Ерөнхийлөгч МАН-ынхныг баярлуулав уу?
Айлын хүүхдүүд зодолдвол аав нэг юм хэлдэг шиг улс төрийн намууд толхилцоод ирэхээр Төрийн тэргүүн өрөөндөө хэдэн хүн дууддаг уламжлал тогтжээ. Харамсалтай нь намын дарга нар нь Ерөнхийлөгчийнхөө үгийг нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачихна. Эцэст нь Ц.Элбэгдорж баахан шоудсан болоод өнгөрдөг юм. Энэ удаад улс төрийн ээдрээтэй үйл явцыг удаан харж тэвчихгүй нь, улс орны амьдрал хүнд, энд, тэндгүй түймэр дэгдэж, халуун төөнөсөн үед Төрийн ордонд бужигнаан үүсгэж болохгүй гэсэн байр сууриа Ерөнхийлөгч илэрхийллээ.
 
Тэрээр энэ удаад зарим намын дарга нар, УИХ- д суудалтай нам, эвслийн бүлгийн удирдлагыг дууджээ. Түүний өрөөнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ- ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар байлаа. Ардын намгүйгээр ажиллахад хэцүү бэрх, заавал хамтарна гэсээр зургаан сайдыг нь урьж засагтаа ажиллуулж буй АН-ынхан хамтын гэрээгээ цуцалж, МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасныг Төрийн тэргүүн буруутгаж таван зүйлээр санаагаа хэлэв.
 
Тэрээр “Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтарснаа больдог. Засгийн газрын хувь заяаны асуудлыг шүүж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэр. Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад Засгийн газрын талаар юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэн, хэн байсан гэдэг нь ч тодорхойгүй” гэв. Уг нь Төрийн тэргүүн Ардчилсан намаас угшилтай. Ийм байхад АН-ын удирдах байгууллага буюу Гүйцэтгэх зөвлөлд хэн, хэн байдгийг тэр дэндүү сайн мэддэг ч хэн нь юугаа ярьсныг энэ удаад “дуулаагүй” өнгөрсөн бололтой.
 
Төрийн ордонд өчигдөр өглөө “МАН засгаас гарахгүй гэнэ” гэсэн яриа байв. Ардын намынхан хэдэн өдөр тайван байцгаасан. Ордонд таарсан гишүүд нь нэг нэгнээсээ “Шинэ мэдээ байна уу” гэж асуухад “Үгүй. Шинэ мэдээ гэвэл хөөсөн, хөөгдсөн хүмүүс л байна” гэх. Тэд эртнээс Ерөнхийлөгчийн байр суурийг таамаглаж байсан болов уу. Тэдний талаас уулзалтад оролцсон намын Шадар сайд У.Хүрэлсүх нар дотроо бөөн баяр суусан биз. АН-аас гаргасан шийдвэрийг нам дарж үг хэлсэн Ерөнхийлөгч тэдэнд үнэхээр таалагдсан байлгүй.
 
Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “Засаг байгуулахдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж байсан биз дээ. Тулгамдсан асуудлаа шийднэ гэсэн яасан бэ. Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон хариуцлагатай болно. Тэгэхээр Засгийн газраас гарна, гаргана гэсэн асуудал байхгүй. Ерөнхий сайд та бүх ажлаа гартаа ав. Ийм асуудлыг намын бүлгийн хэмжээнд шийддэггүй юм. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж очно. Намууд сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой. Хэдийгээр Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа хэдий ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ” гэлээ.
 
Дараа нь намын дарга нар болон Ерөнхий сайдыг саналаа хэлэхийг хүсэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН- ын дарга С.Дэмбэрэл нар Ерөнхийлөгчийн саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
 
Тухайлбал Ч.Сайханбилэг “УИХ-д суудалтай улс төрийн бүх нам хамтраад гэрээ байгуулсан. Ерөнхий сайдын зүгээс гэрээ байгуулсан, хамтарсан улс төрийн намууд эхний ээлжинд үг хэлээ ололцоод, ойлголцоод цаашаа хэрхэн ажиллахаа ярих ёстой гэж бодож байна. Парламентад суудалтай улс төрийн намуудын энэ харилцаа нэг ойлголтод хүрсэн тохиолдолд Ерөнхий сайдын зүгээс акц, алхмуудаа хийх болно. Түүнээс биш парламентад суудалтай намуудын хоорондох энэ үйл явц хаагдаагүй байхад Ерөнхий сайд санаачлагаараа кабинетын гишүүдийн аль нэг хэсгийг УИХ руу оруулахыг дэмжихгүй. Тиймээс зургаан сайдын асуудлыг оруулахыг дэмжихгүй” гэв.
Харин МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд нарын байр суурь эрс, тэс байв. МАН-тай байгуулсан хамтын гэрээгээ дүгнээд цуцлах шийдвэр гаргасан АН-ын даргын санал эсрэг байх нь мэдээж. Тэрээр хамгийн ууртай нь байлаа. Улс төрд өрнөж буй үйл явцын гол эзэн нь тэр юм.
 
М.Энхболд, З.Энхболд нарын байр суурийг товчхон хүргэе.

М.Энхболд: МАН-ЫН БАЙР СУУРЬ ХЭВЭЭР
 
-Энэ үйл явдал бол сүүлийн нэг хоёр сард эхлэл нь тавигдаж байгаа асуудал юм. Манай нам хоёр зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас зөвшилцөж гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе.

Хэн нь юугаа хийж чадсан юм, хэн нь юугаа хийж чадаагүй юм, хийж чадаагүй алдагдсан ажил хэний буруугаас болсон юм бэ гэдгийг бодитой дүгнэе. Гэрээг дүгнэсэн гээд байгаа. Гэвч нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэчихсэн.

Тухайлбал, Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалсан ажлын хэсгүүд хуралдаад хуулиа УИХ-д өргөн барьж батлуулж болоод байдаг. Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаг ч үгүй, хуулийн төсөл нь ч орж ирдэггүй. Гэтэл зөвхөн МАН-ын буруугаас болж УИХ дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитой дүгнэе.

Гэрээний бодитой дүгнэлтийг олон түмэнд ил болгоё, тэгээд гэрээг цуцалъя гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй гэж бид хэлж байгаа. МАН энэ байр суурь дээрээ хэвээр байна.
 
З.Энхболд: ХӨДӨЛГӨӨНГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ БАЙХГҮЙ
 
-Энэ удаагийн УИХ-ын онцлог нь олонхи байхгүй. УИХ-д суудалтай намууд олонхийг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Хамтрахдаа Үндсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэсэн.

Хэрэв болохгүй бол хүчингүй болгоод цааш явах боломж бий шүү дээ. Үүнийг хялбаршуулж ойлгоод намуудыг үгүйсгээд байж болохгүй. Хамгийн чухал нь Засгийн газрыг огцруулж болохгүй. Харин сайд нарыг өөрчлөх нь байх ёстой зүйл гэж АН үзэж байгаа. Бид хамтрахдаа ажлаа хийе, сонгуулиа умартъя гэсэн. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлтгэсэн.

Олон зуун төрийн албан хаагчийг халсан гэдгийг энд ярихаа болъё. Зарим сайд нь зөвхөн өөрийн сонгуулийн тойрогтоо зориулж ажиллаад байгааг болохгүй гэж үзэж байгаа. Гэрээ дүгнэх ажлаа ном журмаар нь хийх нь зүйтэй. Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй.

Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетын талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь чухал. Ажлаа хийж чадаагүй сайд нарыг өөрчлөх ёстой гэв.



Зууны мэдээ
М.Ганцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-07-08 01:17:25
    `Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.221
    Мэдэгдсэн Хариулах