Ш.Суумэргэн: Дотогшлохуйн шалтгааныг хайсаар явна…

 “Униар татсан хөндийд чинь унаган бие минь өсөн жаргав аа” гээд хэн нэгэн аялахад “Унаган бие минь жаргасны учир ухаан бодлоо тандаа зориулъя” гээд өөрийн эрхгүй аманд орж ирээд түрэгддэг бүтээл бол яах аргагүй яруу найрагч Жан Шагдарын “ Эх орон танаа” дуу.  Б. Цогоогийн аялгуунд хачин зохицсон үгтэй энэ дуугаар нэрлэсэн “Эх орон танаа” сангийн нээлт-өдөрлөг нийслэлийн алслагдсан дүүрэг Багахангайд хүүхдийн баяраар тохиосныг “ Таван хэмжээст ертөнц” булан сурвалжлан хүргэж байна.

 

ХҮНД ӨГСНӨӨРӨӨ ЯДУУРАХ ХҮН НЭГ Ч БАЙХГҮЙ

 

Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно доо гэсэн үгийн утгыг харуулахаар төрсөн аятай хаана л явна сүү шиг цагаан сэтгэлээрээ энэ тэр хоёрт тусалж явдаг, хүүхэд шиг нэгэн эрхмийг Жан. Шагдарын Суумэргэн гэнэ. 

Хаа нэгтээ сангийн нээлт гэхээр л нэлээн мөнгөтэй хүний ажил,  эсвэл мөнгө босгох гэж байгаа ажил гэж ойлгож ирсэндээ бас л өөрийгөө голов байна. “Хайрлахыг андахгүй нялх үрсийн маань хацарт нь гэрэл гийж байг” гэсэн сэтгэлийн уриатай, тэнгэрт байгаа аавынхаа газарт үлдээсэн сайхан бүтээлүүдийн нэгээр нэрлэсэн “Эх орон танаа” сангийн нээлт буйдхан дүүргийн жижигхэн клубт болсон ч сайхан сэтгэлийн галаар хөглөсөн юм гэсэн дээ часхийсэн тоглолт болж өнгөрөв.

“Эх орон танаа” санг санаачилсан энэ залуу “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Дэлтэй шувуу” “ Эх орон танаа” гэх мэт дуугаар нь бидний сайн мэдэх яруу найрагч Жан. Шагдарын отгон хүү.

Хүний хайрыг дааж явсан бол

Миний шагнал,

Хүмүүсийн хайрыг татаж явсан бол

 Миний гавьяа

гэсэн аавын минь эгэл мөр намайг насан туршдаа амьдралыг минь гэрэлтэй болгож ирсэн дээ гэж Суумэргэн ах ярина.

5DW булангийн зочноор урихад минь тэрээр: “ Сайн хань, сайхан хоёр хүүгээрээ бахархахаас өөр шальж хийсэн юмгүй надаар юу хийх вэ. Харин болдог бол тэнгэрт байгаа аавууд, /хадам аавыгаа бас хамт хэлэв бололтой/, намайг өөрөө учраа олог гэсэн шиг аавын минь араас тэнгэр лүү одсон хайртай ээж, миний муу дэнхэр ах гээд сайхан хүмүүсийнхээ надад өвлүүлсэн сэтгэлийн галыг бөхөөхгүй гэсэндээ хүү нь /бас дүү нь/ өдөр бүр сэтгэл дотроо өмөрч санадаг ч “цовоо явна шүү” гээд л тэдэндээ нэг хэлчих юмсан гэлээ.

 Хүү нь одоо гадагшаа биш дотогшоо өмөлздөг болсоон аав аа. “Дотогшилхуйн шалтгаан”-ыг олоод “Наадам хөгжөөсөн аавынхаа нойр хулжаасан онгод”-оор “ Намайг өвчсөн хүүгийнхээ ухааны мянган увидас”-аар хүү нь жаргалтай явна аа…

Булангийн маань зочин өөрөө татгалзсан ч , “Өгье гэвэл ганцаасаа” гэгчээр амьдардаг дүүргийнхээ цөөнгүй хүүхдэд гарын бэлгээр алгыг нь тэнийлгэж, бэлэг өгсөн хүүхэд тус бүрт хадгаламж нээн, сая шахам төгрөгийг бусдын үрсийн ирээдүйд нэмэрлэсэн гэмгүй цагаан хүсэл тань ийн бичихэд хүргэсэн юм шүү.

“Эх орон танаа” сангийнх нь зорилго дэндүү хүндлүүштэй байсан болохоор фейсбүүк хуудаснаас нь зургийг нь авч дураараа ийн бичиж байгаа даа Суумэргэн ахаасаа бяцхан эмээж байгаа ч угаас “Таван хэмжээст ертөнц” булан ийм л хүмүүсийг онцлохдоо харин эмээдэггүй билээ.

Алдарт дуу шиг нэртэй энэ сангийнх нь ирээдүй цаашид амьдралын боломж муутай ч сурлага сайтай хүүхдүүдийн боловсролыг дэмжих, жил бүр эх үрсийн баяраар “Эх орондоо хэлэх үг”  хүүхдийн бичлэгийн уралдаан зохион явуулах гэх мэт гэгээн үргэлжлэл олонтой юм байна.

Өөрийнх нь хэлээр “мэдрэмж, сайхан сэтгэл” гэсэн хоёр брэндээр сэтгэлээ гоёж, хань үрсээрээ амьдралаа гоёдог тэрээр нэгэн цагт нөхөддөө “Өвчин ямар илүүдэх биш. Болохгүй бол групп тогтоолгочихно” гэж хошигнон байсан гэнэ. Харин манай булан “Сайхан сэтгэл байхад группын мөнгө ямар багадах биш. Болохгүй бол сан байгуулаад айлын хүүхэд баярлуулчихна” гэж хариу ёжилмоор санагдчихлаа байна…

Яруу найрагчийн отгон хүү мөн л шүлэгч нэгэн аж. Тэрээр сангийнхаа нээлттэй давхцуулан “ Дотогшлохуйн шалтгаан” хэмээх яруу найргийн гурав дахь номоо өлгийдөн авчээ. Түүний энэ шинэ бүтээлд Их хурлын гишүүдээс авхуулаад, түүний цахим сүлжээний найзуудынх нь талаарх элэглэл ч хүртэл байна.

“Хүнд өглөө гээд ядуурсан хүн нэг ч үгүй, хүнээс харамлалаа гээд баяжсан хүн ганц ч байхгүй” гэж хэлсэн өөрийн тань үгээр  “ Эх  орон танаа” санг чинь эх орон чинь мялаана аа.  “Дотогшлохуйн шалтгаан” номын тань “Би” шүлгээс доорх мөрүүдийг нь хулгайлчихлаа…

“Сул асгарах шагайн дунд тэнцэж боссон унага минь” давхиад бай

“Шүүрхий хэдэн шүлэгтэй ч зурсхийх шүдэнз” минь асаад бай

“Энгэр задалсан ханийнхаа эгэлхэн сэтгэлийн орчлон” минь жаргаад бай

“Элбэг дээл үүрсэн Монголоо шүтсэн омогшил” минь аархаад бай…

Ч.ӨЛЗИЙНЯМ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-07 01:23:15
    Буянтай хүний үйлс бүтэмгий гэж Бурхан багш хэлсэн байдаг юм,Буян номыг хичээж хийгээрэй хүү минь,Мэргэдийн ном сургаалийг уншиж их л юмыг ойлгож сураарай,амжилт хүсье.
  • зочин 2014-06-07 01:23:15
    Буянтай хүний үйлс бүтэмгий гэж Бурхан багш хэлсэн байдаг юм,Буян номыг хичээж хийгээрэй хүү минь,Мэргэдийн ном сургаалийг уншиж их л юмыг ойлгож сураарай,амжилт хүсье.
  • зочин 2014-06-07 01:23:15
    Буянтай хүний үйлс бүтэмгий гэж Бурхан багш хэлсэн байдаг юм,Буян номыг хичээж хийгээрэй хүү минь,Мэргэдийн ном сургаалийг уншиж их л юмыг ойлгож сураарай,амжилт хүсье.
  • Сайхан Монгол 2014-06-06 16:09:03
    Баярлалаа хүний сэтгэлийн дэм багадахгүй. Ийм хүмүүс миний Монголд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ амжилт хүсье.Сайн хүний үр сүүтэй гүүний унага гэж энэ хүнийг нэрлэе.