П.Энхмаа: Би хэлбэрт баригдах дургүй

Үндэснийхээ урлаг соёлыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, Монголоо дэлхийд сурталчилж яваа  авьяаслаг  бүсгүй, Олон улсын уран бүтээлчдийн “Salon du dessin” үзэсгэлэнгийн  Гран при шагналт   зураач П.Энхмаа  эх орондоо иржээ.  Японд ажилладаг, амьдардаг тэрээр  тус улсын уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр “Сант Асар” галарейд дэлгэх  юм. Түүнтэй ярилцлаа.

-Дүрслэх урлагт өөрийгөө зориулж, өөрийгөө боловсруулах, уран бүтээл туурвих, Монголоо сурталчлах гээд олон чиглэлд зорьж зүтгэж байгаад уншигчдынхаа өмнөөс талархал дэвшүүлье. Өөрийн чинь эхлүүлсэн урт зам хаанаас эхэлж, одоо хэрхэн өрнөж байна даа?

-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Монголдоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Дараа нь  Японы  Яманаши их сургуульд суралцаж урлагийн боловсрол судлаач мэргэжил эзэмшиж,  Нагояагийн их сургуульд  урлаг судлалаар магистр хамгаалсан. Үргэлжлүүлээд сурах хүсэлтэй байсан учир  Францын Парис хотноо “Academic de port-royal” –д   суралцсан. Нийтдээ 18 жилийг сурахад зарцуулсан.  Францын урлагийн академид   суралцахад шалгуур өндөр, би Японоос бүтээлээ явуулсан нь шалгарч урилгаар суралцсан юм. Тэнд сурч байхдаа Парис хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын уран бүтээлчдийн “Salon du dessin” үзэсгэлэнгээс Гран при шагнал хүртсэндээ баяртай байдаг. Монгол хүний нүдээр Франц орныг хэрхэн харсан тухай сэтгэгдлээ илэрхийлсэн бүтээл маань үзэсгэлэнгийн үеэр  олон хүний сонирхлыг татсан. Одоо би Японд ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж  байна. Энэ удаа Японы уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнгээ наадмын өдрүүдээр сонирхуулахаар  эх орондоо ирлээ. Ийм үзэсгэлэнг бид үүнээс өмнө ч хэд хэдэн удаа зохион байгуулсан. Их төлөв Японд үзэсгэлэнгээ гаргадаг байсан, энэ удаа  Монголд гаргаж байгаадаа баяртай байна. 

 -Таны бүтээлүүдээс  монгол зураачийн арга барил, уламжлалт хэв маяг харагдаж байгаа хэрнээ  абсракт, тун өвөрмөц илэрхийлэл нүдэнд тусч байна?

-Би  ямар нэгэн урсгал, чиглэлд баригдаад байдаггүй. Өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Их төлөв орчин үеийн чиг хандлага бүхий холимог, инстоляцийн аргаар бүтээлээ хийдэг. Гол суурь нь ямар ч чиглэл рүү хазайж орж чаддаг мэргэжлийн арга барил түлхүү байгаа байх. Хөгжимчнөөр бол классикийг ч, рок попыг ч тоглочих хэмжээний. Яг таг баригдсан юм байдаггүй.

-Энэ удаа эх орондоо дэлгэж байгаа Японы уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэн хэддэх үзэсгэлэн бэ?

-Олон орны уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Ядон улсад бие даасан үзэсгэлэнгээ  есөн удаа гаргасан. Монголдоо гаргаж байгаагүй. Цаашид гаргах бодол бий. Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнд Японы 12, Монголын зургаан зураач бүтээлээ дэлгэнэ.

-Хэдэн жилийн өмнө өөрийн чинь нэгэн ярилцлагад  “Бүтээл минь миний хүүхэд. Тэднийгээ бороонд норгож, дааруулах нэгэнд өгч чадахгүй” гэсэн байсан. Өнөөг хүртэл хэчнээн бүтээл туурвив?

-Оюутан байхаас  өнөө хүртэл 1000 гаруй бүтээл хийсэн байна. Дандаа том хэмжээтэй бүтээлүүд бий. Хамгийн их бүтээл хийсэн үе бол Францад сурч байсан он жилүүд. Долоо хоногт бараг 3-4 бүтээл гараас гаргадаг байлаа.  Харин  Японд сурч байхдаа дүрслэх урлагийн   техник,  аргуудыг эзэмшихэд  түлхүү анхаарсан.

-Таны анхны багш хэн бэ?

-Багаас минь миний нүдийг нээж, чи зураач болно гэж итгэл өгсөн хүн бол тухайн үед  Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал байсан Ичинноров багш маань юм. Миний багш бурхан болсон ч хэлж  захиж байсан үгс нь одоо ч сэтгэлд тод байдаг. Бие нь тааруухан байх үедээ над руу яриад “Монголдоо ирж миний ажлыг хүлээж ав” гэж байсан. Тэр үед нь “Багш аа, би дахиад жаахан сурч боловсормоор байна” гэсэн. Заримдаа ирдэг ч байж уу”  гэж боддог л юм.

