтэй ч түүнийгээ идэхгүй учраас өлсгөлөнд нэрвэгдэхдээ тулж буйгаа ч Грекийн ард түмэн учирлаж байна. Тэд “Засгийн газар биднийг ажилгүй, бизнесгүй болгосон мөртлөө залхуу гэж нэрлэж байна. Харин гадаадын мөнгө хүүлэгч-зээлдүүлэгчид нар биднийг европын холбооны бусад жижиг улс орнуудтай нэгэн адил гахайнууд гэж нэрлэж байна” хэмээн гомдоллож байгаа юм. Хэдийгээр ийм нөхцөл байдал бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоогүй ч тун хүнд байгааг хүмүүс шагширсаар л байгаа.
 
АШДЫН БИЛГЭЭ БОДВОЛ...
 
Ийм хямралын дараа эдийн засаг өсөж эхэлдэг аж. Өвөл дуусаж, хавар болохоор цэцэг ногоо дэлгэрдэгтэй ижил. Үүний тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэйг бизнесийнхэн улиг болтол ярьж байгаа. Манай улс аж үйлдвэргүйн дээр “ноён ногоон”-д дарлуулсаар удаж буй. Тухайн улс орон үндэснийхээ валютыг чангаруулахын тулд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ хямдарч, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болдогийг эдийн засагчид хэлж байна. Өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр аж үйлдвэрийн салбар хөгжих нь дамжиггүй. Грекийн замналаар нэг хэсэг замнасан Монгол, салаа замын уулзвараас салах арга хайх цаг хаяанд тулжээ.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .h 2015-07-29 15:10:36
    Vnet tsaasnii zah zeeliig hurdan hogjvvlj dotoodiin vidwerlegchid bolon huwitsaa ezemshigchidiig( irgediig) ali boloh surgalt surtalchilgaand sain...
    119.204.14.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Учрал 2015-07-22 23:07:53
    Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурангуут л $-оор бороо орно гээд байсан Баабар, гэрээний хариуцлагыг толгойгоороо хариуцана гээд байсан С.Баяр, далд уурхайн
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах
  • çî÷èí 2015-07-22 07:01:30
    ýõëýýä ýõ îðîí çàðñàí àëäàãäàëòàé ãýðýý õìéñýí ÁÀÖÎ ÑÀ íàðûã öààçàë
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах