Бид зөвхөн хамтдаа л хөгжих боломжтой
Өнөөдөр Монгол оронд маань болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй зүйлс маш их бий. Гэвч, олон зуун мянган ард иргэд, айл өрхүүд маань зөвхөн хоногийн хоолныхоо төлөө ядруухан, зүдрүүхэн амь зууцгааж байгаа нь гашуун үнэн.

Бидэнд эцэг өвгөдөөс заяасан сэргэг оюун ухаан, тусгаар тогтносон эрх чөлөөт улс орон, уудам дэлгэр газар нутаг, олон сая мал сүрэг, байгалийн арвин их нөөц баялаг, мөнхийн 2 хөршийн маань агуу том зах зээлд ойр байрлал гээд маш их давуу талууд байна.

Ийм их өргөн боломж бололцоотой хэр нь, бас 3-хан саяулаа байж, яаж ингэж дийлэнх нь өрийн сүлжээнд нэрвэгдэж, ядуу зүдүү, өлмөн зэлмүүн амьдарцгааж (амьдруулж) чаддаг байна даа. Бие биеэ үзэн ядаж, харааж зүхсэн, амин хувиа хичээсэн хаашаа янзын улсууд болчхов доо. Үүнд, бид бүхэн бүгдээрээ л буруутай.

Улс төрчид, төрийн албан хаагчид болон компанийн эздүүд нь жаахан жудагтайхан байж, улс орныхоо эрх ашгийг дээдлэн, ард иргэд нь гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хичээж зүтгэн, бүгдээрээ жаахан өөдтэйхөн амьдарцгаах юм сан даа. Бид сайн ч, муу ч нэг л ард түмэн шүү дээ.

Бидэнд ганцхан л гарц бий. Энэ бол цөөхөн Монголчууд бид элдэв намчирхал, талцал хуваагдлаа таягдан хаяж, бүгдээрээ нэгэн сэтгэлээр, аливаа хүнд хэцүү асуудлуудаа хамтарч хэлэлцэн, зөв зохистой шийдвэр гаргаж, хамтдаа хийж бүтээн, бие биедээ хайр энэрэлтэй, эвтэй найртай байх явдал юм. 

Ганц нэгхэн гэр бүлээрээ, зөвхөн дээдсийн хүрээнд хөгжиж дэвжинэ гэсэн ойлголт огтхон ч байдаггүй. Дэлхий дахинд олон нийтийн мэдээллийн сүлжээ, олон нийтийн корпораци гэх ойлголтууд ирээдүйн амьдралын чиг хандлагыг тодорхойлж байна. Бид ч мөн үүнээс гадуур үлдэхгүй нь лавтай.
Бид эдийн засгаа өөдөө гаргахын тулд хамгийн сайн чаддаг мэддэг салбарууддаа тулгуурлан ажиллах нь зүйн хэрэг. Юуны түрүүнд, 60 сая малынхаа ноос ноолуур, арьс шир, мах сүүг боловсруулан, мөн зэс, алт, нүүрс, төмөр, жонш, газрын ховор металл гэх зэрэг гол хэдхэн төрлийн уул уурхайн түүхий эдээ боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Арабын улсууд болон Европын холбооны улсуудад гаргахын тулд харилцан ашигтай нөхцөлөөр хөрөнгө оруулалт татахын төлөө зүтгэж ажиллах хэрэгтэй.

Үүний зэрэгцээ, олсон хөрөнгө хуримтлалаа бид зөв зүйтэй зарцуулж сурах зайлшгүй шаардлагатай. Дараа нь, эдийн засгаа солонгоруулах энээ тэрээ зүйлээ хэрэгжүүлэх нь зүйтэй байх.

Монголын төр засаг нэн даруй хөгжлийн зөв бодлоготой болж аваад, залгамж чанартайгаар тууштай хэрэгжүүлэх явцдаа байнга сайжруулалт хийх нь чухал. Ерөөсөө ингээд л боллоо. Бид хичээвэл энэ бүхэн тийм ч хэцүү зүйл биш ээ.

Бид хамтдаа сайн сайхны жишээ болсон хүчирхэг Монгол улсыг цогцлоон хөгжүүлж чадна гэдэгт би итгэдэг. Бид зөвхөн хамтдаа л хөгжих боломжтой.
 
      Монгол улсын иргэн Гончигийн Итгэл
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine