Ц.Оюунбаатар: Эдийн засгийн хэмнэлтээр иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмье

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатарыг “Баасан гаригийн зочин”-оор урьж ярилцлаа.

-С.Ганбаатар гишүүн та хоёр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх саналыг  Ерөнхий сайдад хүргүүлсэн юм байна. Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд ийм эх үүсвэр бас  боломж Засгийн газарт бий юу?

-Эдийн засгийн хүндрэл монгол хүн бүрт,  өрх болгонд мэдрэгдэж байгаа. Тухайн хүн төрийн алба хашдаг байна уу, бизнесмэн байна уу, сэтгүүлч, эмч, багш байхаас үл хамаарч энэ зовлонг үүрч байна.

Бараа, бүтээгдэхүүний үнэ 40 шахам хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар буурсан. Иргэдийн амьжиргааны төвшин дээд  зэргээр унасан ийм нөхцөл байдал тулж ирээд байгаа. Ийм байгааг   эдийн засагч хүн, татварын албаны дарга байсан, зүүн төвийн үзэл баримтлалтай намын гишүүний хувьд  би  Засгийн газарт  удаа дараа сануулж байсан. Өнгөрсөн жилээс өнөөдрийг хүртэл би гурван удаа  хэлсэн. Та нар ард түмний дотор ор, айл өрхөөр яв, сайд нар сардаа нэг удаа гэр хороололд амьдарч байгаа айлд  очиж амьдралтай нь танилцаач гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл миний хэлснийг биелүүлсэнгүй. Тэгээд сөрөг хүчнээсээ ийм шүүмжлэл аваад  сууж байна. Энэ нөхцөлд нэн даруй шийдэх, эхний алхам хийх ёстой зүйлүүдийг бид  саяхан гарсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай”  УИХ-ын 34 дүгээр тогтоолд  тусгах гэж оролдсон юм. Үүнд манай “Шударга ёс” эвслээс миний бие  ажлын хэсэг ахалж ТББ, иргэний нийгэм, жирийн иргэдийн саналын үндсэнд санаачилж оруулсан зүйлүүд бол төрийн данхгар бүтцийн зардлыг танахад чиглэсэн. Өнөөдөр төрийн албаны орон тоо  30 гаруй хувиар  нэмэгдчихсэн, олон яам, агентлаг шинээр бий болсон. Ард түмэн ядуу, эдийн засаг хүндрэлтэй, инфляц өндөр байхад байхад төрийг данхайлгах нь буруу. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа том төрийг ухаалаг юм уу, илүү үр ашигтай ажилладаг тогтолцоо руу оруулах нь ерөөсөө зардлаа  л танах асуудал. Энэ бол урсгал зардал. Өөрөөр хэлбэл, данхгар төрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал юм. Үүнээс бид дунджаар 20 хувийг хэмнэе гэсэн нь УИХ-ын 34 дүгээр тогтоолын заалт болж орсон. Их эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ эндээс бидний урьдчилан тооцоолсноор 60-100 тэрбум хэмнэгдэнэ. Сангийн сайд бол доод тал нь 40 тэрбум хэмнэгдэнэ гэж ярьж байгаа. Энэ мөнгийг  амьжиргааны төвшин доогуур байгаа төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилтнууд, ахмадуудын   цалин, тэтгэврийг  нэмэхэд зарцуулъя.  Өнөөдөр бүх бараа, үйлчилгээний үнэ  нэмэгдсэн, тэгэхдээ бүр огцом нэмэгдчихээд байгаа энэ нөхцөлд  цалин, тэтгэврийг нэмэхээс аргагүй. Энэ асуудлаар С.Ганбаатар гишүүн бид хоёр хамтран Ерөнхий сайдад албан бичиг явуулж шаардаж байна. Хамгийн гол нь хэмнэлтийн мөнгийг зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулъя, өөр зүйлд  зарж болохгүй. Засгийн газар ийм арга хэмжээг  яаралтай авах ёстой. Эндээс эдийн засгийн бодит хэмнэлтийн үр дүн харагдана. 100 хоногийн дараа Засгийн газар хэдэн тэрбумыг хэмнэж, жирийн иргэддээ зарцуулсан бэ гэдэг бодит хэмжүүр энэ байгаа юм.

-Хэмнэлтээ эргэлтэд оруулж, хөрөнгө босгох, мөнгө үйлдвэрлэх өөр зүйлд зарцуулах талаар ямар бодлого баримталж байна?

-Үүнд зарцуулах мөнгийг хангалттай төсөвлөсөн. ЖДҮ хөгжүүлэх, Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах  гээд олон хууль гаргасан. Тэр хуулиуд хэрэгжих ёстой. Эдийн засгийг хөгжүүлэх татварын хөнгөлөлтийн тухай хуулиуд өнөөдөр ч гэсэн УИХ-аар  орж ирж байгаа шүү дээ. Тиймээс хэмнэлтээс орж ирж буй 60 гаруй тэрбумыг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулахгүй бол 2012 оны сүүлчээс бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж, цалин, тэтгэвэр дээр мөнгө нэмэгдээгүй байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой би УИХ-ын чуулганд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Өнөөдөр жирийн иргэд, эмч, багш, төрийн жирийн албан хаагч нарын  цалин бага, амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа тухай нэлээд урт үг хэлсэн. 

-Тэр үгнээс  улбаалж  таныг цалингаа чамласан, цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй гэнэ гэсэн  мэдээллүүд  цацагдсан. Магадгүй өнөөдөр таныг С.Ганбаатар гишүүнтэй хамт цалин, тэтгэвэр нэмүүлэх асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлснийг эсрэгээр нь ойлгож болох юм?

-Би УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “УИХ-д шударгаар ажил­лаж байгаа гишүүдийн цалин ч амьдралд нь  хү­рэлцэхгүй байна. Тий­мээс тендер авах гээд явж байдаг, эсвэл бизнесээ далдаас удирдаж байдгийг зогсоож чадахгүй бай­на шүү дээ. Тэр хүмүүс өнөөдөр  ийм л орлогоор амьдарч байгаа. Тэгэх­гүйгээр шударгаар  төрдөө хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой” гэж хэлсэн юм. Гэтэл тэр дотроос “УИХ-д шударгаар ажиллаж байгаа гишүүдийн цалин ч  амьдралд нь  хүрэлцэхгүй  байна” гэснийг тасалж аваад “Ц.Оюунбаатарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа” гээд  цацсан байна лээ.  Би хэмнэе, бага орлоготой, амьжиргааны төвшин доогуур хүмүүсийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэгдүүлье л  гэж ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдал хүнд байна. Би түрүүнд хэлсэн, үнэхээр 2012 оны сүүлчээс бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдээд, цалин, тэтгэвэр дээр ганц төгрөг ч тавигдаагүй явж ирсэн. Баянхошуу, Чингэлтэй, Хайлаастын эцэст талхаа дөрөв хувааж, элсэн сахарыг атгаар хэмжээд  зарж байна гэж байна шүү дээ. Хүмүүсийн худал­дан авах чадвар ийм хэмжээнд очсон бай­на. Тэгвэл хэмнэе, хэмнэсэн мөнгөөрөө тэр хүмүүсийн цалин, орлогыг нэмэгдүүлье  гэвэл тэр хэмнэлт нь   олон зүйлээс гарч ирнэ шүү дээ.

-Тухайлбал?

