Д.Самданжамц: Бүсийн наадмын хурдан морины уралдааны замыг богиносгох хэрэгтэй

Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач Д.Самданжамцтай ярилцлаа.

- Наадам хаяанд айлслаа. Энэ жилийн хурдан морины уралдааны тухайд таны бодлыг сонирхоё?

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлаар хэд хэдэн удаа хуралдаж,  багагүй бужигнаж байж   жигдэрлээ. Ер нь бол хурдан морьдыг эрлийзээс  яаж ялгаж уралдуулах вэ гэдэг асуудлыг зөвхөн өндрийн хэмжээг харгалзана бусад нь хамаагүй гэсэн байдлаар шийдэж болохгүй л дээ.Бас нэг асуудал бол энэ жил ган гачиг ихтэй, газрынурдан морины уралдааны дүрэмд ган гачигтай, морины уралдаанд элдэв саад бэрхшээл болохуйц ийм нөхцөлд уралдах замыг наашлуулж  богиносгож болно гэж заасан. Үүнийг зохион байгуулагч шийдэх ёстой байдаг. Энэ асуудлууд  шийдэгдлээ. Гэхдээ  анхаарах асуудлууд бас  байна. Тухайлбал, газрын гарц  нийт нутгаар тааруухан, Төв аймаг, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хэнтий гээд хурдан морь уралдуулдаг гол нутгаар гантай байна. Сүхбаатар аймаг тэрүүхэндээ жаахан гайгүй. Манай гол уяачид Төв аймгийн Баян сум орчим төвлөрч байна. Ер нь бол ихэнх нутаг Хүй долоон худаг цав цагаан, морь идчих өвс үндсэндээ  байхгүй  байгаатай  адил байна шүү дээ.  Тийм газарт яаж  морь уралдах юм бэ. Хөдөө орон нутагт ч том жижиг  наадам, ойн баяр олонтой байгаа. Увс аймагт бүсийн наадам болно, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ойтой, Өмнөговьд говийн бүсийн наадам болно. Төв аймгийн Баянжаргалан, Говьсүмбэрийн заагт Монголын морин спорт, уяачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн хурдан морины уралдаан наймдугаар сарын 11-12-нд болно. Ерөнхийдөө цаг агаарын байдлаа харж байгаад олонх уяач тийшээ зүглэх болов уу. Хотод  ойр учраас Төв аймгийн бололцоотой сумдаас улсын наадамд уяачид ирэх байх.Тиймээс хөдөө орон  нутаг, бүсийн наадмуудад ч гэсэн хурдан морины уралдааны замыг богиносгох шийдвэр гаргамаар байгаа юм.  Дээр нь морьдоо сайн үзэж гаргахгүй бол ханиад их байна,  энэ халуунд амьсгалын замын өвчин, багтрах өвчин гарах эрсдэл их бий. Ялангуяа мал эмнэлгийн байгууллагуудын ажлыг хүндүүлж мэдэхээр байна. Түүнээс гадна бид морь, морь гэж яриад байдаг  гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэндэд анхаарахгүй бол болохгүй.

-Хүүхдийн эрхийг хамгаалах гэснээс  унаач хүүхдийг долоогоос дээш настай байх ёстой  гэдэг ч тэр заалт нь хэрэгждэггүй. Юу нь болохгүй байна?