-Зураач болоход хэн нөлөөлөв?

-Би айлын таван хүүхдийн дундах. Өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн. Миний өвөө бүх зүйлээ өөрийн гараар хийж бүтээдэг, сийлбэр сайхан хийдэг   гарын уртай хүн  байлаа. Тэрийг харж өссөн болохоор ч тэр үү, би зураач болсон. 

-Япон, Монголын  дүрслэх урлагийг хөгжүүлж байгааг харьцуулахад ямар  бодол төрж байна?

-Манайд бол ямар нэгэн шалгуур хардаггүй. Их төлөв  зураг зурах дөртэй хүүхдүүдийг авчихдаг. Ганц дүрслэх урлагт ч биш бүх чиглэлд. Тэгээд жаахан юм сурч эхэлж байтал нь сургууль төсгөчихдөг.Юмаа сайн сураагүй, яахаа мэдэхгүй залуус төгсөөд шууд ганддаг. Гэхдээ  сайн сурсан,сайхан уран бүтээлч болж төлөвшдөг нь ч цөөнгүй.   Гэтэл Японд хүүхдүүдийг  багаас нь маш нарийн үе шатаар, бодлоготойгоор дүрслэх урлагт сургадаг, хөгжүүлдэг. Энд бодох юм их бий. Өөрөөрөө жишээ аваад ярихад  би анх Японд сурахаар очихдоо тулгамдсан зүйлүүд их байлаа. Ядаж зургаа зурсан цаас, хэрэглэгдэхүүн, техник арга барилаасаа өгсүүлээд бусад хүүхдүүдийг хараад санаа зовох зүйл бишгүй байсан. Надад дутуу зүйл их байгааг мэдэрсэн. Гэхдээ тэр маань надад эргээд сурч мэдэхийн төлөөх хүчтэй тэмүүллийг бий болгосноороо эерэг тал болсон.  Тиймээс манайхан боловсон хүчин бэлтгэхдээ  хүүхэд, залуусаа юм их үзүүлж  харуулж ёстой юм билээ.  Японд юу заагаад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тэгсэн атлаа ямар нэгэн зүйл хийлгээд байдаг нь цаанаа асар гүнзгий утгатай зүйл байдаг юм билээ. Удаан жилийн түүхтэй шигээ нэг зүйлийг багаас нь өгсүүлээд шат шатаар ахиулан хийгээд л байдаг, манайхан тэрийг ойлгодоггүй. Гэтэл тэр дотор соёл уламжлал нь явж байдаг. Жишээ нь, манайх нүүдлийн соёл иргэншилтэй улс , түүн дээрээ дөрөөлж  урлаг нь хөгжөөд ирсэн бол өөр. Байнга нүүсээр байгаад орхигдсон зүйлүүд их бий. Авчирсан зүйлийг үгүйсгэхгүй л дээ, гэхдээ л ийм байгаа.

-Сонин дүгнэлт байна. Яагаад ингэж дүгнэв?

-Би нэг удаа багшаасаа асуусан юм. Японд том том бурхад, цогцолборууд, том хэмжээний бүтээлүүд байдаг. Манай Монголд том том бүтээлүүд яагаад төрөөгүй юм бол. Та юу гэж боддог вэ гэж. Хүн цөөн болохоор тэр үү, эсвэл хөгжил нь буурай болохоор уу гээд багштайгаа асуудал тавьж их ярина. Багш маань Монгол нүүдлийн соёлтой байсан учраас   аваад явахад авсаархан жижиг хэрэглэлүүд, эдийн соёл, чимэглэх урлаг их хөгжсөн. Гэтэл суурин байсан бол том бүтээлүүд төрөх байсан гэж хариулж байсан юм. Эцэст нь хоёулаа монголчууд нүүхэд бэрхшээлтэй байсан учраас  том бүтээлүүд хийгээгүй гэж оношилж билээ. Тэр магадгүй. Гэхдээ манайд олон сайхан бүтээлүүд байгааг  үгүйсгэхгүй. Ер нь бол  урлаг соёлоо дээдэлж, барилга архиектур, бусад чиглэлд ялгаагүй үндэсний зүйлүүдээдээжлэн шингээж авч яваа улс орнууд түлхүү хөгжиж байгаа, надад ингэж санагддаг. Манайд хэрэглээний соёл нь дэндүү эрт хөгжчихөөд хөгжил нь буруу яваад байна.

-Жишээ нь?

