Гурван уут хог түүх хөдөлгөөнийг гудамжнаасаа эхлүүлье
Өнгөрсөн жил тархины хорт хавдартай хүүхдүүдэд туслах зорилготой “Ice bucket chalenge” хөдөлгөөн дэлхийн одуудын дунд хүчтэй өрнөсөн. Эргэн сануулахад урлаг спорт, улс төр, нийгмийн олон алдартнууд өөр дээрээ мөстэй хүйтэн ус асгаж дараагийн гурван хүнээ дуудах зарчмаар явагдсан билээ. Тэгвэл манайд үүнтэй адил хэн нэгний дуудлагаар гурван уут хог түүх хөдөлгөөн ид өрнөж байна. Фэйсбүүк хэрэглэгч залуусын эхлүүлсэн уг ажил өнөөдөр Монгол орон даяар өрнөж байна. Тухайлбал наран ургах нутаг алс зүүн хязгаарын Дорнод аймгийн залуус Цэмцгэр хот Чойбалсан уриатайгаар маш идэвхтэй өрнүүлж байгаа аж. Тэд бие биенээ дуудан гурван уут хогийг Хэрлэн голын хөвөөнөөс түүж эхэлжээ. Одоогоор уг аянд тус аймгийн олон зуун залуус хамрагдаад байгаа аж. 

Тэгвэл энэхүү аян цаашдаа  Улаанбаатар, Чойбалсан хотын залуусаар хязгаарлагдах учиргүй. Иймд зуны амралт  эхэлсэн энэ үед хэн бүхэн оршин суугаа харьяа газар нутгийнхаа цэвэр цэмцгэр байдлын төлөө нэгдэх учиртай. Ердөө гурван шуудай хог түүх бол асуудал биш.

Улаанбаатар хотоос жилд дунджаар 500-600 мянган тонн хог хаягдал гардаг гэх судалгааг өнгөрсөн онд хийжээ. Энэ нь өлгийтэй балчир үрсээс эхлээд өвгөд хөгшдийг оруулаад нэг хүнд дунджаар 430 килограмм хог ноогдож байгаа гэсэн үг юм. Иймд гурван шуудай  хог бол арваадхан минутын ажил.  Улаанбаатар хотын ногоон бүс аль эсвэл гэр хорооллын дурын нэг гудамжны үзүүрт очиход л гурван шуудай байтугай хогийг хэдхэн минутын дотор түүх боломжтой. 

Тиймээс энэхүү ажилд аль болох олон хүнийг хамруулах тусам хотын хог хөнгөрнө. Уг аяныг санаачилсан залууст дахин дахин талархал илэрхийлмээр. 

Хог хаягдлын 36 хувь нь хүнсний, 22 хувийг пластик буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл манай улс жилд дунджаар 132 мянган тонн гялгар уутыг импортлон авч, хог болгон хаядаг гэсэн үг. Мөн нийслэлд үүсэж буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг. Харамсалтай нь  манайд одоогоор хогийг дахин боловсруулах нэг ч үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Уг нь БНСУ-ын “Койка”-гийн тусламжтайгаар хог боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан ч өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна. 

Ийнхүү Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт орохгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хогондоо дарагдсан нийслэл хотод тэр дундаа захын хорооллын хүүхдүүд өнөөдөр элдэв төрлийн халдварт өвчин, амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэнийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.  

Харин энэ үед нийгмийн идэвх санаачилгатай залуус нэгдэн гурван уут хог түүх аяныг эхлүүлсэн нь далайд дусал нэмэр хэмээх ардын мэргэн үгийг эрхгүй санагдуулж байна. Монголчууд бид хогноос салахад төрийн бодлого хэрэгтэй хэмээн суудаг сэтгэлгээнээсээ салж өөрсдийн гар биеэрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр болох уг ажилд оролцох нь чухал юм. Тиймээс та өөрийн амьдарч буй дүүрэг хороо гудамжиндаа гурван уут хог түүх хөдөлгөөнийг өрнүүлбэл ямар вэ? 










Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2015-07-17 01:50:57
    Би Багануурт амьдардаг хаяа нэг Хэрлэн голынхоо хөвөөнд очих юм одоо энд хогийн цэг шиг л болж хүмүүс минь хогоо аваад хогийн саванд хийж сурцгаая
    112.72.13.185
    Мэдэгдсэн Хариулах