 -Төрсний гэрчилгээн дээр тэр хүүхдийн зураг байдаггүй,  тэгээд ч бүх хүүхдийг хянаж чаддаггүйд учир байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага гэж өмнө нь чимээгүй байж байгаад наадмын үеэр нэг их олон хүн гараад ирдэг. Хэчнээн ч олон байгууллага байдаг юм бэ. Тэгээд би ч ингэж хамгаалж байгаа, тэр хүүхэд болохгүй байна гээд шуугидаг. Сүүлдээ ер нь хамгаалалтын малгай, хувцас л шахдаг шиг  билээ. Малгай, хувцасгүй бол явуулахгүй учраас уяачид  таарах таарахгүй, үнэтэй үнэгүй нь хамаагүй  худалдаж аваад унаач хүүхдүүд ч тэрийг нь  үзүүлсэн болоод гардаг. Гараад нөгөө малгай, хувцсаа замаар нэг тараагаад хаячихдаг. Хаяхаас ч аргагүй. Нөгөө муу малгай нь урагшаа унаад нүүрийг нь хаачихаар юун уралдахтай манатай. Тэгэхээр авч хаяхаас яахав. Уг нь үүн дээр хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд стандартыг хянаж, мөрдөж баймаар. Хүүхэд хамгаалах хувцас, хэрэглэл нь резин, хуванцар юмнууд байдаг. Наранд халах, эсвэл морь бүдрэхэд хагараад уначихдаг юм билээ. Дээр нь уяачдад ч бас “но” бий. Хүүхэддээ чихэвч өгөөд явуулчихна. Тэгээд уулын орой дээр гарчихаад чи тэнд нь яваач, энд нь яваач гээд алсаас удирдаад байдаг. Морь тавьдаг хүүхэд гэж бас нэг будлиан таригч бий. Замдаа зодолдоно, хүүхдийг морьноос татаж унагадаг. Энэ асуудлыг анхаармаар байгаа юм. Ер нь бол хүүхэд, морь хоёр дассан байх учиртай.  Бас уралдааны өмнө хүүхдийг замтай танилцуулдаг болмоор. Тэгж байж уралдана шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй, морь унуулах хүүхэд олдохгүй болохоор юу ч мэдэхгүй хүүхэд мордуулаад явуулчихдаг. Нөгөөх нь мориндоо дасаагүй, замаа мэдэхгүйгээс болж нэг жалга руу ордог юм уу, буруу замаар давиад унах, гэмтэх явдал гардаг. Тэгээд хүүхдийн эрх зөрчсөн гээд бөөн асуудал үүсдэг. Хурдан морь унахыг хүүхдийн  тэвчишгүй хөдөлмөр гэсэн НҮБ-ын конвенцид оруулсан юм гэсэн. Тэрийг манайхан л оруулж таарна. Тэгээд мөнгө төгрөг авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм уу, хаашаа юм, наадмаар л баахан идэвхждэг шиг билээ. Зуд болохоор нохой зоолдог” гэдэг шиг наадам болохоор хүүхдийн байгууллага, даатгалын байгууллага шавчихдаг. “Манайд даатгуул, манайд даатгуул” гэж байж даатгалыг нь авчихаад  хүүхэд морьноос унахаар олддоггүй.Эдгээр асуудлыг наадмын комисс сайн зохион байгуулах учиртай.

- Хурдан морьдыг эрлийзээс яаж ялгаж уралдуулах тухайд   танай  уяачид дотроосоо   нөлөөлж, хор найруулаад байдаг  юм байна гэж ойлгосон. Та юу гэж бодож байна?  

-Манай уяачдад их юм бий. Өөрсдөө мэдэж байгаа шүү дээ, морио  эрлийз гэдгийг. Тэгсэн  хэрнээ  монгол адуутай уралдуулчих гээд байдаг. Эрлийз адуу хөлийн хурд ихтэй, монгол адуу гүйцэхгүй. Тэгээд тэрийгээ монгол адуутай хамт уралдуулахаар хийчихээд  бор зүрхээрээ яваа хөдөөний хэдэн уяачаа  дээрэлхэж байгаа юм уу, тэдний тархин дээр гишгэж байгаа  асуудал. Уяачдын холбоо 60 гаруй мянган гишүүнтэй. Бүх гишүүнээс эрлийз морьдыг тусад нь уралдуулах уу, хамтад нь уралдуулах уу гэсэн санал авахад 95 орчим хувь нь тусад нь уралдуулъя гэсэн саналаа гаргасан. Энэ бол олонхийн байр суурь. Баримтлах ёстой асуудал.

-Уяач болгонд эрлийз адуу байхгүй, мөнгөтэй бизнесмэнүүд, эрх мэдэлд ойрхон хүмүүс өөрсдийн хүслийн биелүүлэх гэж зүтгүүлээд байх шиг?

-Тэр үнэн. Тухайлбал, “Дүнжингарав” уралдаанд айрагдсан азаргануудыг бүгд монгол адуу гэж уралдуулж, бай шагналыг нь өгчихөөд  сүүлд нь дөрөв нь эрлийз байсан гэх гомдол санал гарч Уяачдын холбоо тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж “Хүчингүй болгосон тул бай шагналыг нь хурааж ав” гэсэн шийдвэр гаргасан.  Одоо асуудал шүүхийн шатанд яваа юм гэсэн. Хурдан морьдыг дан ганц өндрийн хэмжээгээр үзүүлэлт болгож уралдуулах юм бол яг ийм явдал болно. Ер нь бол эрлийз адуутай цөөхөн уяач бий. Тэд нь голдуу манай уяачдын холбооны тэргүүлэгчид, нэртэй цолтой уяачид. Үүнийг би нуухгүй хэлчихдэг хүн. Тэд л зөрчил гаргадаг. Хөдөө байгаа уяачид бол тэгэхгүй. Хаа байсан хязгаар нутгаас  энэ гантай   жил уяачид ирж, морио уралдуулахгүй байх. Дээр нь эдийн засгийн хямрал хаа сайгүй байна.

 Орчин үеийн ойлголтоор бол эрлийзтэй хамт уралдаж байгаа морьдыг харахад хүчтэй мотор бүхий автомашинтай монгол адуу уралдаж, тэр хэрээр тэлэгдэгчих  шиг сэтгэгдэл төрдөг. Тэр нь  морьдын эрүүл мэндэд  муугаар нөлөөлнө биз?

-Тэр үнэн. Хамгийн гол нь  авч үзэх ёстой үзүүлэлтүүдийг гаргаж өгчихөөд байхад  тэрийг баримтлах дургүй байгаад учир бий. Хариуцлага тооцдог юм алга. Тийм учраас уяачдын ёс зүй гэж байхгүй болчихсон. Уг нь ёс зүйн дүрэм гэж бий. Тэрийгээ мөрдөж байгаа юм байхгүй, хэрэгжүүлдэг уяач ч алга. Бөхтэй адил цол зэргийг нь хурааж авдаг юм уу, эрхийг нь хасдаг юм уу чангахан журам, дүрэмтэй болохгүй бол одоогийн манай уяачид хуучны монгол уяачид биш болчихоод байна. Энэ дээр их анхаармаар, залуу уяачдаа буруу тийш нь үлгэрлээд байна.

-Хэдэн жилийн өмнө Дорноговийн Дэлгэрэх сумын уяачдын галаар орж “Морь хурдан уу” гээд мэндлэхэд “Дундуур сайхан давхилаа” гэж суусан. Мөнгөтэй хүмүүсийн хүчтэй тэжээлээр бордож, үнэтэй эм тариа хэрэглэсэн морьдыг хөдөөгийн  эгэл жирийн уяачийн  цагаан өвсний морьд яаж гүйцэх билээ. Үүнийг бас бодолцмоор, тэгэхээр цаашид яах ёстой вэ ?

-Сүүлийн үед үндэсний морин уралдаан бизнесийн шинжтэй болчихлоо. Уралдааны морьдыг жилийн турш тэжээдэг, янз бүрийн тэжээл бэлтгэдэг компаниуд олширсон. Америк, Ирланд, Англиас  ч тэжээл оруулж ирдэг. 25 кг-ынх нь 80-90  мянган төгрөгийн үнэтэй. Нөгөөдүүл нь тэрийг  авч мориндоо өгөөд байдаг,  хөдөөний малчид  тэр их үнэтэй тэжээлийг авах байтугай өөрсдөө эхнэр, хүүхдээ тэжээх гурил будааг яая гэж байдаг.  Хэдэн малаа зарж, ноос, ноолуураа борлуулж амиа  болгож байгаа улс илүү  яах билээ.  Энэ хоёрын хооронд асар их ялгаа гарч байна. Тэгэхээр цаашид хоёр зүйлийг ажил хэрэг болгох хэрэгтэй байгаа юм. Нэгдүгээрт, эрлийз, хурлийз морьдыг тойруулгаар уралдуулдаг болох хэрэгтэй. Тэр тойруулгадаа 2500 –д  уралдана уу, 5000 –даа  уралдана уу, бооцоогоо тавиад уралдуулна биз. Үндэсний их баяр наадамд бол жинхэнэ  монгол морьдоо  уралдуулж, ардынхаа наадмыг ёс төртэй, өргөн дэлгэр сайхан наадаж баймаар байгаа юм. Морьдынхоо чанарыг сайжруулах зорилгоор гаднаас янз бүрийн адуу оруулж ирж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ манайд урд нь  бүртгэгдэж байгаагүй өвчин дагуулж ирж байгааг анхаарахгүй бол болохгүй. Үүнд мал эмнэлэг, хил гааль, мэргэжлийн хяналтынхан сул ажиллаад байна. Тухайлбал, манайд өмнө нь адууны бэлгийн замын өвчин гэж огт байгаагүй. Сүүлийн үед ийм өвчин элбэгшсэн. Нөгөөтэйгүүр, манай хойд хөршөөс гаралтай адууны цус багадах өвчин ихээхэн газар авлаа. Ийм өвчтэй  малыг устгахаас өөр аргагүй. Сөрөг үр дагавар нь ийм байна. Нөгөөтэйгүүр, аль ч аймаг, суманд адуундаа ганц эрлийз морь аваад тавьчихъя гээд малчид нь хамаг байдгаа тэмтрээд Эрдэнэт, Өлтий хороо, хил гааль гээд бүхий л газраар явдаг болж. 331 сумын 270 орчимд  адуу нь  ямар нэгэн хэмжээгээр эрлийзсэн байна. Энэ нь одоохондоо мэдэгдэхгүй, цаашдаа монгол адууны удмын санд муу нөлөө үзүүлж болзошгүй. Энэ талаар ихээхэн анхаармаар байгаа юм. Эрлийз адууг ялгаж чадахгүй хүнд байгаа нөхцөлд  гарсан унаганаас нь эхлээд адуугаа үржлийн гэрчилгээжүүлэх /паспортжуулчих/ хэрэгтэй байгаа юм. Үүнийг манайхан хийж чадна шүү дээ. Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн гээд мэргэжлийн байгууллагууд байна. Дэл сүүлийг нь үзнэ, бүр болохгүй бол цусны шинжилгээ, шилбэний өндөр гээд үзүүлэлтүүдийг харна. Адууны шилбэний өндөр өөрчлөгддөггүй. Соёолонгоос хойш бол өсдөггүй. Тэр хэмжээгээр нь ялгаад үзчихэд болохгүй юм үгүй. Харамсалтай нь сүүлийн үед  мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоо байчихсан, нөгөө талаас мэргэжлийн хүмүүс нь тэр хэмжээндээ ажиллаж чаддаггүй, ёс төдий байдалтай байх болж.

-Улсын хэмжээнд 331 сумын 270 нь адуугаа эрлийзжүүлсэн гэдэгт  сэтгэл өвдөж байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд нэг зуд болоход эрлийз морьд монгол адуу шиг  даваад гарах тэсвэр, уналга, эдэлгээ даах чадвар байна уу?

-Эрлийз адуу уналга эдэлгээ, улирлын хатуу ширүүнийг давахад тун хэцүү. Гурван жил нэлээн сайн бөөцийлж байж даага, шүдлэн, соёолон хүрч байж л  манай нөхцөлд жаахан дасдаг юм билээ. Би хүмүүсийн адуу, малыг бишгүй маллаж өгсөн. Тэр дотор Араб, Оросоос авчирсан морьд байсан, тэднээс гарсан төлийг харж байхад соёолон хүрч байж л бэлчээрийн маллагаанд жаахан дасдаг юм билээ. Түүнээс наана бол дандаа дулаан байранд байлгаж, бэлтгэсэн нарийн тэжээл, эм тариагаар маллана гэдэг эдийн засаг хүндэрч байгаа нөхцөлд хэцүү. Хувь хүн, жирийн малчинд хүнд тусна, тэр тусмаа хөдөөгийнхөн бүр дийлэхгүй. Дулаан байр нь хаана байна вэ, тэжээл нь хаана байна. Малладаг технологи нь ч өөр. Хэдэн малаа зуданд алдчих гээд байгаа улс яаж эрлийз адууг  маллаж чадах вэ дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Хэл ам багатайхан, уяачдаа гомдоочихолгүй морьдоо уралдуулаасай гэж  бодож байна даа. Өөр юу хэлэх вэ.


Зууны мэдээ
Ч.Үл-Олдох


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НААДАМ 2015-07-10 05:53:30
    БОЛЬЁ ОО
    103.26.195.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Davjii 2015-07-10 05:49:35
    Mergejliin baiguullaga, mal aj ahuin mergejiltenii oroltsoo uureg gej baikhgui bolson. Mergejliin salbarig udirdaj baigaa mergejilgui humuuseer yalguulaya.
    112.72.13.223
    Мэдэгдсэн Хариулах