-Хэв­лэл, мэдээллийн байгууллагатай хийдэг хаалтын гэрээнүүд байна. Манай хэвлэл, мэдээллийн салбарынхан үүнийг эмзэг хүлээж авч байх шиг байна лээ. Жирийн сурвалжлагчид  тэр гэрээ ямар ч хүртээлгүй. Сонин, телевизийн  эзэнд л очдог мөнгө. Энэ асуудлаар УИХ-ын удирдлага болон гишүүдэд  олон баримт, материал ирж байгаа. Хаалтын гэрээг зогсоох нь хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хангах, Монголын сэтгүүлчид бичиж, нийтлэж болдоггүй өндөр албан тушаалтан байдгийг болиулах учиртай.  Ёс зүйгүй, шударга бус  хүмүүсийг илрүүлэх, бичихийн тулд л хэвлэлийн эрх чөлөө чинь байгаа шүү дээ. Би харин ч хаалтын гэрээг цуцлах нь хэвлэлийн эрх чөлөөг хангах чухал заалт гэж үзэж байгаа. Төрийн өндөр  албан тушаалтан хэн ч байсан өөртэй нь холбоотой хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Хаалтын гэрээ хийгээд амин хувиа бодоод сууж хэрхэвч  болохгүй. Энэ бол гэмт хэрэг, энэ бол хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулсан асуудал. Тийм учраас манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд  аливаа төрийн өндөр албан тушаалтанг нууж хаацайлж, түүнийхээ төлөө хэдэн төгрөг авч байгаа асуудал бол үнэхээр хэвлэлийн эрх чөлөөг Монголд хааж боогдуулсан, хүний эрхийг зөрчсөн,  хүний алдаан дээр нь дарамталсан ийм хэрэг болж байгаа юм. Ийм учраас  би  өөрийгөө хэвлэлийн дайсан  биш, харин хэвлэлийн эрх чөлөөг хангасан бас ч  гавьяатай хүн болов уу гэж үзэж  байгаа. Сая гэхэд л агентлагууд арав, арван сая төгрөг өгөөд өөрсдийгөө тэргүүний гээд сурталчлуулж байна шүү дээ. Тэр нь тогтоогдчихлоо. Эрүүгийн хуулийн 273.1-т  төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж бий. Төсөв захирагч нар өөрсдийгөө магтуулах зорилгоор хэвлэл, мэдээллийн байгууллагыг худалдаж авч хэрхэвч таарахгүй. Хэрэв тэгэх юм бол Монголд  албан тушаалтны тухай хууль дахиж нэгийг ч ярих хэрэггүй. Тэдний тараагаад байгаа нь татвар төлөгч нарын мөнгө. Хуулийн өмнө бүгд адил тэгш байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд  тэр асуудлыг шалгана гэдгээ  амласан байгаа.

-Цалин нэм гэсэн санал, шаардлагыг өгөх болсон өөр ямар учир шалтгаан байна вэ?

-Эдийн засгийн хэмнэлтийг өөр бусармаг зүйлд зарцуулчих вий гэж бодож байна.  Аль нэг газрыг санхүүжүүлж байна гээд нэг шинэ юм гаргаж ирээд  алга болгочихож болохгүй. Дахиад хэлэхэд, Их хурлын гишүүдийн цалинг нэмэх тухай асуудал бид яриагүй. Эгэл жирийн иргэдийн амьдрал бодит байдалд ийм байна гэдгийг л гаргаж тавьсан. Цалин нэм гэж шаардсан.

-Ингэхэд эдийн засгийг  идэвхжүүлэх  арга хэмжээ гэдэгт  чөлөөт бүс, казино гэхчлэн асуудлууд ярьж байгаа. Уул уурхай зогссон, хөрөнгө оруулалт удаашралтай байгаа энэ нөхцөлд хэр оновчтой шийдэл вэ?

-Хөрөнгө, мөнгө  тиймхэн байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд эдийн засгийн чөлөөт бүсийг хөл дээр нь босгох ёстой. Монголчууд гадаадад очоод казино тоглоод болоод байхад “Чи Монголдоо казино тоглож болохгүй” гэх нь ямар вэ, энэ эргэж харах ёстой асуудал. Харин ч казино бол хамгийн том татвар төлөх, төсвийг дэмжих салбар болно. Казино  бүр таваараа, арваараа  байж байх ёстой. Өрсөлдөх ёстой.

-Манай улстөрчид  казино гээд ярихаараа бурууддаг  гашуун туршлага бий. Та  ингэж ярихаасаа айхгүй байна уу?

-Айхгүй байна. Манай улс эдийн засгаа сайжруулъя гэвэл тэрийг шийдэх ёстой.

