Грекчүүд сонголтоо хийлээ
Грекийн хэдэн сая ард түмэн Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн нөхцөл болж буй хэмнэлтийн бодлогыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар саналаа өглөө. Санал авах байрууд орон нутгийн цагаар өчигдөр 07.00 цагт нээсэн бөгөөд иргэдийн идэвх сайн байв. Иргэд  урт дараалал үүсгэн, нэг нэгээрээ ээлжлэн саналаа өгсөн байна. Өнгөрөгч долоо хоногийн хувьд сонгуулийн элдэв сурталчилгаа уриалга, жагсаал хөдөлгөөнөөр  дүүрэн байсан юм. Тухайлбал, ОУ-ын валютын сан, Европын төв банк, Европын комисс тэргүүтэй зээлдүүлэгчид Грекийг татвараа нэмж, халамжийн зардлаа бууруулахыг шаардаж байсан бол  энэ саналыг нь хүлээж авахгүй байхыг Грекийн Ерөнхий сайд ард түмэндээ уриалсан. Гэвч зээлдүүлэгчдийн саналыг хүлээн авахгүй байх нь Грек улсыг эдийн засгийн хямралаас гаргахгүй гэдгийг Евробүсийн сангийн сайд нар грекчүүдэд анхааруулж, “тийм” гэсэн хариултыг сонгохыг ятгаж байсан юм.

Грекийн Засгийн газар болон зээлдүүлэгчдийн эсрэг, тэсрэг энэ ятгалгад Грекийн ард түмэн ч төөрөлджээ.  Грекчүүдийн зарим нь зээлдүүлэгчдийн саналыг хүлээн авсан нь дээр гэж байгаа бол зарим нь дахин хэмнэлтийн хатуу бодлогыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.  Ямартай ч, өчигдөр өрийн асуудалтай нүүр тулаад байгаа Грект Европын холбоо зэрэг байгууллагуудын шинэчлэлийн хөтөлбөр, шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх ард иргэдийн бүх нийтийн санал асуулга болж, иргэд саналаа өгөв. Санал асуулгын өдрийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-нийг хүртэл явуулсан олон төрлийн санал асуулгын дүнгээр бол “Үгүй” гэсэн хариултыг ихэнх нь сонгожээ. Хэрвээ энэ удаагийн санал асуулгын дүн ч ингэж гарвал А.Ципрасын Засгийн газрын баримталж буй бодлогын дагуу олонхийн дэмжлэгээр Грек  евро бүсээс гарах юм. Ерөнхий сайд Ципрас баасан гарагийн орой Афин хотын төв талбайгаас ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн.

Тэрбээр мэдэгдэлдээ “Заналхийллийн эсрэг ялалтаа тэмдэглэцгээе” хэмээн уриалаад авчээ. Харин эсрэг саналтай зарим иргэддээ хэмнэлтийн бодлогыг санал болгож буй Европын холбооны байр суурийг өөрчлөх болно гэдгээ тэмдэглэжээ. Энэ үеэр цалингаа хасуулсан төрийн албан хаагчид болон ажилгүй залуус “Эсэргүүцэж байна, эсэргүүцэж байна” хэмээн хашгирч байсан гэнэ. Хэрвээ өчигдөр явагдсан санал асуулгаар эсрэг санал ихэнхийг авбал Грек Европын холбоо зэрэг байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр евро бүсээс гарах магадлалтай бөгөөд ингэснээр евро валютын зээлийн үнэ буурч, эдийн засаг нь өмнөхөөсөө дордох эрсдэл байгааг ажиглагчид тэмдэглэж байгаа юм.

Харин нөгөө талаар ихэнх нь зөвшөөрсөн саналыг дугуйлбал, Европын холбоо зэрэг байгууллага дэмжлэгээ дахин үргэлжлүүлж, хатуу хэмнэлтийн бодлого тус улсад үргэлжилсээр байх аж. Тиймээс грекчүүд томоохон сонголтын өмнө нүүр тулаад байна.  Санал хураалтын хуудас дээр “Европын холбоо, Европын төв банк, мөн Олон улсын валютын сангаас зургадугаар сарын 25-ны өдөр гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх үү” гэсэн ганц асуулт бичигдсэн байх бөгөөд иргэдийн сонгох хэсгийн дээд талд эсэргүүцсэн утга бүхий “Oxi”, дэмжсэн агуулга бүхий “Nai” гэсэн үг бичигджээ. Улс орныхоо ирээдүйг шийдвэрлэх хүндхэн үүргийг хүлээсэн сонгогчид энэ хоёр хариултаас аль нэгийг нь сонгох юм байна.

Энэ удаагийн бүх нийтийн санал асуулгад Грекийн иргэн 18-аас дээш насны найман сая гаруй сонгогч оролцох эрхтэй. Мөн ирц 40 хувийг давсан тохиолдолд хүчин төгөлдөр байх юм. Ерөнхий сайд Ципрасын хувьд иргэд аль ч сонголтыг хийсэн хүндэтгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдээд байгаа. Дашрамд дурьдахад, энэ удаагийн санал асуулгыг явуулахын тулд тус улс  20 сая еврог зарцуулж буй. Энэ дүн өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан Парламентын сонгуулийн нийт зарлагын хоёрны нэгтэй тэнцэж байгаа юм. Ерөнхий сайд А.Ципрасын  нам таван  жилийн турш хэрэгжиж, Грекийн ард түмнийг туйлдуулж байгаа хэмнэлт­ийн хатуу бодлогыг төгс­гөл болгоно гэж амлаж, сонгуульд ялалт байгуулсан.

Энэ байр сууриа ч зээлдүүлэгчидтэй хийх хэлэлцээрийн үед хатуу барьж байгаа. Хэрвээ Грекийн ард тү­мэн зээлдүүлэгчдийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн сонголт­ыг хийвэл Засгийн газар зээлдүүлэгчдийн байр суурийг өөрчилж чадна гэж найдаж бай­гаа юм. Харин грекчүүд тийм гэж хариулж, зээлдүүлэгчдийн саналыг хүлээж авахаар болбол огц­рохоо мэдэгдээд байна. Ямар­тай ч, дэлхий нийтийн анхаарлыг та­таад буй энэ асуудалд грекчүүд ямар сонголт хийх нь мэдээллийн агент­лагуудын анхаарлын төвд үлд­лээ. Санал асуулгын дүн өнөө­дөр гэхэд тодорхой болох билээ.
 
Грекийн өрийн хямрал ба санал асуулга

Грект 2009 онд байгуулагдсан Засгийн газар өмнөх эрх баригчид төсвийн болон өр төлбөрийн асар их алдагдлыг нууж байсныг  олж мэдсэнээр тус улс санхүүгийн хямралд нэрвэгджээ. Улмаар энэ үед санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын холбоо зэрэг байгууллагууд Грект тодорхой нөхцөлтэйгөөр 2010 болон 2012 онд хоёр ч удаа нийт 240 тэрбум еврогийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Ингэснээр Грекийн төрийн албан хаагчдын тоог бууруулж, татварыг нэмэгдүүлэх зэрэг хэмнэлтийн хатуу бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч өнгөрөгч нэгдүгээр сард байгуулагдсан А.Ципрасын Засгийн газар хэмнэлтийн энэ мэт хатуу бодлого Грекийн ард түмнийг туйлдуулж байгааг онцолж, шинэчлэлтийг шаардах болсон. Харин үүнийг эсэргүүцсэн Европын холбоо зэрэг зээлдүүлэгчдийн тал энэ оны хоёрдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зээлээ царцаасан байдаг.

Иймээс зээлээ төлөх хамгийн сүүлийн хугацаа болох зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байсан ч,  зээлдүүлэгчид хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлэх байр суурьтаа баттай зогсч, Грект боломж олгоогүй юм.  Яриа хэлэлцээрийн байдал эсрэг талд гарах магадлал өндөртэй болсноор арга мухардсан Грекийн Ерөнхий сайд А.Ципрас гэнэт л хэмнэлтийн хатуу бодлогыг хүлээн зөвшөөрөх эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ гэсэн саналыг гаргаж, энэ сарын 5-ны өдөр санал асуулгыг явуулна гэж зарласан билээ. 

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2015-07-12 13:06:36
    Монгол сөнөтүгэй. Харуудаас дор халтрууд хэнд хэргтэй yum
    150.129.140.5
    Мэдэгдсэн Хариулах
  • аааа 2015-07-07 00:58:36
    сонголт нь арай шийлэгдээгүй байнаө. аль нь ч гэсэн хатуу байх юм байна. манай эргүү малууд ийшээ зүтгээд байгаа биш үү. ЯАХ? ЯАХ...
    203.194.114.118
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-07-06 17:10:20
    Грекчүүд Европын холбооноос гарна. Өөр ирээдүй байхгүй.
    150.129.143.88
    Мэдэгдсэн Хариулах