-Машины дугаар, 9911-тэй утасны дугаар хэдэн саяд хүрч байна гэх юм. Сонсоод итгэмгүй, гэтэл тэр нь үнэн байдаг. Тэр чинь баруунд хэрэглээ шүү дээ, хүн сойзоор шүдээ угаадагтай л адил зүйл. Гэтэл тэрэн дээр бүгд шавааралдаад, бөөн асуудал болж байгаа нь эмзэглэмээр.

-Японд олон жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо хөл тавихад юу мэдрэгдэж байна?

-Залуучууд нь боловсролтой, биеэ сайхан авч явдаг болжээ. Харилцааны соёл маш их хөгжсөн байна. 20-оод жилийн өмнө хүмүүс  гудамж талбайд хогоо ил задгай хамаагүй хаяж, энд тэнд тамхи татаад явж байдаг  байсан бол эмх цэгцтэй, цэвэрхэн болж.

-Бухимдуулсан зүйл ч байгаа байх, замын түгжрэл энэ тэр гээд...?

-За яахав дээ, замын түгжрэл хаана ч байдаг л зүйл. Зохицуулж чадаж байвал гарах гарцтай. Хамгийн гол нь манайханд үйлчилгээний соёл алга. Худалдан авагч, худалдагч хоёрыг харж байхад  авбал ав, байвал бай гэсэн  нэг л сонин байдал харагдах юм. Дэлгүүрт ороод сүү авах гэтэл  худалдагч нь замыг нь таглаад суучихсан. Араар чинь гараад сүү авъя гэхэд  “тэг, тэг” гэж байгаа атлаа босохгүй сандалдаа улам наалдаад байх жишээтэй. Өөр нэг сонин юм нь эрт босдог хүн бараг алга. Улсаараа, хотоороо унтаад байх юм. Хүн болгон нь ийм. Шөнө унтдаггүй, өглөө босдоггүй бололтой. Би  өглөө 6.30 цагт байнга босоод сурчихсан, гэтэл ямар эрт босдог юм бэ, ядаргаатай юм бэ гэх нь холгүй  байна. Анзаарагдсан бас нэг зүйл бол настайчуудаа харж хандах талд манай улс дутмаг байна. Гадаадын улс орнууд хүүхэд, өндөр настнуудаа харж үзэж халамжилж байдаг. Гэтэл манайд ядарсан, хүнд амьдралтай хүн олон харагдаж байна, өрөвдмөөр байна.Хөгжлийн хувьд Улаанбаатар хот, 21 аймагт бүтээн байгуулалт өрнөж улам сайхан болж байгаа нь харагдаж байна. Гэхдээ улс орны хөгжил гэдэг  өндөр байшингийн тоогоор  хэмжигдэх зүйл биш л дээ.

-Та одоо Японд уран бүтээл хийхийн зэрэгцээ ямар ажил эрхэлж байна?

-Уран бүтээлийн ажлын хажуугаар Киотогийн олон улсын харилцааны төвд зөвлөх хийдэг. Тэнд гурван жилд нэг удаа хүмүүсийг шалгаруулж авдаг юм. Би өөрийн бүтээл, бусад мэдээллийг өгч тэнцсэн. Зөвлөх гэдэг маань хүнд нүсэр ажил бас биш. Ерөнхийдөө нийгмийн ажилтан маягийн үүрэгтэй. Анх удаа Японд ирж байгаа хүмүүст зөвлөх, яаж амьдрах вэ, яаж даатгалд хамрагдах вэ гэхчлэн зөвлөгөө өгнө. Түүний зэрэгцээ ахлах сургууль, коллежид Монголынхоо түүх, соёл, урлагийг сурталчилсан хичээлүүдийг заадаг. Тийм болохоор цаг зав бага гардаг. 

-Та олон чиглэлд ажиллаж, бас эрэл хайгуул хийж байдаг юм байна. Таны мөрөөдлийг асууж болох уу?

-Би олон жил зураг зурлаа. Францын, Японы урлагийн арга техникийг монгол сэтгэлгээтэй хослуулж бүтээл туурвил хийлээ. Энэ дэг сургуулийг цогцлоосон дүрслэх урлагийн сургууль байгуулах сан гэж мөрөөддөг. Олон ч хүмүүст  үүнийгээ тайлбарладаг. Японд бол Монголд урлагийн дээд сургууль байгуулах холбоо гэж байгуулагдсан. Тэд намайг Монголдоо оффистой бол, уран бүтээлчидтэй хамтарч ажилла гэхчлэн шинэлэг санаанууд их хэлж ярьдаг. Миний зүгээс бүтээлүүдээ зарж борлуулалгүй авч үлдэж, алсдаа сургууль байгуулж сургалтын суурь болгохыг хүсдэг.

 -Цаг гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

-Үзэсгэлэнгийн нээлтэд ирээрэй, тэр үеэр илүү тухтай ярилцая.


 

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.