Үерт бэлэн үү?
Энэ жил бүх нутгаар гантай байгаа ч найр наадмын тоо хэтийдэж, дээр доргүй дээлээ тайлалгүй наадаж явна. Улсын баяр наадам арай гэж шувтарсан бол сумдын ой, сургуулийн ой сая л эхэлж байна. Залгуулаад бүсийн наадмууд болно. Гэтэл зудын аюул дохиолж эхэлсэн. Зуд ч яахав гэтэл үер усны аюул энд тэндгүй донсолгох болов. 1966 онд нийслэлийг тэр чигээр нь урсгаад явчих шахсан үерийн гамшгаас хойш 50 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, олон ой давхцсан энэ жил аймшигт үерийн 50 жил тохиож байгаа юм. Томоохон үер 50- 100 жилд давтагддаг нь судалгаагаар тогтоогдсон зүйл. Тэгвэл, энэ жил үер давтагдах он тоолол эхэлчихсэн. Болзошгүй энэ аюулд Улаанбаатар бэлэн үү гэдэг асуултад бид ямар байдалтай байгааг тоймлоё.
 
Н и й с л э л маань Богдхан, Чингэлтэй, Баянзүрх Сонгинохайрхан уулаас эх авсан 25 хуурай сайр болон гол мөрний амтай, Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчир учраас үерийн аюулд өртөх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд, тодруулбал 2012 оноос хойш Улаанбаатарт үерийн нөхцөл байдал гурван удаа давтагдсаныг мэргэжилтнүүд тэмдэглэсэн бол өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт ширүүн бороо хэсэгчилсэн байдалтай орж, тухай бүртээ үер усны аюул нүүрлэж байна. Өнгөрсөн бямба гаригт III, IV хороолол орчим түр зуурын ширүүн бороо орж, ус зайлуулах сувгууд дүүрч, жижиг оврын тэрэгнүүд үерт урсч, гэр хорооллын айлууд аврах анги дуудаж бужигнав.
 
Дараа өдөр нь Орбит, Зурагтын эцэс орчим 15 минут  дуу цахилгаантай бороо орж бас л олон айлыг түргэн авахуулж, 11 хүн живж, гурван хүн аянганд цохиулав. Өчигдөр нийслэлийн төв хэсгээр 20-хон минут орсон ширүүн бороо үер болж, явган хүн байтугай машин техникт давагдашгүй байдлыг үүсгэлээ. Замууд нь гол мөрөн аятай, түүгээр зорчих бүү хэл гатлах аргагүй. Уг нь ийм байх учиргүй. Манайхан замаа барихдаа ус зайлуулах суваг барьдаггүйгээс энэ. Байгаа ганц нэг ус зайлуулагч сувгаа хогоор дүүргэчихдэгээс үер болоход ямар ч гарцгүй болчихдог.
 
Дээр нь өөрсдөө хэнэггүй нь дэндчихсэн, үерийн аманд дураараа очиж буучихаад намайг аврах ёстой гэж зоргоороо авирлана. Өнөөдөр л гэхэд үерийн аманд 2500 гаруй айл байгаа судалгаа гарсны 1759 нь зөвшөөрөлгүй газар буусныг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ бүхэн зөвхөн өнөөдөр ч биш, үүнээс өмнө ч байсан дүр зураг. Харин сүүлийн өдрүүдэд бий болсон үер усны аюулыг харж байхад өнгөрсөн хавар хотын дарга Э.Бат-Үүл баатарын “Бид үерийн далан барьсан” гээд байсан нь хаачив гэж асуумаар байна. Хотын даргын бариулсан гээд байсан далан үер усны аюулын үед огт мэдрэгдсэнгүй. Бидний бэлэн байдлыг үер ингэж шалгаж байна. Бас нэг зүйл бол 1966 оны үерийн үед нийслэл хот 500-гаад хүн амтай, зам талбай чөлөөтэй, байшин барилга ч цөөн байв. Тэгвэл тэр л нөхцөл байдалдаа тохируулж 57 цэгт 118.5 км далан, борооны ус зайлуулах 46.4 км урттай шугам барьсан барьсан байдаг юм билээ. Мөн хот доторх нийт замын 54.2 хувь нь ус зайлуулах боломжтой бол хөрсний усны төвшинг зайлуулах 13.4 км урттай ус зайлуулах далан сувагтай болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байсан.
 
Хамгийн гол нь 1966 онд бий болгосон энэ байгууламжууд дээр нэмсэн юм алга. Тэгвэл өнөөдөр нийслэлийн хүн ам 1.3 сая давж, өндөр барилга олширч, тэр байтугай нийслэлчүүдийг хамж урсгачих гээд байсан Туул голын эрэг дагуу бүр хамгаалалтын зоныг хамруулаад орон сууцны хорооллууд шавчихсан.
 
Жирийн үед хөрсний ус доороос нь гарч голын эрэг дагуух орон сууцны хонгилууд усанд автчихдаг бол үер болоход суурь муутай баригдсан өндөр барилгууд нурж унах аюул нүүрлэжээ. Өмнө нь хийгээгүйг өнөөдөр үертэй уралдаж хийх боломжгүй. Ниргэсэн хойно нь хашхирах л үлдэж байх шив дээ, Хотын дарга аа.

Зууны мэдээ
Ч.Зотол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-07-21 05:22:50
    Xot unexeer zoxion baigyylalgui emx zambaraagui.buxel buten Mgl ylsiin niislel bj.xelex ch ug alga.bugd amin xyvia xalaasaa l medne.ex oron ard tumnee gex gishu...
    81.182.23.54
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2015-07-21 05:12:37
    Nair naadamchin mglchuud
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах