Б.Ганбаатар: 12-ны орой л бүтэн нойртой хонож, сэтгэл тайван унтана шүү дээ
Улсын баяр наадам дөхөж, бөхчүүдийн бэлтгэл, хурдан морьдын уяа ханаж байгаа энэ өдрүүдэд бид Бугын сангийн аж ахуйг зорьж, Өвөрхангайн бөхчүүдийн галаар ороод ирлээ. Бөхчүүдийн бэлтгэл ерөнхийдөө жигдэрч, эхнээсээ залуучууд аймгийн наадмуудыг зорьсон байна. Харин манай сурвалжлах хэсэг Өвөрхангай аймгийн бөхчүүдийн зөвлөх багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа Улсын арслан Б.Ганбаатартай уулзаж, ярилцсан юм.

-Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Өвөрхангайн бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ямар байгаа вэ. Энэ жил хэдэн бөх улсын наадамдаа зодоглохоор бэлтгэж байна вэ?

-Энэ жил Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Бугын сангийн аж ахуйд бэлтгэл сургуулилтаа базаагаад дуусч байна. Манай дэвжээний хувьд энэ жил их онцлогтой бэлтгэл сургуулилтаа хийсэн.

Юу гэхээр, бүтцийн хувьд томоохон өөрчлөлт хийлээ. Дэвжээний тэргүүнээ шинэчилсэн. Мөн дасгалжуулагчаа шинэчилж, зөвлөх багш нартайгаар өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийсэн.  90 гаруй бөхчүүд “Их Монголын хүчтэн” дэвжээнд нэгдэж, бэлтгэл хийсэн.

Бугын сангийн аж ахуйд таван аймгийн том гал гарсан. “Хилчин” спорт клубын бөхчүүд. Баянхонгор, Булган, Өмнөговь аймгийн бөхчүүд бас энд бэлтгэлээ хийсэн. Тэдэнтэй хамтарсан байдлаар бэлтгэл хийсэн.

-Бөхийн галууд нийлж, сорилго барилдаан хийсэн үү?

-“Их Монголын хүчтэн” дэвжээ шинэчлэгдэж, бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулж, нээлтийн барилдаан хийсэн. 128 бөх барилдуулсан. Сүүлд энд гарсан таван дэвжээний бөхчүүд нийлж, сорилт барилдаан хийсэн. Наадмын өмнөх сорилго барилдаан буюу Тамирчдын баярын барилдаанд очиж хүч үзлээ. Бөхчүүд боломжийнхоо хэрээр л барилдаж байна. 

-90 гаруй бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа гэсэн. Хэд нь улсын наадамд зодоглох вэ?

-Бидний залгамж халаа тэр олон залуучуудын дунд байгаа шүү дээ. Тийм болохоор тэднийгээ багаас нь зөв чиглүүлж, бэлтгэх зорилготойгоор залуу бөхчүүд­дээ илүү их анхаарал хандуулж байгаа. Энэ жил зөвлөх багшаар Ардын багш, гавьат тамирчин Б.Дамдиншарав ажиллаж байна. Залуучууд маань сумын наадмаас эхлээд барилдана. Хоёр, гурван жил зааланд барилдаад, энд бэлтгэлд хамрагдсан нь аймгийн наадамд явна. Зарим залуучууд нь аймгийн цолоо батлах ч зорилготой байгаа. Түрүүчээсээ бэлтгэлээ базааж дуусаад аймгуудыг зорьж эхэлсэн.

Улсын наадамд бол   барилддаг бөхчүүд нь л барилдана.  Энэ сайхан залуусыг бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангасан Н.Төмөрхүү сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга Х.Тогтохсүрэн, нутгийн зөвлөлийнхөн, чөлөөт, жүдогийн гавьяат багш нар маш их тусалж байна. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

-Багш, дасгалжуулагч нар энэ жил манай галаас тэдэн залуу начин горилж барилдах болов уу гэж хардаг. Тэгвэл танай галаас тийм бөхчүүд хэр олон байна?

-Бид ямар далдыг хардаг Далай лам биш яаж мэдэх билээ. Гэхдээ морь уясан хүн дээгүүр давхиасай гэж хүсдэг  биз дээ. Түүнтэй адил багш хүн болгон бэлтгэж байгаа шавь болгоноо л сайн барилдаасай гэж залбираад л сууж байна.

-Өвөрхангайн бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гардаг.  Энэ газрыг сонгож авдаг нь ямар нэг учиртай байх?

-Олон жил энд бэлтгэл хийгээд, газар, орон нутагтайгаа зохицоод ирдэг юм байна. Бидний бэлтгэл хийж байгаа энэ газар чинь Хилийн цэргийн харьяа, Өсвөрийн ойчдын зуслан байсан газар. Энэ зусланд Хилийн цэргийн бөхчүүд гардаг байсан. Тэр дунд манай Өвөрхангайн ахмад бөхчүүд гарч байлаа. М.Жамъянпүрэв, Д.Пүрэвсүрэн начин гээд.

Ингэж явсаар энэ газарт гардаг болсон. Дасал болчихсон гэхэд болно доо. Одоо манай Өвөрхангайн бөхчүүд энд 10 гаруй жил бэлтгэл сургуулилтаа хийж байна шүү дээ. Энд бэлтгэл хийснээс хойш хангай дэлхий өгөөжөө өгч, Д.Сумъяабазар маань түрүүлж, үзүүрлэж байлаа. Д.Ганхуяг арслан түрүүлж, үзүүрлэж байсан. Т.Санчир заан, Б.Сангисүрэн начин гээд бүгд л энд бэлтгэл хийж байгаад л цолтой бөхчүүдийн эгнээнд орсон доо.

-Манай ард түмэн газрын энерги гэж яриад байдаг шүү дээ. Та бүхний бэлтгэлээ базааж байгаа энэ газар их л зөв энергитэй байх нь дээ?

-Үгүйсгэх аргагүй. Богд дүнжин уулын өвөрт нь бэлтгэлээ базаагаад ард нь очиж барилддаг. Тэгэхээр энэ сайхан хангайн энерги, нөмөр нөөлөг гэж байлгүй яах вэ. 

-Жил жилийн наадмын өнгө гэж байдаг. Олон жил барилдсан хүний хувьд өнөө жилийн наадмын өнгийг нэг шинжвэл?

-Энэ жилийн хувьд байгаль, цаг уур талаасаа бол жаахан гантай байх бололтой. Монгол орон даяар гантай байна шүү дээ. Бөхчүүд жинхэн зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдана. Харахад тийм л байгаа шүү дээ. Хэзээ ч өнгө нь хувирахгүй, ямар ч гантай жил ногооноороо байдаг хиймэл зүлгэн дээр барилдана. Онцлог нь энэ л болж байна шүү дээ.

-Хиймэл зүлгийг очиж үзэв үү. Ямархуу юм байна?

-Сонирхоод очиж гишгэж үзсэн. Гишгэхэд тийм ч их эвгүй мэдрэмж төрөхөөргүй л юм шиг байна билээ. Гэхдээ байгалийнхаа зүлэг, шороон дээр барилдахтай яаж зүйрлэж болохов. Ер нь бол энэ жил хиймэл зүлэгтэй болсон учраас түүнд тохируулж бэлтгэлээ хийж байгаа. Манай бөхчүүд очиж нэг удаа бэлтгэл хийсэн.

Бүр ус асгаж байгаад бэлтгэл хийж үзсэн. Энд байгаа бусад галын бөхчүүд ч очсон. Гайгүй л юм билээ. Нөгөө талаар манай бөхчүүд голын зүлгэн дээр их бэлтгэл хийсэн. Хиймэл зүлэгтэй дасан зохицох шаардлагатай байгаа болохоор тэр шүү дээ. Голын зүлэг бол хиймэл зүлэгтэй ойролцоо юм билээ.

-Энэ жилийн наадамд ямар бөх түрүүлэх бол. Аль нутгаас наадмын түрүү бөх тодрох бол. Та хувийн бодлоо хуваалцаач?

-Үндэсний бөх асар хурдацтай хөгжиж байна. Хөгжлийн өндөр төвшинд хүрчихлээ. Тэр түрүүлнэ гээд хэлчих боломж байхгүй болчихлоо. Сүүлийн гурав, дөрвөн жил дандаа өөр өөр бөх түрүүлсэн. Хэн бэлтгэлээ сайн хийж, өмнөө том зорилт тавьж чадна, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж байна вэ гэдгээс шалтгаална. Ингэж хөдөлмөрлөж чадсан хүн л амжилтад хүрнэ шүү дээ. 

-Жил бүр л өөр өөр бөх түрүүлж байгаа. Гэхдээ Увс аймгийн бөхчүүд голдуу түрүүлж байна шүү дээ. Үүнд нэг учир байгаа байх?

-Янз бүрийн шалтгаан, нөхцөл байгаа байх. Нэгдүгээрт, орон нутаг, нутгийн зөвлөл нь бөхийнхөө дэвжээг зөв зохион байгуулалт оруулж өгсөн. Маш сайн анхаарч, жилийн дөрвөн улиралд байнга бэлтгэл хийж байх нөхцөл бололцоогоор хангаж өгсөн. Ур чадвартай багш нараа олж тавьж чадсан.  Ерөнхийдөө бөхчүүд жилийн дөрвөн улиралд сэргэлтийн бэлтгэлд байнга хамрагдаад ирэхээр тамирчдын ачаалал даах чадвар, бэлтгэлжилтээс гарах үр дүн нь харьцангуй сайжраад ирж байгаа юм. Увс, Завханы бөхчүүд сүүлийн жилүүдэд амжилттай барилдаж байгаагийн шалтгаан энэ шүү дээ.

-Таны бодлоор дараагийн Дархан аварга хэзээ төрөх бол?

-Одоо нэг түрүүлээд арслан, хоёр түрүүлж аварга, гурав түрүүлбэл Даян аварга болж байгаа. Харин өдөрв түрүүлсэн бөх Дархан аварга цол авна гэсэн дүрэм журам үйлчилж байна. Гэтэл улсын баяр наадамд дөрөв түрүүлнэ гэдэг амар биш болчихлоо. Хоёр жилийн өмнө түрүүлсэн П.Бүрэнтөгс яаж барилдаж байна.

Гурван жилийн өмнө түрүүлсэн С.Мөнхбат аварга өнгөрсөн жил дөрөвт үлдээд уначихлаа.  Энэ бол улсын наадамд хэн ч түрүүлж магадгүй болчихсон, хөгжлийн шинэ шатанд үндэсний бөх хүрчихлээ. Тэгэхээр Дархан аварга цолтон төрөх ч  хэцүү л болчихоод байна. Ойрын хэдэн жилдээ л гарч ирэхгүй болов уу.

-Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал багагүй маргаан дэгдээж байна. Энэ тал дээр та санаа бодлоо хуваалцаач?

-Энэ асуудлыг дэвжээ, ямар нэг багш шийддэг юм биш. Хүмүүс өөр өөрийн дэмждэг бөхөө л зүүний магнайд гаргах гээд хоёр талцаад байна л даа. Тэгээд дээрээс нь улстөржүүлээд. Зарим нь “Чиний зөв” гээд хашгирахаар өнөөх нь “Нээрээ ч миний зөв” юм уу гэж бодоод байх шиг. Түүнээс биш энэ асуудлыг чинь дүрмэндээ тодорхой заачихсан л байгаа асуудал.

Тэр дүрэм журмаа дагаад л барилдчих хэрэгтэй. Ямар жаахан хүүхдүүд барилдах гэж байгаа биш.  Ер нь л хувь хүмүүсийн ухамсрын асуудал гэж хараад байгаа. Энэ хоёрт Дархан аварга цол өгөх зарлиг нь нэг өдөр гарсан. Тэгэхдээ л “Тэдэн онд болзол хангасан А.Сүхбатад. Эдэн онд Дархан аварга цолны болзол хангасан Г.Өсөхбаярт цолыг нь олголоо” гээд л өгчихсөн бол өөр байсан. Гэтэл тухайн үедээ Баяр наадмын тухай хуулийн тэдийн тэдэд заасныг үндэслэж Дархан аварга цол олгосугай гэсэн ерөнхий зарлиг л байгаа шүү дээ.

-Одоо дүрмээ мөрдөнө гээд Бөхийн холбоо яриад байдаг. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ арсланд гурав үзүүрлэхэд дүрмээ өөрчлөөд, арслан цол өгчихсөн.  Тэгсэн мөртлөө тэр дүрмийнхээ дагуу арслан цол өгч болохоор хүмүүст өгөхгүй байна. Та гэхэд улсын аварга түрүүлж байсан мөртлөө цолоо авч чадаагүй байх аа. Энэ мэт учир нь олдохгүй дүрэм байна?

-Дээр үед чөлөөт, жүдо бөхийн холбоо гэж байсангүй. Ганцхан бөхийн холбоотой л байсан. Миний хувьд, би улсын наадамд түрүүлчихээд  спартикадад түрүүлсэн. Гэтэл хоёрдугаар байранд орсон хүнд улсын заан цол өгсөн. Тэгсэн мөртлөө надад чимэг өгсөн. Улсын заан цолны хэмжүүр бол улсын наадамд долоо давах шүү дээ. Дараа жил нь дахиад би түрүүлсэн. Тэгэхэд мөн л хоёрдугаар байрт шалгарсан бөхөд заан цол өгсөн. Надад мөн л чимэг өгсөн. Энэ бол тухайн үедээ бөхийн холбооны шийдэх асуудал байсан. 

Одоо би чинь нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн гэж явдаг юм. Тэгээд эрэмбэлэхээр бүх арслан цолтны өмнө бичигддэг юм.  Гэхдээ тэр үед начин цолтой байсан хүнд улсын аваргад хоёрдугаар байрт шалгарлаа гээд заан цол өгч болсон юм чинь арсланд аварга цол өгөх л ёстой байхгүй юу.  Энэ мэтээр эргэлзээтэй асуудал их байна. 

-Сүүлийн үед монгол бөхийн хөгжил зогсчихлоо.  Барьц сонгодог болсноос хойш жин их нэмж байна. Уран мэх хийхээ болилоо гэж яриад байгаа. Та эд үедээ уран сайхан барилдаан үзүүлж явсан хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед бөхчүүд жин нэмж байгаа нь үнэн. Жин их нэмээд ирэхээр яаж уран барилдаан гаргах вэ дээ. Гарахгүй нь мэдээж. Одоо бол барьц сонгож байж л барилдаан гарна. Хүний дээр ойчино. Хүн чинь давуу талаа ашиглаж  л барилдана биз дээ. Бидний үед бол жин ихтэй бөх цөөхөн байсан. Х.Баянмөнх аварга +100 кг-д барилддаг байсан. 110 орчим хэлтэй л байлаа.

Ж.Мөнхбат аварга гэхэд 90 кг-д барилддаг байсан юм. Т.Цэрэнтогтох аварга ч гэсэн 90 кг-д барилдана. Тэгэхээр уран барилдаан гаргаж байж л нэг нэгнээ хаяна шүү дээ.  Барьц сонгох чинь цаг хэмнэх гэсэн л нэг арга юм. Тэдээс тэдэн цагийн хооронд баяр наадмын үйл ажиллагааг багтаа гэдэг. Түүндээ тааруулах гээд цаг заагаад өгчихсөн. Хэрвээ зоргоор нь хаячихвал хонож ч магадгүй. Ингээд л даваа даваанд хугацаа заагаад өгчихсөн юм.

-Хэрвээ цаг хэмнэхийн тулд барьц сонгох дүрэм оруулсан гэж бодъё. Гэтэл одоо бөхчүүд жин нэмээд, барилдаан нь удаашраад, барьц сонгох дээрээ л очиж хаялцаж байна. Тэгэхээр наадмаа гурав хоногт хийчихвэл яадаг юм. Наадмын цаг хугацаа чухал юм уу. Бөхчүүд бүгд жин ихтэй, удаан барилддаг болоод байна шүү дээ?

-Тал талаас нь л бодох асуудал. Дээр үед наадам долоо хоног болдог байж. Одоо бол гурав хоног явуулахад болохгүй юм байхгүй. Гэхдээ үндэсний бөхөд ганц зовлонтой юм байдаг байхгүй юу. Жин харгалзахгүй барилддаг. Талбай, хугацаа харгалзахгүй. Энэ утгаараа сонгодог болоод явчихаж байгаа юм.  Жүдо, чөлөөтөд бол идэвхгүй барилдвал торгоно, дэвжээнээс гарч болохгүй. Яваандаа идэвхгүй байвал торгодог болмоор юм уу, яамаар юм бэ дээ. Тэгвэл магадгүй идэвхтэй барилдаж магадгүй л юм. 

Ер нь бол бөхийн дүрмийн асуудал дээр багагүй шүүмжлэл гарч байгаа. Гэхдээ энэ дүрмийг чинь хүн л зохиосон юм  болохоор өөрчилж болно. Түүнээс биш яг энэ дүрэм мөнх гээд дархалчихсан юм байхгүй шүү дээ.  Одоо илэрхий зугтааж байгаа бөхийг хоёр удаа сануулна. Гурав дахь удаагаа давтагдвал хасна гэсэн дүрэм уг нь бий.

Энэ дүрмээ одоо мөрдөхгүй л байх жишээтэй. Зугтаагаад барилдахгүй байгаа бөхчүүдийг сануулаад, хоёр, гурван удаа хасчих хэрэгтэй. Би нэг удаа Бо.Батжаргалыг хасч байсан. Элбэгбаярыг нэг удаа хасч байлаа. Ерөөсөө барилдахгүй зугтаачихна. Дэвжээнээс гараад явах нь холгүй юм болно. “Чи барилдаа ч ээ, яах гээд байгаа юм” гэхээр “За одоо барилдана” гэнэ. Тэгсэн мөртлөө зугтаагаад байдаг. Энэ мэт тохиолдолд хэд хасаад тавьчихвал асуудал аяндаа шийдэгдэнэ.  Энэ мэтээр дүрмийн шинэчлэл хэрэгтэй л байгаа юм. 

-Та олон жил барилдсан хүн. Наадам дөхөөд ирэхээр сэтгэл их гэгэлзэнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Спортын багш хүн болгонд л байдаг зүйл. Шавь нараа тэмцээнд оролцуулахад чинь сэтгэл хөдөлнө, даралт ихсэнэ. Заримд нь баярлана, заримд нь уурлана. 12-ны орой л бүтэн нойртой хонож, сэтгэл тайван унтана шүү дээ. Түүнээс биш эднийгээ дагаад хөөрөөд, баярлаад, санаа зовоод л явна. Тэр хэнтэй таарах бол гээд л. 

Уяач ч гэсэн тэгдэг байх гэж боддог. Бөх бол зөвхөн өөрийнхөө хариуцлагыг үүрээд явна. Харин багш бол бүгдийнх нь өмнөөс хариуцлага үүрч явдаг. Яг барилдаж байх үед нь юм хэлээд, заагаад өгчихөж болохгүй.  Барилдаж байгаа хоёр бөх рүү жаахан дөхвөл цагдаа нь бороохойдож ч магадгүй. Бүр баривчлаад аваад явчихаж ч магадгүй. Манайхан чинь тийм юмандаа сайн шүү дээ.

-Наадам дөхөхөөр манай энэ залуу тэдийн даваанд тэрэнтэй таарч магадгүй гэсэн таамаг гаргаж, судалгаа хийнэ биз дээ?

-Бүх дасгалжуулагч багш нар хийж байна. Баг болгон энэ судалгааг нарийн хийж байгаа. Тухайлбал, Д.Содномдорж, Ч.Санжаадамба хоёр барилдвал яах вэ. Ө.Бат-Оршихтой хэзээ таарах уу гэж судална. Арслангууд гэхэд долоогийн даваа хавьцаа Н.Батсуурьтай магадгүй. Хэн хэнээс С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аварга ам авах уу. Чамайг ч авч мэднэ гээд л бэлтгэнэ. Хувь хүн ч гэсэн тэдийн даваанд түүнтэй тунаж магадгүй. Үүнтэй таарвал яаж барилдах вэ гээд л бэлтгэнэ. Ямар гэнэт л гарч ирээд, танихгүй хүнтэй барилдуулах гэж байгаа биш. Жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийж, бие биетэйгээ барилдаж байгаа. Цахим сайтуудаар барилдааны бичлэг үзэж байна. Нэг заалны барилдаан болохоор л орой нь сайтад тавьчихаж байгаа юм. 

Тэгэхээр судалгаа нарийн явдаг. Манайх гэхэд сүүлийн гурван наадмын барилдаануудыг судалж байна. Тэр дундаа дөрвийн даваа, зургаагийн давааг судалж байх жишээтэй. Цолтой, цолгүй бөхчүүдийн хэн нь хэнтэйгээ барилдах магадлал өндөр байна. Өндөр цолтой бөхчүүдийг ч гэсэн хэнтэй, хэдийн даваанд таарч болох вэ гэж судална. Бид одоо оройдоо сүүлийн хоёр гурван жилийн цагаан сар, наадмын барилдааны бичлэг үзэж, хэн нь ямар мэх хийж байна.

Яаж барилдаж байна вэ гэдгийг бичлэгээр үзэж, судалгааны ажил хийж байгаа. Энэ ажилд улсын өндөр цолтой бөхчүүд маань гол үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа юм. Нөгөө талаас манай дэвжээ хэд хэдэн аймаг руу бага цолтой бөхчүүд явуулж байна. Би дээр дурьдсан даа, хальт. Цолоо ахиулж магадгүй гэсэн залуусыг явуулахаар тохирсон зүйл ч байгаа. Аймгийн арслан, заан цолтой болчихвол хэрэгтэй. Цол нь багадаад байгаа болохоор нугалаан дээр том цолтой бөхтэй таарчихаад, дээшээ явж чадахгүй байна. 

-Бөхчүүд дархан мэх гэж их ярьдаг. Тэр мэхээ хийхэд өрсөлдөгчөө унагах магадлал өндөртэй гэж ч ярих нь бий.  Дээр үед бол “дүүгүүр” гэдэг тодотголтой бөх ч байлаа. Харин сүүлийн үед манай бөхчүүд дархан мэхгүй болчихоод байна уу даа гэж харагддаг. Энэ ямар учиртай юм бол?

-Бөхийн хөгжилтэй л холбоотой зүйл. Дээр үед өмсдөг Дамдиндорж гэдэг хүн хөдөөнөөс давхиж ороод л барилдахад бужигнуулдаг байсан. Одоогийнх шиг самба, жүдо хөгжөөгүй байсан. Өөрийнх нь багаасаа хийж дадсан мэх. Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг гэдэг шиг. Сэнжигнээс бариад л суухаар өрсөлдөгч нь толгой дээгүүр даваад ойчдог байж. Одоо бол тэг зогсч байгаад өмсүүлдэг хүн ширхэг ч байхгүй. Нэг өмсүүлчих юм бичлэг хараад, судлаад суучихна. Тэгээд энэ чинь буруу юм байна, тийшээ нэг алхах юм болох нь гээд мэдчихдэг. Дараагийн барилдаан дээр өмсөхөөр нь унахгүй, хариу мэх хийгээд давчихдаг.