Тэр байтугай зарим хэвлэлд Хөвсгөлд казино байгуулъя гэж бичсэн харагдана лээ. Үнэхээр Хөвсгөлд ирж далайн эрэгт амарч, усан онгоцоор аялж, брэн­дийн дэлгүүрээр үйлчлүүлж казино тоглох сонирхол байгаа шүү дээ. Улаанбаатарт ч тэр асуудал байж болно. Эдийн засгийн чөлөөт бүст бол харьцангуй хөнгөлттэйгээр байх ёстой. Бусад газар байж болох нь дараагийн асуудал. Энэ чиглэлээр зоригтой алхам хийх учиртай. Ингэж байж  ахиц өөрчлөлт гарна. Түүнээс биш  хоосон шүүмжлээд,  сөрөг хүчин  нь эрх мэдэлдээ сагаж муу л бол сайн гээд байвал жирийн иргэд  хохирно. Газар доорх баялгаараа дэлхийд толгой цохих ийм ард түмэн муу амьдарч болохгүй шүү дээ. Энэ бүхэн үе үеийн  улстөрчдийн, төр, засгийнхны  харалган  бодлогын уршиг гарч ирж байгаа нь. Түүнээс биш дэлхий бүхэлдээ эдийн засгийн хямралд орчихоогүй. Монголд л ганцхан инфляц 30 хувь давж, ам.долларын ханш хэмжээ хязгааргүй дээшээ явчихаад байна. 

-Одоо асуултаа жаахан өөрчилье. С.Ганбаатар гишүүн та хоёр албан бус бүлэг байгуулахад бас гар сэтгэл нийлж  яваа  гэл үү. Ийм яриа дуулдсан?

-Намайг байгаа гэж хэн хэлсэн юм бэ. С.Ганбаатар гишүүний мэдээлэлд тийм зүйл байгаагүй шүү дээ.

-Байгаа гэж  цахим хуудсууд онцолсон байсан?

-Мэдээ бичээд миний зургийг тавьчихаар би тэнд байдаг гэсэн үг биш байх аа. Харин үзэл бодлын хувьд бол би дэмжигч гэдгээ хэлнэ. Эцсийн дүндээ өнөөгийн хямрал, баян Монголын хөгжил ийм муу байгаагийн учир  бол Монголын ард түмнийг хуваасан, зөрчилдүүлсэнд оршиж байгаа. Хөгжил яагаад ирэхгүй байгаа юм бэ, манайд. Энэ улс төрийн намууд ээлжилж бие биеэ татаж унагааж ирсэнд л байгаа юм. Хамтраад юм хийсэн гэдэг нь хуйвалдаан болж ирсэн. Оюутолгой өнөөдөр Монгол Улсад ямар хор хөнөөлтэй гэрээ болсныг бүгд ярьж байгаа. Би тэр гэрээг хаая гээгүй, харин ч урагш нь явуулж, бурууг нь засаад явья гэж хэлдэг. Тэр бол миний нутаг, миний тэмээ хариулж явсан газар. Миний ах Оюутолгой байгаа газраас 15-хан км-ийн зайд төрсөн, манай гэрийн буурь тэнд бий. Тийм учраас Оюутолгойн ард түмний усгүй болж байгаа, байгаль орчин нь хохирч байгааг дуугарах ёстой. Гэхдээ Оюутолгойг урагш нь явуулахаас өөр зам байхгүй гэдэгт би хатуу байр суурьтай байгаа. Ийм л байна.


Ч.ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • da 2014-06-06 13:16:13
    Байрны хөөсөрсөн үнэ бууж байна.Энэ зун байрны үнэ шалдаа буух болно.Яг одоо таны байрыг асуух битгий хэл үзэх хүн ирэхүй байгаа биз дээ. Тун удахгүй мөнгөний бодлогыг төв банк чанглаад ирэхээр байрны үнэ шалдаа буух болно.Банкууд ч зээл олго шалгуураа ча
    202.179.20.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-06 06:03:49
    харин тийн ингэж ярьвал өөр ш дээ
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах