Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар үүрэг, даалгавар өглөө
Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө.  

Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим, зуны улирлын дунд үед хүчтэй халах, намрын эхэн сарын эхээр нойтон цас орохоор байна. Билгийн тооллоор ирэх жил бичин жил гарна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа онцгой анхаарах шаардлагатай. 6 дугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зуншлагын өнөөгийн байдал, цаашдын төлвийн тухай багц асуудал хэлэлцэж, хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Засгийн газрын хоёр тогтоол батлан гаргасан гэж Ерөнхий сайд хэллээ.

Өвөлжилтийн бэлтгэл  хангах ажлын талаар гарсан тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт сайтар зохион байгуулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаараа хэлэлцэн гүйцэтгэх ажлыг нарийвчлан боловсруулж, эзэнжүүлэх арга хэмжээ авахыг Аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн аймгийн Засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг зөвшөөрч, сум, багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлага, ажилтнуудыг ажил цалгардуулахгүйгээр ээлжээр амраах арга хэмжээ авахыг даалгалаа.

Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж, 8 дугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхааруулж, мал сүргийн отор нүүдэл, өвс, хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагадаа авч ажиллахыг даалгалаа.

Малчин өрх бүрийг малын хашаа саравч, худгаа засварлах, дулаалах, түлээ түлшээ бэлтгэх, өвөл, хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэж нөөцлүүлэх зэргээр малчдын бэлтгэлийг хангуулах  өвөлжөө, хаваржааны хашаа хороог засварлах, дулаалах, бууц, хэвтэр нөөцлөх, бэлтгэх зэрэг ажлыг багийн Засаг дарга нар анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засвар бусад бүтээн байгуулалтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж, батлагдсан төсөвт өртөгт багтаан гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд онцгой анхаарч, 9 дүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн бүх барилга бэлэн болсон байх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ..

Аймаг, сумын төвийн халаалтын зуух, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, нүүрс татан авалтыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлж, ирэх өвөл, хавар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх  ажлыг аймаг, сумын Засаг даргын орлогч нарт хариуцуулж ажиллахыг үүрэг болголоо.

Цахим хуралд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.