Тэгэхээр давтан хийхээ больчихож байгаа юм.  Одоо мэдээллийн хэрэгсэл хөгжчихсөн, маш өндөр хэмжээнд судалж байгаа болохоор нэг мэхийг миний дархан мэх гээд хийгээд байх боломж алга. Гарцаагүй сурсан сурцаараа ялихгүй алдаан дээр л ажиллаж унагаж байна. Дээрээс нь Монголд чөлөөт, жүдо бөх өндөр төвшинд хөгжиж байгаа. Тэр хэрээрээ хутгах, уурган дэгээ хийхээ больсон. Дандаа жүдогийнхон шиг өсгийгөөрөө татаж хутгадаг болсон.  Ингээд л бөхийн төрлүүд сүлэлдээд, бие биенээ тэтгээд яваад байна.

-Сүүлийн үед нэг их шүүмжлэл дагуулж байгаа зүйл бол үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуус чөлөөт, жүдо руу орох байна гэх яриа. Их спортыг хаячихаад байна шүү дээ. Энэ тал дээр та нэгийг хэлэх байх?

-Яг тийм.  Энэ бол үндэсний бөхийн хөгжилд асар их хор хохирол учруулж байгаа юм. Өнөөдөр Н.Түвшинбаяр ганцаараа л 100 кг-д амжилттай барилдаж байна шүү дээ. Хэрвээ 30, 40 залуу 20 нас хүртлээ жүдогоор хичээллээд явж байсан бол Н.Түвшинбаярын араас залгах бөх бэлтгэгдчихсэн байх байлаа. Одоо тийм юм байхгүй болсон.

Тийм болохоор залуучуудыг 20 нас хүртэл нь их спротоор хичээллүүлж, тив, дэлхий, Олимпийн наадамд амжилт гаргана гэ, холыг харж бэлтгэл хийдэг баймаар байгаа юм. Бүр заавал хичээллүүлмээр байна. Миний хувьд залуудаа чөлөөт, жүдогоор хичээллэж байсан. Мөн манай үеийн бөхчүүд, аваргууд бүгд л чөлөөт, жүдогоор барилдаж, амжилт гаргаж байлаа. Гэтэл сүүлийн 10 жил энэ хэдэн залуучууд зөвхөн үндэсний бөхөөр барилдаж, тулж зогсч байгаад барьц сонгодог байдал руу орчихоод байна. Энэ бодлогоор л шийдэх асуудал л даа. Бөхийн бүх холбоод нийлээд, 15-20 нас хүртэл нь залуусыг барцтай барилдаанд дуртайг нь жүдод. Барьцгүй барилдаанд дуртай гэвэл чөлөөтөөр хичээллүүлмээр байгаа юм.

Таван жилийн хугацаанд тэр хүүхдүүдийн хэн нь ямар төрлөөр барилдах вэ гэдгээ мэдэрнэ. Багш нар ч гэсэн мэднэ шүү дээ. Үүнийг чөлөөтөөр, тэрийг нь жүдогоор хичээллүүлье. Тэр нь үндэсний бөхөөрөө яваг гээд ялгачихна. Бүр шалгарсан нь аль алинаар нь давхар барилдаад явдаг л юм байгаа биз. Ийм бодлого байхгүйгээс бол эцсийн дүндээ Монгол Улсаас олимп, дэлхийн аварга төрүүлэхэд асар муу нөлөө үзүүлж байгаа юм.    
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-07-09 01:23:13
    `Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.51
    Мэдэгдсэн Хариулах