Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс нөөцлөлтийн графикийг гарган, мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарт даалгалаа.

 “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн найдвартай ажиллагааг хангах үүднээс эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, энэ ажилд шаардлагатай байгаа хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт зөвшөөрлөө.

Аймгийн төвүүдийн дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, угаалга, туршилт тохируулгыг ирэх 9 дүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын  өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийж, шугам угаалга, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх явцад хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын ажлын засварыг хугацаанд нь дуусгах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.